БОЛОВСРОЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ “ДЭЭД БОЛОВСРОЛ”

Боловсролын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т зааснаар “Монгол Улсын иргэн бүх шатны боловсролыг хуульд заасан нөхцөл, журмын дагуу төлбөргүй буюу төлбөртэйгөөр сурч эзэмших, ажил эрхлэхийн зэрэгцээ суралцах эрхтэй”.

Дээд боловсролын сургалтын байгууллага нь их сургууль, дээд сургууль, коллеж байна. Их сургууль, дээд сургууль, коллежид бүрэн дунд буюу түүнээс дээш боловсролтой иргэнийг түүний мэдлэг, чадвар, төлөвшилтийн үнэлгээ, сурах чадварыг харгалзан элсүүлнэ. Оюутан элсүүлэх үйл ажиллагаа нь ил тод, шударга, хүртээмжтэй, тэгш байдлыг хангасан байна. Дээд боловсролын сургалтын байгууллага нь элсэгч монгол хэл, бичгийн шалгалт болон ерөнхий шалгалтад авсан байх онооны босго тогтоож мөрдөнө. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон үндэсний хэмжээний босго оноог харгалзан сургуулийн оноог тогтооно. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны "Босго оноо тогтоох тухай"  А/138 дугаар тушаал. Линк:https://www.meds.gov.mn/post/118714

Их сургууль нь бакалавр, магистр, докторын зэрэг олгох сургалт эрхлэхээс гадна судалгааны ажил зонхилсон лаборатори бүхий эрдэм шинжилгээ-сургалт-үйлдвэрлэлийн нэгдэл хэлбэртэй дээд боловсролын сургалтын байгууллага байх бөгөөд их сургууль нь магистр, докторын сургалт дагнан эрхэлж болно.

Дээд сургууль нь шинжлэх ухааны тодорхой чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил явуулж бакалаврын сургалт эрхлэх эрх бүхий сургалт-эрдэм шинжилгээний байгууллага мөн. Дээд сургууль нь магистрын сургалт эрхэлж болно.

Коллеж нь дипломын болон бакалаврын сургалт эрхэлдэг сургалтын буюу сургалт-үйлдвэрлэлийн байгууллага байна.

Дээд боловсрол эзэмшүүлэх дипломын сургалт 90 багц цагаас доошгүй байх бөгөөд өмнөх түвшний сургалтын багц цагийг оролцуулан

  • Бакалаврын сургалт 120-оос,
  • Магистрын сургалт 150-аас,
  • Докторын сургалт 210 багц цагаас тус тус доошгүй байна.  Дээд боловсролын зэрэг нь багц цагаар хэмжигдэх дипломын, бакалаврын, магистрын, докторын шатлалтай байна.

Дээд боловсролын агуулга нь нэгдмэл бөгөөд суралцагчид шинжлэх ухаан, технологи, нийгэм-хүмүүнлэгийн тодорхой чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, үйлчилгээний хүрээнд мэргэжлийн өндөр түвшинд ажиллах, судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэх, бие хүн өөрийгөө нээж хөгжүүлэх мэдлэг, чадвар, дадал эзэмшүүлж, соёл төлөвшүүлэхэд чиглэгдэнэ.  

 

Төстэй мэдээ