Хүний хувийн мэдээлэл хамгаалах талаарх эрх зүйн зарим зохицуулалт

Сүүлийн жилүүдэд үйлчилгээний байгууллагууд хэрэглэгчийн худалдан авалтын үнийн дүнд суурилсан оноо цуглуулах, хувь хүнийг таньж баталгаажуулах зорилгоор иргэний биеийн давхцахгүй өгөгдөл /хурууны хээ/ болон хувь хүний бусад мэдээлэл цуглуулах нь түгээмэл байгаа бөгөөд  ингэхдээ хүний хувийн мэдээллийг тухайн хувь хүнд урьдчилан мэдэгдэж зөвшөөрөл авалгүйгээр цуглуулах, анх цуглуулсан зорилгоос өөр зорилгоор ашиглах, хүний хувийн мэдээлэл алдагдах зэрэг эрсдэл үүссэн үед Хувь хүний нууцын тухай хуулийг хэрэглэхэд зохицуулалт нь хэт ерөнхий, тунхаглалын шинжтэй байгаа учраас Монгол Улсын Их Хурлаас тус хуулийг шинэчлэн “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль”-ийг баталж, 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн.

"Хүний хувийн мэдээлэл" гэж хүний эмзэг мэдээлэл болон хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, төрсөн газар, оршин суугаа газрын хаяг, байршил, иргэний бүртгэлийн дугаар, хөрөнгө, боловсрол, гишүүнчлэл, цахим тодорхойлогч, хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох, эсхүл тодорхойлох боломжтой бусад мэдээллийг ойлгоно.  Мөн хөрөнгийн мэдээлэл, эрүүл мэндийн мэдээлэл гэх зэрэг мэдээллийн төрлүүдийг хуульчлан тодорхойлж өгсөн.

Мэдээллийн эзэн дараах эрхтэй.

  1. мэдээлэл цуглуулах, дамжуулах зөвшөөрлийг сайн дурын үндсэн дээр мэдээлэл хариуцагчид өгөх, өгөхөөс татгалзах;
  2. өөрт хамааралтай мэдээллийг цуглуулсан, боловсруулсан, ашигласан эсэхийг мэдэх;
  3. мэдээллийн эзэнд хамааралтай мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулсан, эсхүл дамжуулахаар бол тухайн гуравдагч этгээдийн талаар мэдэх;
  4. алдаатай мэдээллийг залруулах талаар мэдээлэл хариуцагчид мэдэгдэж өөрчлөлт оруулах, нэмэлт мэдээлэл өгч тусгуулах;
  5. хуульд заасны дагуу өөрийн мэдээллийг устгуулах талаар мэдээлэл хариуцагчид мэдэгдэж устгуулах;
  6. мэдээллийг хууль тогтоомжийн дагуу цуглуулахыг хориглосон, устгахаар заасан бол хэрэгжүүлэхийг шаардах;
  7. өөрт хамааралтай мэдээллийн хуулбарыг мэдээлэл хариуцагчаас цаасан, эсхүл цахим хэлбэрээр гаргуулан авах;
  8. Цахим болон цаасан хэлбэрээр авсан мэдээллийн хуулбарыг өөрийн сонгосон мэдээлэл хариуцагчид дамжуулах;
  9. мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах үйл ажиллагааны явцад цуцлах хүсэлт гаргах, энэ тухайгаа мэдээлэл хариуцагчид бичгээр мэдэгдэх;
  10. мэдээллийг боловсруулсны үр дүнд гарсан шийдвэрт гомдол, тайлбар гаргах, нэмэлт мэдээллийг оруулах, мэдээллийг дахин боловсруулахыг шаардах

Мэдээллийн эзний үүрэг

  1. өөрт хамааралтай мэдээллийн үнэн зөв байдлыг хангах, мэдээллийг хамгаалах;
  2. алдаатай мэдээллийг залруулах талаар мэдээлэл хариуцагчид мэдэгдэж өөрчлөлт оруулах, нэмэлт мэдээлэл өгч тусгуулах;
  3. өөрт хамааралтай мэдээллийн хуулбарыг мэдээлэл хариуцагчаас цаасан, эсхүл цахим хэлбэрээр гаргуулан авсан өөрийн мэдээллээ гуравдагч этгээдэд дамжуулахдаа бусдын эрх, эрх чөлөөг зөрчихгүй, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй байх.

Хүний хувийн мэдээлэл хамгаалах хуульд заасан эрх, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл хаана хандах вэ?

Төрийн байгууллагын мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах үйл ажиллагааны улмаас Таны эрх зөрчигдсөн гэж үзвэл тухайн байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй.

Төрийн байгууллагаас бусад этгээд Таны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл гомдлоо эрх бүхий байгууллага эсхүл Хүний эрхийн Үндэсний Комисст гаргаж шийдвэрлүүлнэ. Дээр дурдсан байгууллагуудын шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно.

Төстэй мэдээ