ХОСОЛСОН ESEL СУРГАЛТЫН БАГШ НАР ТУРШЛАГАА СОЛИЛЦОЖ, АЖЛАА ДҮГНЭВ
Хүүхдийг Ивээх Сан “Орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол” олгох төслийг 2020 оноос Ховд, Завхан, Өвөрхангай, Говьсүмбэр, Сүхбаатар аймагт хэрэгжүүлж байна.
2022 оны 10 дугаар сараас төслийн 5 аймгийн 10 суманд хосолсон ESEL сургалтыг анх удаа туршин хэрэгжүүлсэн юм. Үүнтэй холбогдуулан хосолсон ESEL сургалтын чиглүүлэгч багш нар 2023 оны 03 дугаар сарын 02-03-нд Улаанбаатар хотод семинарт хамрагдаж, туршлагаа солилцлоо.
Уг семинарт ESEL хөтөлбөрийг танхим болон зайн хэлбэрээр хослуулан хэрэгжүүлж буй сумдын ерөнхий боловсролын сургууль, насан туршийн боловсролын нэгжийн багш, аймгийн Насан туршийн боловсролын төвийн захирлууд оролцлоо.
Энэхүү арга хэмжээг нээж Боловсролын ерөнхий газрын Насан туршийн боловсролын хэлтсийн дарга Г.Одбаатар хэлсэн үгэндээ “Хосолсон ESEL сургалт нь насан туршийн боловсролын салбарын нэр хүндийг өргөж, бидний үйл ажиллагааг өргөжүүлсэн нь чухал ач холбогдолтой боллоо” хэмээн онцлов.
Хүүхдийг Ивээх Сангийн “Орон нутгийн өсвөр үеийн хүүхэд залуучуудад хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийн менежер Ё.Нямдаваа арга хэмжээг нээж хэлэхдээ: “Хосолсон ESEL сургалт маань суралцах боломжгүй хүмүүст сурах боломжийг нээж өгч байгаа нь онцлог юм. Хэдхэн сарын өмнө бид цаасан дээр хөтөлбөрөө эхлүүлж байсан бол одоо хуваалцах туршлага, олж авсан сургамжтай, ярих зүйлстэй болсон учраас өнөөдөр энд цугларлаа. Анхны ESEL сургалтад 200 хүн хамрагдсанаас 198 нь төгсөж, 2 нь завсардсан байна. Бид олон асуудал, бэрхшээлтэй тулгарсан ч амжилттай давж чадлаа” хэмээн тодотгов.
Төстэй мэдээ