
Цахим орчин дахь залилангийн гэмт хэрэг ихсэж байна.
Цагдаагийн байгууллагаас өмнө нь “Ятгах тусам нягтал”, “Залилагчид боломж бүү олго” зэрэг хэд хэдэн залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ хэрэгжүүлсэн ч залилагчдын арга нарийсаж, цахим сүлжээнд төвлөрсөн залилан хийж байна.
Иргэдийн цахим орчны хэрэглээ өсөхийн хирээр залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэгч этгээдүүд энэхүү орон зайг ашиглан бусдыг хохироож байна. Тухайлбал: 2021 онд залилах гэмт хэргийн 60 орчим хувь нь цахим орчинд үйлдэгдсэн байна. Залилах төрлийн гэмт хэрэг сүүлийн дөрвөн жилийн дотор улсын хэмжээнд 5 дахин өссөн үзүүлэлттэй гарчээ. 2022 оны эхний таван сарын байдлаар нийт бүртгэгдсэн цахимаар залилах гэмт хэргийн 1233 буюу 34.1 хувь нь “Фэйсбүүк” сүлжээгээр дамжуулан мөнгө зээлэх, бараа худалдан авалт хийх, цахим орчинд харилцаа тогтоон тухайн хүнийхээ илтгэлийг олж мөнгө шилжүүлэх хүсэлт илгээх, бага хүүтэй зээл санал болгож урьдчилгаа шимтгэл авах, олны танил хүмүүс болон байгууллагын нэрийг барьж азтан тодруулах зэргээр залилсан бол 196 буюу 5.6 хувийг иргэдийн эмчилгээний зардал хүссэн хандивыг ашиглаж залилсан байна.
Мөн сүүлийн жилүүдэд залилах төрлийн гэмт хэрэг үйлдэгчдийн арга, заль улам нарийсаж, гэр оронгүй, хаягийн бүртгэлгүй иргэдийн нэр дээр банкны данс нээлгэж, дансны мэдээллийг өөртөө авч үлдэж, бэлтгэсэн хуурамч дансандаа хохирогчдоос мөнгө шилжүүлүүлэн авч байгаа нь энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэхэд хүндрэл болж байгааг албаны хүмүүс онцолж байна.
Амар хялбар аргаар мөнгө олох гэсэн сэдэл нь иргэдийг залилан мэхлэх гэмт хэргийн хохирогч болгосоор байна.Цагдаагийн байгууллагад бүртгэсэн залилангийн гэмт хэргийг судлахад, иргэд нийгмийн цахим сүлжээнд бусдад хууртах, бодит байдлыг нууж, төөрөгдүүлэх, олон шатлалын маркетинг, пирамид тогтолцоотой луйврын аргад ихээр автах болжээ.
Сүүлийн үед гадаадын гэмт этгээдүүд интернет сүлжээг ашиглан Монгол Улсын иргэн аж, ахуйн нэгж байгууллагуудыг залилах тохиолдол гарах болсон. Мөн бусдын итгэлийг олж хуурч мэхлэх аргаар эд хөрөнгийг нь өөрийн болгох, дансаар мөнгийг нь шилжүүлж авах зэрэг залилан үйлддэг. Тухайлбал, гадаадад суралцуулна, виз гаргана, диплом болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, газрын бичиг баримт гаргаж өгнө хэмээн залилах тохиолдол олширсон.
Түүнчлэн цахим хэлбэрээр залилах гэмт хэрэг нь хуурамч гүйлгээ хийх, хуурамч байгууллага бий болгох, гэмт хэргээ далдлахын тулд зохиомлоор дампуурах, сүлжээний бизнес, гоо сайхны болон гадаад улсаас уран зураг, эм бэлдмэл оруулж ирнэ гэх зэргээр шатлал бүхий сүлжээ үүсгэж бусдыг их хэмжээгээр хохироох, бусдын дансыг ашиглах, ялангуяа банк санхүүгийн салбарт албан тушаалын давуу байдлаа ашиглан байгууллагынхаа нууц код, тэмдэгтийг хэрэглэх, хуурамч гүйлгээ хийх замаар үйлдэж байна.
Цахим гэмт хэрэгтнүүдийн гадаад орноос ашиглаж буй цахим болон IP хаяг нь хуурамч, олдох боломжгүй, олон улс дамнасан байдгаараа ээдрээ төвөгтэй.
Залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэгчид иргэдийн итгэлийг ашиглан хохироож байна. Танд зээл өгнө, мөнгө явуулсан, та азтан боллоо хэмээн харилцаж буй хүн бол гэмт этгээд гэдгийг үргэлж санаж, мессежээр харилцахгүй байхыг анхааруулж байна.
Цахим залилан нь иргэдийн сошиал хаягийг судлан ганц бие эмэгтэйчүүдийг онцлон харилцаа тогтоодог. Жишээлбэл: Өөрийгөө гадаад улсад удирдах албан тушаалтан хашдаг хэмээн танилцуулж удаан хугацааны турш онлайнаар харилцаж итгэлийг олж, Монгол Улсад очиж хамт амьдарна хэмээн итгүүлж их хэмжээний мөнгө шилжүүлэн авсан тохиолдол гарчээ.
Худалдаа бизнес эрхэлдэг хүмүүс энэ хэргийн хохирогч болох нь элбэг. Мөнгөө богино хугацаанд өсгөх зорилготой залилуулсан хүний 70 хувь нь өөрийнхөө мөнгөөр биш, хүнээс зээлж авсан мөнгөө өгч бусдад залилуулсан байдаг байна.
Мөн хэн нэгний фэйсбүүк рүү код хуулах программ явуулж, линк рүү ороод лайк дараад дэмжээд өг гэх бөгөөд лайк дарангуут таны код шууд тусгайлан бэлдсэн программаар хуулагддаг. Дараа нь таны фэйсбүүк хаягны кодыг өөрчилж чатыг нь шалгаж хэнтэй их харилцдаг вэ гэдгийг судлан мөнгө зээлээч гэх утга бүхий мессэж явуулж эхэлнэ. Ийм аргаар дөрвөн хүн тутмын нэгээс нь заавал мөнгө авсан байдал шалгалтаар тогтоогдсон байсан байна.
Иймд эдгээр утга бүхий мессеж явуулж хандалт хийж буй үйлдэлд итгэж болохгүй, мөн танихгүй хүнийг найзаар байлгах, өөрсдийн хувийн мэдээллээ сайтар нууцлаагүйгээс гэмт этгээдүүдийн хохирогч болж байгаагаа ойлгох хэрэгтэй. Хэрвээ та цахим орчинд фэйсбүүкийг өдөр тутам ашигладаг бол долоо юм уу арав хоногт нууц үгээ сольж байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна. Ингэснээр та хуурамч сайтаар дамжин өөрийгөө гэмт хэргийн хохирогч болохоос хамгаалж чадна.