Хүүхэд бүрт өөрийн эрхэм чанар бий /1 дүгээр хэсэг/

Хүүхдийг ивээх сангийн Хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн засаглалын хөтөлбөрүүдийн менежер Э.Цолмонтой хийсэн ярилцлага

- Сайн байна уу? Хүүхдийг ивээх сангийн Улаанбаатар хотын бүх дүүргийн 6,8,10 дугаар ангийн 11-16 насны 1236 сурагчийг хамруулан хийсэн судалгаагаар сурагчдын 37,9 хувь нь ямар нэг байдлаар дээрэлхүүлж доромжлуулсан, хөвгүүдийн дунд бие махбодын хүчирхийлэл, охидын дунд сэтгэл зүйн хүчирхийлэл гардаг гэсэн судалгааг маш олонтаа эш татан ярьж байна. Энэ судалгааныхаа тухай дэлгэрэнгүй ярьж өгөөч.

- Монгол Улсад энэ талаар анх 2017 онд тус судалгаанд ерөнхий боловсролын сургуулийн 6, 8, 10 дугаар ангийн нийт 1236 хүүхэд хамрагдаж судалгаанд оролцсон. Тухайн судалгааны хүрээнд “Хүүхдийн эрхийн асуудал” болон “эрхийн хэрэгжилт” ямар түвшинд байгаа талаар хүүхдүүд өөрсдөө яаж үнэлсэн болон ялангуяа хүчирхийлэлтэй холбоотой хамгийн сэтгэл зовоосон асуудлуудыг гаргаж ирсэн байдаг. Үүнд: бие мах бодийн хүчирхийлэл, үе тэнгийнхний дарамт, сургууль багшийн харилцаа, эцэг эхийн харилцаан дахь сэтгэл зүйн хүчирхийлэл болон багш, хүүхдүүдийн хоорондох хүүхдийн эрхийн зөрчлийн төвшинг тогтоосон.

Гол зорилго нь шийдвэр гаргах түвшинд хүүхдийн дуу хоолой бодитой тусдаг уу? Хүүхдүүд өөрсдийн үгээ хэлсэн ч хүмүүс шийдвэр гаргах түвшний хүмүүс үгийг нь тоож байна уу? Үл тоож байна уу? гэдгийг тогтоох явдал байлаа. Хүүхдүүдийн 86 хувь нь шийдвэр гаргагчид хүүхдүүдийн дуу хоолойг сонсож байж хүүхдийн эрх бодитоор хэрэгжинэ гэдгийг илэрхийлсэн байгаа. Хүүхдүүд үзэл бодлоо илэрхийлэх боломж маш бага, бараг боломжгүй гэж 87,4 хувь нь үзсэн байна.

Академик боловсрол олгох талаар болон сургуулийн үдийн хоол, завсарлага, ангийн ажил гэх мэт сургуультай холбоотой үйл ажиллагааны талаар хүүхдүүдтэй огт ярилцдаггүй. 20,3 хувь нь ховор тохиолдолд хүүхдүүдээс санал авдаг гэсэн бол 13,2 хувь нь хүүхдүүдээс огт санал авдаггүй гэж тодорхойлсон. Мөн тухайн судалгааны хүрээнд сургуулийн зүгээс хураадаг элдэв мөнгө нь хүүхдүүдийн амьжиргааны түвшинд ямар нөлөө үзүүлдэг талаар мэдэхийг зорьсон. Ямар нэгэн зүйлд зориулж сургуульдаа мөнгө хураалгасан уу гэж асуусан асуултад хүүхдүүдийн 81,2 хувь нь сургууль нь ямар нэгэн байдлаар мөнгө хураадаг гэж хариулсан. Гэхдээ боловсролын тухай хуульд сургуулийн хүүхдүүдээс мөнгө хураахгүй байх зарчмыг дэмжиж ажиллаж байгаа юм. Гэтэл судалгааны үр дүнд 81,2 хувь нь сургуулийн зүгээс мөнгө хураасан гэсэн ба 55 хувь нь тохижилт, цэвэрлэгээний зориулалтаар мөнгө хураасан гэж хариулсан байна. Энэ нь тухайн сургуульд тохижилт, цэвэрлэгээтэй холбоотой ямар нэгэн зардал төсөвлөгдсөн байдаг эсэх талаар анхаарал татаж байна. Аль хэдийн төсөвлөсөн байхад зарцуулахгүй байна уу? Эсвэл заавал хүүхдүүдээс нэмэлтээр мөнгө татах шаардлагатай юу гэдэг асуудлууд гарч ирж байна. Төлбөрийн асуудлаас болж сургуулийн зарим үйл ажиллагаанд хүүхдүүд оролцож чаддаггүй гэж судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 18,9 хувь нь хариулсан нь бас нэг анхаарал татах зүйл болж байгаа юм. Үүнийг тодруулаад үзвэл 20,9 хувь нь төлбөр, хувцас хэрэглэлээс болж сургуулийн зүгээс зохион байгуулж байгаа зарим үйл ажиллагаанд оролцож чаддаггүй гэсэн нь бага орлоготой айл өрхийн хүүхдүүдийн хувьд хүүхдийн хөгжилд чиглэсэн үйл ажиллагаанд хамрагдах нь хязгаарлагдмал байгааг харуулж байна. Энэ нь хүүхдүүд өөрсдийгөө хөгжүүлэх элдэв дугуйланд хамрагдаж чадахгүй байна гэсэн үг юм.

Үе тэнгийнхний дарамт, гадуурхалт, хүчирхийлэлд хүүхдүүд маш их өртсөн байсан. Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 37,9 хувь нь ямар нэгэн байдлаар дээрэлхүүлж, доромжлуулсан байна. Энэ нь ерөнхийдөө сургуулийн орчинд, үе тэнгийнхний дунд болсон байдаг. Бусад хүүхдийг зодуулж, дээрэлхүүлж байхыг 10 хүүхэд тутмын 4 нь харж байсан байгаа юм. Дарамтлуулж, шоовдорлуулсан бол хэнд хандахаа огт мэдэхгүй хүүхдүүд 84,2 хувьтай байна. Өөрөөр хэлбэл үе тэнгийнхний дарамт хүчирхийлэл, хүүхдийн эсрэг хүчирхийллийн хохирогч болчихоод дарамтлуулж, шоовдорлуулсан 10 хүүхдийн 8 нь хэнд хандахаа мэдэхгүй байна.

Мөн бид сэтгэлийн зовуурийн төвшинг нэг долоо хоногоос илүү хугацааг авч үздэг. Нэг долоо хоногоос илүү хугацаанд гутарч, ямар нэгэн байдлаар сэтгэлийн зовуурьтай байсан уу? гэдэг асуултад 10 хүүхдийн 6 нь тийм гэж хариулсан энэ үзүүлэлт нь 62,4 хувьтай гарсан нь маш өндөр үзүүлэлт юм. Ямар нэг сэтгэл зүйг нь зовоож буй асуудал гарвал 10 хүүхдийн 8 нь хэнд хандахаа мэдэхгүй байна. Нийтийн тээвэр, гудамж, цахим орчны аюулгүй байдлын судалгаанд хамрагдсан олон хүний санааг зовоож байгаа зүйл нь нийтийн тээвэр нь охидын хувьд аюултай газар гэдэг асуудал гарч ирсэн. Ялангуяа нийтийн тээврээр үйлчлүүлэхэд бэлгийн хүчирхийлэлтэй холбоотой үйлдлүүд эрэгтэй хүний зүгээс хийгддэг тухай асуудал хөндөгдсөн. Охидын 35,6 хувь нь оройн цагаар нийтийн тээврээр үйлчлүүлэхэд аюултай байдаг. Учир нь бие, эрхтэнд нь зөвшөөрөлгүй хүрэх мөн бэлгийн хүчирхийллийн зарим үйлдлүүд нь автобусанд үйлдэгдсэн байгаа юм. Мөн судалгаагаар гэр, сургуулийн зам нь аюултай орчин гэдэгтэй  20,5 хувь нь санал нийлсэн. Насанд хүрсэн хүний зүгээс сурагч охидтой бэлгийн харилцааны талаар ярилцахыг оролдсон асуудал олон гарч байна. Тухайн насанд хүрсэн хүмүүс нь эрэгтэй хүмүүс байсан гэж судалгаанд оролцсон нийт охидын 4,1 нь хариулсан. Энэ нь 10 охин тутмын 4 нь тухайн асуудалд өртөж байгааг харуулж байна. Энэ нь насанд хүрсэн эрэгтэй хүний зүгээс бэлгийн харилцааны талаар ярилцах гэж интернэтээр холбогдож байна гэсэн үг юм.

Хүүхдүүдийн 67 хувь нь интернэтийг аюулгүй ашиглах арга мэдэхгүй, өмнө нь хэн ч интернэтийг аюулгүй ашиглах талаар заавар, зөвлөмж өгч ярилцаж байгаагүй гэжээ. Энэ мэтчилэн маш олон зүйлүүд гарна. Манай судалгаа нь https://savethechildren.mn/ сайтад байршсан байгаа. 2017, 2018, 2020 онд хийгдсэн өсвөр үеийн дуу хоолой гэдэг судалгаанд хүүхдүүдтэй хийсэн бүлгийн ярилцлага болон ганцаарчилж хийсэн ярилцлагуудыг үзэж болно. Үүнд хүүхдүүд өөрт тулгамдсан бодитой кэйсүүдийг ярьсан байгаа. Мөн үе тэнгийн хүүхдүүдийн дарамт хүчирхийллийн талаар анхаарал татсан сонирхолтой гэхээс илүү сэтгэл эмзэглүүлэхээр кэйсүүд гарч ирсэн.

Үе тэнгийнхэн буюу хүүхдүүд дунд ямар хүүхдүүд бусад хүүхдийг дээрэлхэж хүчирхийлэгч болж байна вэ гэдэг асуулт гарч ирж байна. Хүүхдийн аюулгүй байх эрхийн асуудлаар дээрэлхүүлж доромжлуулсан уу гэдэг асуултад бүлгийн болон ганцаарчилсан ярилцлагын үеэр хүүхдүүд дараах зүйлийг хэлж байсан. Үе тэнгийнхний дээрэлхэлт, хүчирхийлэл охид хөвгүүдэд ялгаатай тусдаг. Хөвгүүдийн эсрэг үе тэнгийнхний хүчирхийлэлд илт дээрэлхэх, зодох, үгэндээ оруулах зэрэг байдаг бол охид илүү хорон байдаг гэж нэг хүүхэд хариулсан байсан. Ингэж хариулсан шалтгаан нь тухайн хүүхдийн нэр хүндийг унагаах сургууль дээр нь эсрэг фракц үүсгэх, цахим орчинд өөр хүүхдээр дамжуулан доромжлох зэргээр илэрдэг байна. Байж суух газаргүй болтол нь дарамталж, хүчирхийлдэг. Энэ нь илүү ихээр сэтгэл гутралд оруулж байдаг ба хөвгүүдийн бие биеэ зодох асуудлаас илүү байдаг ба ийм асуудлаас болж өмнөх сургуулиас шилжсэн гэх кэйсүүд бас нэлээн байна. Дээрэлхэлтийг зогсоох талаар эрэгтэй хүүхдүүд болон багш нарын асуудлын талаар бас хөндөгдсөн. Зарим багш хүүхдүүдийг алагчилж харьцдаг гэсэн ба тухайн хүүхэд багш нарынхаа дунд нэр хүндтэй учраас заримдаа яг адилхан гэм буруутай зүйл хийсэн байхад найзад нь сахилгын шийтгэл өгөөд өөрийг нь зүгээр өнгөрөөдөг. Өөрөөр хэлбэл багш түүнд шударга бус хандаж байна гэж үздэг талаараа ярьсан бичлэг байгаа юм.

- Алагчилж харилцах нь хүчирхийлэгч болох үндэс болж байна гэсэн үг үү? Ер нь үе тэнгийхний дээрэлхэлт, дарамт юунаас эхтэй байдаг юм бэ?

- Хүчирхийлэгч болох үндэс гэдгийг арай өөрөөр хэлж тайлбарладаг. Сургуулийн орчинд хүчирхийлэл, дарамтаас ангид байх, хүүхдийг аюулгүй байх талаар бид олон төрлийн үйл ажиллагаа хэрэгжүүлдэг. Өөрөөр хэлбэл хулгайд элдэв зүйлээ алдахгүй, дээрэмдүүлэхгүй байх орчин гэх мэтээр. Мөн хөвгүүдийн хувьд өөрийгөө дээрэлхүүлж, доромжлуулсан талаар бусдад нээлттэй хэлж чаддаггүй. Хэлбэл үе тэнгийнхэн нь “гоожуур” гэж доромжилдог, эцэг эхийн зүгээс” эр хүн байж хариуг нь өгөхгүй яасан юм юм, зөрүүлээд цохиод авахгүй яасан юм, хохь нь” гэж шүүмжлэх нь түгээмэл байна. Эрэгтэй хүүхэд, эмэгтэй хүүхэд хүчирхийлэлд өртөх хэлбэр нь ялгаатай байдаг.

Үе тэнгийнхний дээрэлхэлт, дарамт нь ялгаварлан гадуурхалт хэмээх ойлголттой салшгүй холбоотой ба хүний эрхийн боловсролын асуудлаас илүүтэйгээр анхаарал татаж байгаа сэдэв нь хүчирхийлэлт зан төлөв юм.

Хүүхдүүд хүчирхийлэлт зан төлөвийг таньж мэдэх нь их чухал. Сөрөг сэтгэл хөдлөлөө бусдад хор хөнөөлгүй илэрхийлж чадах чадварыг олж авч чадсан эсэх зэрэг олон зүйлүүд нөлөөлж байна. Үе тэнгийнхний учруулж байгаа дарамт нь хүүхдүүдийн ар гэрт нь ямар яриа явагддагаас их нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл ар гэрт нь эцэг эх нь хүүхдийнхээ дэргэд хэн нэгэн хүнийг доош нь хийх, хүндэтгэлгүй харилцах, доромжлох, хүмүүсийг хооронд харьцуулах, хэн нэгний сул талыг дөвийлгөж ярих гэх мэт хандлага нь хүүхдэд сургуулийн орчин мөн бусад хүүхдийг ялгаварлан гадуурхаж, хүүхдийн сул талыг ярьдаг, сул талаар нь алагчилж харилцдаг гэх мэт зан төлөвийг аажмаар бий болгодог байна. Иймээс үе тэнгийнхний дарамт, хүчирхийлэл нь насанд хүрэгчидтэй холбоотой. Нэгдүгээрт эцэг эх, хоёрдугаарт сургуулийн орчин, гуравдугаарт багш нөлөөлдөг.

Багш хүн ялгаварлан гадуурхах зүйлийг хийж байгаа бол багш өөрөө ялгаварлан гадуурхагч бол, эсвэл нэг хүүхдийн үнэлгээг нийтийн дунд задлах, эсвэл субьектив хандлагаар хүүхдийн хөгжлийн явцыг үнэлэх. Эсвэл чиний буруу, чиний зөв, чи зөв хүүхэд биш байна гэх мэт зүйлийг нийтийн дунд хэлэх нь мөн нөлөөлдөг байна. Иймээс хүнд таалагдаж амьдрах гэдэг зүйлийг хүчээр хийхээс өөр аргагүй болдог байна. Жишээ нь хүүхэд багшдаа таалагдах үйлдэл хийх нь илүү чухал. Эсвэл эцэг эх хоёр минь надад хэрэгцээтэй гар утас, бусад зүйлийг авч өгөх учраас зөвхөн эцэг эхдээ таалагдахын тулд аав ээждээ зориулж амьдарч байна.  Гэтэл хүүхэд өөрөө эрхэм чанартай буюу бүх хүүхдүүдэд хүний эрхэм чанар гэж бий. Энэ нь бусад ямар нэгэн зүйлээс хамааралтай биш тухайн хүний өөрийн зарчим, өөрийн үнэт зүйлс байдаг гэдгийг ойлгуулах. Хүүхдүүдийн хүсэж байгаа зүйлийг хангаж, өөрийн үгээр байлгаснаар эцэг эхчүүд миний хүүхэд сайн байгаа, зөв байгаа гэж буруу харж дүгнэдэг. Гэтэл хүүхдүүд өөр орчинд өөр харилцаа үүсгэж явж байдаг. Хүүхэд эцэг эхээсээ суралцаж байгаа учраас бусад орчинд эцэг эхээсээ сурсан зүйлсээ ярьж хэлж байдаг. Урьд нь бидний бага ахуйд эцэг эхчүүд хүн гэж ярьдаг байсан. Жишээ нь: Хүн ирж байна, хүн харж байна гэх мэтээр хүн гэж л хардаг байсан. Энэ нь хүн гэдэг өөрөө эрхэмсэг оршихуй мөн ба хүмүүс хоорондоо хүндэтгэлтэй харилцах ёстой юм байна гэдэг ойлголтыг суулгадаг байсан. Ямар ч ажил мэргэжлийн хүн орж ирсэн ялгаварлалгүй харилцдаг, хүний эрхэм чанарын тухай ойлголттой гэр бүлд байгаа хүүхдүүд өөр ямар ч орчинд очсон хүнийг дээрэлхэж дарамтлах нь бага.

Хүүхдүүд дунд “атаман” гэх ойлголт байдаг байсан. Орчин үед хөвгүүдээс илүү охидын хүмүүжил илүү тулгамдсан сэдэв болоод байна.  Охид хоорондын харилцаа илүү эрсдэлтэй болж үе тэнгийнхний дарамт, хүчирхийлэл маш олон гарч байна. Үүнд дээрэлхэлт, дээрэм гэх мэтчилэн үүсэж байна. Хүний эрхийн ойлголт, соёлыг эцэг эх болж буй хүмүүст ойлгуулах, тодорхой боловсрол олгохгүйгээр сургуулийн системд ялгаварлан гадуурхалтгүй болно гэдэг зүйл боломжгүй юм. Хүүхдүүдийн өмнө багш нар бие биеэ ялгаварлан гадуурхах тохиолдол байдаг. Аливаад хамтарч ажиллаж байгаа хүмүүсийн үе хоорондын ялгаа нь дарамттай холбоотой. Багш нарын хооронд ялгаварлал гарч ирвэл сургуулийн орчин буюу ангид ч ялгаварлал гарч ирдэг. Ажлын байранд буюу эцэг эхийн ажлын орчинд ялгаварлан гадуурхалт байдаг. Дарамтаас гарах гэж оролдож буй зарим үйлдэл нь дарамталж байгаа хүний таашаалыг хангах үйлдлүүд байдаг. Энэ зан үйл төлөв нь хүүхдүүдэд эцэг эхээс хуулбарлах байдлаар илэрдэг. Хүний эрхэм чанар гэдэг зүйл маш чухал. Энэ чухал зүйлийг хүмүүс хүүхдүүд ойлгохгүй байгаа. Ялгаварлан гадуурхалт гэдэг нь яагаад буруу болохыг ойлгуулах хэрэгтэй. Хүний эрхийн төлөө ялгаварлан гадуурхалт буруу гэж ярьдаг хүмүүс ч өөрийн мэдэлгүй ухамсаргүй түвшинд ялгаварлан гадуурхалт хийж байдаг. Иймээс ялгаварлан гадуурхалтыг янз бүрийн хичээлийн агуулгаар дамжуулан ойлгуулах хэрэгтэй.

Хүний эрх, хүүхэд хамгаалал гэх мэт ажлууд нь хүнлэг байх, энэрэнгүй байх ойлголтыг суулгах, ойлгуулахад чиглэгддэг. Эдгээр нь боловсролын цөм суурь нь НҮБ-ийн хүүхдийн эрхийн хороонд 2001 онд гаргасан Боловсролын ерөнхий зорилгын тухай зөвлөмжид байдаг. Үүнд боловсрол ямар зорилготой, сургууль нь ямар утга учиртай газрыг тайлбарладаг. Сургууль нь шинжлэх ухааны ойлголтыг хүүхдэд өгдөг. Хүүхдийг мухар сүсгээс гаргаж, шинжлэх ухааны мэдлэг олгох, мөн хүүхэд хүн болохыг сурдаг гэсэн байдаг. Хүүхэд бүрийн эцэг эх, ар гэрийн нөхцөл байдал өөр. Хүүхэд боловсролтой, боловсролгүй, ёс  зүйтэй, ёс зүйгүй, архичин гэх мэт янз бүрийн эцэг эхтэй, амьдрах орчинтой ба тухайн гэрийн хаалганы цаана ямар ч амьдрал байж болно. Гэхдээ хүүхэд бүр сургууль гэдэг соён гэгээрүүлэх газарт ирж байгаа бол бүгд адилхан насан туршдаа биеэ авч явах, хэм хэмжээг ойлгох, өөртөө итгэх итгэлийг авч байх ёстой. Нэгдүгээрт хүн бүрт хүнлэг хандахыг сургадаг. Хүний эрхэмсэг оршихуй юу болох, хүнтэй яаж хүнлэг харилцах, хүн бүр ямар үнэ цэнтэй болохыг сурах ёстой газар ялгаварлан гадуурхалт бий болсноор соён гэгээрүүлэх биш зүгээр л тоо бодож чаддаг, бичдэг хүмүүсийг бий болгож байгаа юм. Иймээс боловсролын ерөнхий зорилгыг бид дахин гаргаж ирж, ойлгох чухал болоод байна.

Хүнлэг байх ойлголт нь маш энгийн боловч үүнийг хүүхдэд тайлбарлаж чадах багш байхгүй байна. Одоогийн нийгэмд дайн гарах шалтгаан нь ч мөн бие биеэсээ эрх мэдлээр давуу байх, хүч, хүчирхийлэлтэй холбоотой асуудал юм. Дэлхийн хоёрдугаар дайн гарсан шалтгаан нь ч мөн арьс өнгөөр нь ялгаварлан гадуурхах үзлээс болсон. Энэ ялгаварлан гадуурхалт гэдэг нь фашизмын нэг хэсэг бөгөөд фашист зан үйл, авир юм. Жишээлбэл: Түүхийн багш юм тайлбарлаж байхдаа хүний эрхийн асуудлыг хөндөж аливаа асуудлыг гарах шалтгаан, юунаас үүдэлтэйг тайлбарлах хэрэгтэй. Манайхан дээрэлхэлтийн дарамтыг шууд таслан зогсоох талаар л боддог. Гэтэл гудамж талбайд томчууд хүүхдүүд бие биеэсээ цохиж тоглож байхад яагаад болиулдаггүй вэ?  хүнд хүч хэрэглэж болдоггүй гэдгийг ямар ч хүн ялангуяа багш нар ойлгуулж, зогсоох ёстой. Сурагчид бие биесээ цохиж тоглож байхад тоохгүй орхидог энэ нь буруу юм. Ийм газарт хүүхдүүдэд үе тэнгийн дарамт, хүчирхийллийг нэг танхимд заагаад ойлгуулна гэдэг боломжгүй. Иймээс хүч хэрэглэнэ гэдэг нь юу вэ? гэдэг ойлголт гарч ирж байна.

Япон улсад хүүхэд хүмүүжлийн нэг арга байдаг. Хүүхдийг мэдээ орж эхлэхэд “Ханами” гэж нэрлэдэг хүүхдийг байгальтай танилцуулдаг үйл ажиллагаа болдог. Энэ нь хүүхдийг би байгалийн нэг хэсэг юм байна гэж мэдрэхэд сургадаг. Мөн хүүхдэд түүхэн баатар, самурайг танилцуулахдаа энэ хүн яагаад тухайн үйл хэрэгт ялсан, ямар учраас ялах шаардлага гарсан, энэ хүн ялснаар хэний амьдралыг сайжруулаад байгааг ойлгуулж, энэ хүн өөрөөр тэмцэж болох байсан уу гэж ярилцдаг. Гэтэл манай улс хүчирхийллийн тэс ондоо соёлтой орон болчихоод байна. Чингис хаантай холбоотой жишээ татъя. Гадаад ертөнц бол эвлэрэл, ухаалаг байдал, хүлцэх, хүлээн зөвшөөрөх, харилцан ойлголцох зүйлсийг үнэт зүйлс болгодог. Гэтэл манай түүхэнд Чингис хаан нь байлдан дагуулсан, булаан эзэлсэн, ямар нэгэн нутгийг хуйгаар нь сүйтгэсэн гэж түүхийн хичээлээр хүүхдүүдэд боловсрол олгодог. Гэтэл Япончууд хүүхдүүддээ баатрын тухай ярихдаа зөвхөн ялсан тухай биш ялагдсан тухай мөн ярьж өгдөг байна. Тухайн хүн юуны төлөө тэмцсэн, хэрхэн хийх, яах гэж хийв гэдгээс гадна эсрэг тал буюу ялагдсан тал нь яагаад ялагдсан тухай мөн ярьж өгдөг. Тэгэхдээ энэ тэмцэл зайлшгүй байх ёстой байсан уу гэдэг талаар тайлбарлаж өгдөг. Үүнээс биш байнга тэмцээд байгаарай, ялаад байгаарай гэж сургамжилдаггүй. Хүн хүнээ хүндлэх ёстой гэж сургадаг. Томчууд хүүхдэд дараах зүйлийг зааж өгөх хэрэгтэй. Хүн бүр өөр өөрийн гэсэн хил, зааг хязгаартай. Бүгдээрээ өөрийн гэсэн орон зайтай байдаг. Хүчирхийллийн соёл гэдэг зүйл дэлгэрч байна. Энэ нь аливаа урдах замналаа тайлбарлахдаа хүн төрөлхтний яг одоогийн нийтлэг зүйл юу байна вэ гэдгийг харгалзах үзэх хэрэгтэй. Хүмүүс хоорондоо эв зүйгээ ололцох, хамтран ажиллах нь нэгдүгээрт тавигдах ёстой. Гэтэл үхтлээ тэмцэлдэх, булаан эзлэх сэтгэлгээ байсаар байна.

Хүүхдүүдийг хооронд нь уралдуулах. Нэг хүүхдийг нөгөөгөөс дээр, доор гэж үзэх нь үе тэнгийн дээрэлхэлтийг би болгож байгааг багш хүн мэдрэхгүй байна. Боловсролын Ерөнхий Газрын дарга Т.Ням-Очир хүүхдүүдийг хооронд нь өрсөлдүүлэхгүй байх нь чухал гэсэн санааг илэрхийлж байсан. Үүнийг би маш зөв санаа гэж хардаг.  Гэтэл одоог хүртэл оны шилдэг хүүхэд гэж янз бүрийн зүйлсээр хүүхдүүдийг хооронд нь өрсөлдүүлсээр байна. Шилдэг байна гэдэг нь бусдад таалагдахын нэр юм. Гэтэл хувь хүний өөрийн өсөлт, хөгжил ямар байна вэ гэдгийг шилдэг гэдэг нэрээр харлуулж байгаа юм. Дэлхий дахинд онц сурдаг, үргэлж онц авдаг хүүхдийг шилдэг гэх үзэл өөрчлөгдсөн. Өнөөдөр муу авсан бол үүнийгээ дунд оноо руу өгсүүлж чадаж байвал үргэлж онц авдаг хүүхдээс илүү амжилт үзүүлж ахиж байна гэж үздэг. Тухайн хүүхдэд чиний амьдрал чамд хамаатай, чиний асуудал бол чинийх, чи өөртөө таалагдаж амьдарна, бусад хүмүүст сайн сайхан хандана гэдгийг ойлгуулах ёстой. Гэтэл үе тэнгийн дарамт хүчирхийлэл олон зүйлээс бий болж байна. Урлаг соёлтой холбоотой маш их хүчин зүйлс байна. Мөн үзэж харж буй зүйлс, тоглож буй тоглоом ч нөлөөлнө. Чи хүнтэй яаж хамтрах вэ гэдгийг нэн түрүүнд зааж сургах хэрэгтэй. Хамтрах нь олон зүйл дээр гарч ирнэ. Ангидаа яаж найз нөхөдтэйгээ жинхэнэ нөхөрлөл үүсгэх талаар, амьдрал дээр гэр бүлийн хүнтэйгээ яаж үүргээ гүйцэтгэж, яаж үүргээ гүйцэтгэх, хадмуудтайгаа яаж харилцах, ажлын хамт олонтойгоо хэрхэн харилцах, хүнтэй яаж хамтрах вэ гэдэг асуудал байсаар байтал чи яаж өрсөлдөх вэ гэдгийг заагаад өгөхөөр ялгаварлан гадуурхах сэтгэлгээ гарч ирж байна. Хэн манлайлж байна чи тэр хүнтэй найзал гэж ятгах, эсвэл хамгийн дор байгаа, өөрөөс нь хойно байгаа хүмүүс сул дорой мэт санагдах үзэл суулгадаг. Гэтэл энэ нь түр зуурын нөхцөл байдал бөгөөд тухайн хүний нүдэнд харагдахгүй жижигхэн ахиц өөрчлөлтүүд гарсаар байдаг. Ийм үзэл бодол үе тэнгийн дээрэлхэлтэд их нөлөөтэй байна. Уран зохиолын багш, түүхийн багш, нийгмийн мэдлэг өгч байгаа болон амьдралын ухаан зааж өгч байгаа багш нар нь хүүхдүүдэд гүнзгий агуулгатай зүйлс хэлж сургаж өгөх хэрэгтэй. Хүндэтгэл, хүндлэл гэж юу гэдгийг, хүнд ямар ямар эрхэм чанар байдаг талаар, гудамжинд гуйлга гуйгаад сууж байгаа хүнд эрхэм чанар байна уу? Эсвэл зөвхөн амьд явах эрхээ эдэлж байна уу? гэдгийг ойлгох. Гэтэл тухайн гуйлга гуйж байгаа хүн эрхэм чанараараа оршмоор байгаад түүний төлөө төр ажиллаж байгаа. Гэтэл тэр хүмүүсийг хараад муухай хүн, ядарсан хүн, мөнгөгүй хүн гэж хардаг. Хүүхдэд үе тэнгийн ялгаварлан гадуурхалт, дээрэлхэлт хамгийн ойр жишээ нь хэрэглээний өрсөлдөөн гэдэг зүйл юм. Гэтэл хэрэглээний өрсөлдөөн гэдэг нь хүүхдийн хэрэглээ ямар байх ёстой, хүссэн болгоноо авч байх ёстой юу гэдэг асуудал гарч ирж байна. Үүний нэг сайн жишээ нь “Шинэ монгол” сургуульд сургуулийн орчинд хүүхэд бүрийн хэрэглээг хязгаарладаг соёлтой юм. Хоорондоо ялгаварлал гарах зүйлсийг хязгаарлах, хүний зүйлст хүрэхгүй, хүний орон зайд халдахгүй гэх мэтээр хүний зөөлөн ур чадварууд болон хүн байхтай холбоотой зүйлсийг хийж байгаа юм. Ийм зүйлсийг хийхгүйгээр үе тэнгийнхний ялгаварлал, гадуурхалтыг зогсоож чадахгүй.

- Бүх зүйлсэд үнэлэмж тогтоох нь ялгаварлан гадуурхалтын үндэс болж байна гэж ойлгож болох нь ээ?

- Иймээс л боловсрол ямар зорилготой талаар мөн гарааны тэгш боломж гэж юу талаар мэдэх нь маш чухал. Хүүхдүүд төрөөс олон төрлийн үйлчилгээ тэр бүр авдаггүй. Зөвхөн сургуулийн үйлчилгээ, эрүүл мэндийн үйлчилгээ, хүүхдийн халамжийн мөнгө авах зэрэг үйлчилгээ авдаг. Гэтэл хамгийн том үйлчилгээнд асуудал байна. Боловсрол, сургууль яагаад бий болсон гэдгийг багш болж буй хүнд хичээлийг ингэж заана гэж сургахаас илүү багш гэдэг нь ямар мэргэжил, сургууль гэдэг нь ямар үйл ажиллагаа явуулдаг газар болох талаар мэдэх, философийг ойлгох, хүн бүрт янз бүрийн амьдрал, нөхцөл боломж, бололцоо байдаг ч гарааны тэгш нөхцөлөөр буюу өөрөөр хэлбэр бүх сургууль ижил тэнцүү чанартай байж, гарааны тэгш боломжийг төр өгчихөөд цаашид яах талаар өөрсдийн үзэл бодол, эцэг эхтэйгээ ярилцаж шийднэ. 12 дугаар ангийг төгстөл нь ямар ч хүүхдийг ялгаварлан гадуурхахгүй, гарааны ижил тэгш боломжоор хангах ёстой. Үүний дотор нормууд бүгд тэгш боломжийг бүрдүүлж өгөх ёстой.

- Сургууль боловсрол олгох газар биш үнэлгээ тогтоодог газар болж хувирч байна гэсэн санааг таны ярианаас олж харлаа.

- Тиймээ. Хүн боловсролыг юу гэж харж үнэлж байгаа нь их чухал. Бид соён гэгээрэх зүйлийг хаясан. Боловсрол дотор шинжлэх ухааны боловсрол, бие бялдрын боловсрол, харилцааны боловсрол гэх мэт олон зүйлс бий. Нийгэмшин амьдрах, нийгмийн норм, хэм хэмжээ, хүн өөртөө итгэх итгэл, бусдад тусалж, дэмтэй амьдрах, хүндлэл, энэрэнгүй гэж юу талаар заах нь хамгийн дээд боловсрол юм. Ингэж нийгэмшин амьдрах, боловсролын ерөнхий зорилгыг эргэн харж шинэчлэх хэрэгцээ шаардлага гарч ирж байна. Мөн сургуультай хамтран хүүхэд хамгааллыг сайжруулах шинэ төсөл хэрэгжүүлэх гэж байна. Багш, хүүхэд, эцэг эхчүүд болон хүүхэд хамгааллын хамтарсан баг оролцоно. Эдгээр бүтцүүд хамтарч оролцсоноор хүүхдийн эрхийн соёлд тодорхой өөрчлөлт авчирна гэж бид найдаж байна. Багш бүр өөр өөрийн мэргэшсэн хичээлийг сайн заана. Гэхдээ багш гэдэг нь зөвхөн заадаг хүн мөн үү эсвэл чиглүүлдэг хөгжүүлдэг, хүмүүжүүлдэг төлөвшүүлдэг хүн юм уу гэдгийг анхаарах хэрэгтэй. Хүмүүжил, төлөвшил гэдгийг бид тогтсон хандлагаар хараад байгаа нь буруу бөгөөд энэ нь хэрэгцээ, нийгмийг даган байнга хувьсан өөрчлөгдөж байдаг зүйл.

Багшийн суурь хандлага, соён гэгээрэлд хандаж буй хандлага, суурь философийг ойлгож буй байдал их чухал учраас багш болж байгаа хүнийг сайн байгаасай гэж хүсч байна. Шинжлэх ухаан, нийгмийн салбар гэлтгүй бүхий л салбарт философийн суурь маш сайн байх хэрэгтэй. Тухайн суурийг сайн судалж чадаагүй хүн модны навчин дээр суучихаад ишнээс шим тэжээл авна гээд хүлээж буйтай адил юм. Багш нартай хийсэн яриагаар сурган хүмүүжүүлэх ухааны талаар өгч буй боловсрол нь хоцрогдсон байна гэж дүгнэж байна. Одоогоор 2023 онд хэлэлцэж буй асуудалд бид ажиллах ёстой. 2023 онд хэлэлцчихээд 2045 онд буюу ирээдүйд хэрэгжүүлэх талаар яриад байж болохгүй.

Үүний хажуугаар сэтгэл зүйн боловсрол бий. Үүнийг боловсролоос салангид авч үзэж болохгүй. Сэтгэл зүйн боловсрол нь бүх хичээлд шингэсэн байх ёстой. Орчин үед нэг хичээлээр дамжуулан өөр хичээл заах аргачлал их байна. Миний хувьд өмнө жилийн нийгмийн хариуцлагын хүрээд судалсан ажил дунд хүүхдүүдийн төсөв, эдийн засгийг ойлгох ойлголтыг судалсан. Энэ нь үе тэнгийнхний ялгаварлалаас өөр бөгөөд эдийн засаг, төсвийг ойлгодог болгохын тулд сургуулийн 6 дугаар ангийн хүүхдүүдийн математикийн хичээлд нь цалин бодуулж сургадаг жишээ байна. Жишээ хүний сарын цалин, нийгмийн даатгалын шимтгэл, татварууд зэргийг өөр хичээлд заагаад математикийн хичээлээр хэдэн төгрөгийн цалин авах вэ гэж тоо бодуулж байгаа нь өөрөө цогц системтэй хичээл болж байгаа юм. Яг энэ жишээгээр математик, нийгмийн ухаан, эдийн засгийн хичээл өмнөх жишээгээр холбогдож байна. Үүнтэй адил уран зохиол, түүх, нийгмийн сэтгэлгээний хичээлүүд хоорондоо яаж холбогдох вэ? Гэдэг нь хүний эрхийн мэдлэгийг өгч байна. Хичээлд үзэж буй ойлголт нь өөрөө хүнлэг байх үзлийг зааж байна уу гэдэг нь сонирхолтой байгаа юм. Гэвч бага ангид цагаан толгой заахдаа дараах жишээг ярьдаг. Ойд хоёр найз явж байтал баавгайтай таарав. Нэг найз нь зугтсан бол нөгөө нь үхсэн мэт жүжиглэж хэвтээд өгөв. Энэ нь нэг найз нь нөгөөдөө огт туслах талаар бодоогүй зугтсан байна. Угтаа зугтах нь зөв үү эсвэл ямар үйлдэл хийх талаар талаар гаргалгаа гаргаж өгөх хэрэгтэй. Энэ өгүүллээр муу найз гэж ямар хүн бэ  гэдгийг ойлгуулсан бол үүнтэй ижил жишээгээр энэрэнгүй байх, хүнлэг байх, эсвэл зөвхөн бусдад таалагдаж, үнэлгээ авахын тулд хүнлэг байна уу, эсвэл тусалсан эсэх, ямар ч хариу нэхэхгүйгээр тусалсан эсэх гэх мэтчилэн зүйлс нь хичээлийн агуулгад холбогддоггүй. Бид Ардчиллын боловсролын гарын авлага гэдэг зүйл боловсруулж гаргасан. Үүнээс өмнө бүх нийгмийн мэдлэгүүд олгож буй хичээл хоорондын холбоосууд хүний эрхийн зөрчилтэй байдаг байсан. Багшийн мэргэжил дээшлүүлэх институтэд очиж үзэхэд багш нар тухайн жил сурагчдад юу заах хичээлийн сэдвүүдийг уялдуулах гэж уулзах ёстой байтал өөр төрлийн хүмүүс буюу лам хүн байх жишээний байсан. Хамба лам ном хурж байсан бөгөөд энэ нь энэрэнгүй байх талаар зааж байгаа юм уу ямар чиглэлээр ийм үйл ажиллагаа явагдаж байгаа нь тодорхойгүй байсан. Энэ нь төр, шашинг хослон барина гэгч болсон бөгөөд угтаа тухайн газар мэдлэг, төлөвшил олгодог газар байх ёстой. Бид багшийг бэлтгэхэд хэт их хэлэлцэх асуудал гаргаж ирж байгаа боловч яг үнэндээ ерөнхий зорилгыг хүн төрөлхтөн юу гэж тодорхойлсныг анхаарах хэрэгтэй. Мөн үүний зэрэгцээ 2007 оноос хойш хамтарсан багийг чадавхжуулах ажил идэвхтэй явагдаж байна.

- Хүүхэд хамгааллын хамтарсан багийг чадавхижуулах талаар танай байгууллага нэлээдгүй ажилласан. Энэ тухайгаа дэлгэрэнгүй ярьж өгөөч.

- Хамтарсан баг гэдэг нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн хүрээнд Хүүхэд хамгааллын хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг хэрэгжүүлэх хуулийн заалттай нэр томьёо юм. Сургууль дээр хамтарсан баг биш хамгааллын баг бий. Хүүхэд хамгааллын баг сургуульд байгуулагдсан байх ёстой. Сургуулиас нийгмийн ажилтан, захирал гэх мэт тодорхой хүмүүс тухайн дүүргийн болон хорооны хамтарсан багт орж ажиллах ёстой.

Бид хорооны түвшинд чадавхжуулах хамтарсан багийг байгуулсан. 2007 оноос хойш Хүүхдийг ивээх сан маш сайн судалгаа хийсний дүнд байгуулагдсан ба тухайн үед Хүүхэд хамгааллын хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль нь шинэчлэн боловсрогдож 2016 оны 02 дугаар сарын 5-ны өдөр хүчин төгөлдөр болж батлагдсан. Үүнээс өмнө бид 2007 оноос хойш хүүхэд хамгааллын төв буюу салбар дундын баг байх ёстой гэж үзсэн. Бидний хийсэн судалгаагаар анх Америк улсад яаралтай тусламж үзүүлэх зорилгоор эрүүл мэндийг дэмжих хамтарсан баг бий болсон байсан. Иймээс Монгол улс олон улстай хүүхэд хамгааллын чиглэлээр хамтарсан баг гаргах тал дээр олон жил ярилцаж, зөвшилцөж явж байна. 2016 онд батлагдсан хүүхэд хамгааллын хуульд заалт болгож оруулж ирсэн. Тухайн үйл явдалд техникийн зөвлөх багт зөвлөгчөөр ажилласан байгууллага байсан. Хуулийн заалтад хамтарсан баг гэдэг бүтэц бий болсон ч шинэ зүйл заалт учраас яаж ажиллахаа мэдэхгүй байсан. Засаг дарга, цагдаа, эмнэлэг, багш, сурган хүмүүжүүлэгч гэх мэт өөр өөр харьяаллын, өөр өөрийн даргатай хүмүүс нэг дор цуглаж байгаа юм.  Иймээс бид Засгийн газартай хамтран ажиллах 2015 оноос эхлэн 2022 оны 9 дүгээр сар хүртэл хамтарсан баг гаргаж, Улаанбаатар хотын хэд хэдэн дүүрэгт болон Архангай аймаг, Дорнод аймгийн сумдад ажиллан, хэрэгжүүлж үзэн жишээ гаргаж ирсэн. Гэхдээ энэ нь маш хүнд бөгөөд хэн ч хамтарсан багийг яаж явуулах гэх мэт арга барил зааж өгөөгүй газрууд ч байсан. Иймээс бид энэ ажлын хүрээнд хороонд очиж ажлын байран дахь зөвлөгөөг өгч чадавхжуулах ажлыг хийсэн.

Аливаа хүүхдийн хэрэг яллах баримт бичгийг хэрхэн нээх, баримт бичгийг хуулийн дагуу яаж хийх, цаг алдахгүй хэрхэн хариу тусламж үзүүлэх, алдаа гаргалгүй хурдан хугацаанд хүүхдийг дараагийн хариу үйлчилгээнд хэрхэн зөвлөн, зуучлах, нөхцөл байдлын үнэлгээг хийхээс эхлэн ажиллаж байна. Энэ бүх зүйл нь шинэ учраас, алхам тутамд үүссэн нөхцөлд яаж ажиллахаа ойлгохгүй байгаа хүмүүст зөвлөн туслах үүнээс гадна 9 төрлийн цуврал гарын авлага, хэрэглэгдэхүүн гаргаж өгсөн. Үүнийг боловсруулж Засгийн газарт хүлээлгэж өгсөн ба Засгийн газар хамтарсан багийн үндсэн маягтууд болон аргачлалыг хуулийн өөрчлөлт гарвал нэмж янзалж цааш нь авч явах бололцоотой болж түгээн дэлгэрсэн.

- Сургуулиас бусад орчинд хүүхдүүд дээрэмдүүлэх, хүчирхийлүүлэх байдал үүсэж байгаа. Хорооны засаг дарга нь ямар ч мэдээлэлгүй ба цагдаа хүчний ажилтнууд нь ажлаа хийдэггүй. Ядаж сургуулийн орчин тойронд яагаад эргүүл хийж болдоггүй юм гэж яригддаг. Энэ талаар хамтарсан багийг ажиллуулах нь зөв шийдэл мөн үү?

- Одоо бидний хэрэгжүүлэх төсөлд сургуулийн хамтарсан багт хамтарч ажиллах ёстой. Тэгтэл энэ нь хоёр өөр бүтэц юм. Бүх сургуульд өөрийн гэсэн хүүхэд хамгааллын баг бий. Үүнийг хамтарсан биш хамгааллын баг гэж нэрлэдэг. Захирал удирдаж, сургалтын менежерүүд болон сэтгэл зүйч, нийгмийн ажилчид хамрагддаг. Хамтарсан баг нь аливаа хэрэг гарсны дараа ажиллах буюу урьдчилан сэргийлэх арга замаар ажиллаж чадахгүй байгаа бөгөөд эрт илрүүлэгт ажиллах хүн хүч  хүрэлцэхгүй байгаа юм. Иймээс хэрэг гарсны дараа хэрэг нээж, холбон зуучилж, хариу үйлчилгээнд хамруулж байгаа юм. Үүнээс цааш хамтарсан баг нь хүний нөөцийн хувьд, санхүүгийн хувьд боломжгүй байгаа юм. Төрийн албан хаагчдын ажлын байрны тогтворгүй байдал гэдэг зүйл бий. Хамтарсан багт ажиллах буй хүмүүсийн өөрсдийн ажлын байран дахь ажил үүргээс гадна буюу үндсэн ажлын хажуугаар хийж буй ажил болж явагдаж байна. Хамтарсан баг нь тусдаа байснаар сургуулийн орчинд хүүхэд тодорхой хэмжээгээр аюулгүй орчинд байгаа ч сургуулиас гадуур юу болох нь тодорхойгүй байгаа юм. Сургуулиас бусад орчинд ямар нэгэн зүйл болсон тохиолдолд хамтарсан баг нь яаралтай хариу үйлдэл үзүүлж байгаа юм.

Иймээс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг гэдэг зүйл алдагдаж байгаа юм. Бид урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийг сургууль, эцэг эхчүүд, олон нийттэй хамтран хийх боломжтой учраас Хүүхдийг ивээх сан нь олон улсын эвслийн санхүүжилтээр 3 жилийн төсөл боловсруулан 2022 оны 1 дүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлж байна. Энэ ажлын үр дүнд сайн загварчлал гарч ирнэ гэж дүгнэж байна. Төсөл бичиж эхлэхийн өмнө эцэг эхчүүдтэй уулзаж ярилцсан. Эцэг эхийн зүгээс хүчирхийлэл гарч буй сургууль, багшийг яах, хэнд, хэрхэн хандах талаар мэдэгдэхүүнгүй байсан. Хэрвээ ямар нэгэн байдлаар эцэг эх нь цааш мэдээллэсэн нь мэдэгдэх юм бол сургуулийн орчинд хүүхэд нь дарамт шахалтад орно гэх айдас бий. Сургуулийн зүгээс дарамт, шахалтад орж, хүчирхийлүүлж сургуулиасаа шилжиж байгаа хүүхдүүд олон байна.

Хүүхэд хамгааллын хууль, Хүүхдийн эрхийн хууль мөн Багшийн ёс зүйн дүрэм гэдэг чухал баримт бичиг байдаг. Үүнийг сургуулиуд ил тод тавьдаггүй. Хүүхэд, эцэг эхчүүдэд багш хүн ямар зүйлийг баримталдаг болох сургуулийн хүүхдийн хамгааллын дүрэм, журам хэрэгжилт, ил тод байх ёстой. Ил тод байхгүйгээс болоод хүүхдүүд хүчирхийлэлд өртөж байгаагаа мэддэггүй. Багшийн үйлдэл зөв эсвэл буруу эсэх талаар дүгнэж чаддаггүй. Эцэг эхчүүд хэнд хандахаа мэддэггүй. Энэ үйл явдал даамжирсаар байна. Эцэг эхийн зүгээс багшийн буруутгаж, багш зөвхөн хичээлээ заана, эцэг эхчүүд хүүхдэдээ анхаарах ёстой гэдэг. Гэтэл соён гэгээрүүлэх сурган хүмүүжүүлэх сургууль боловсролын газар нь эцэг эхэд хүүхдийн хүмүүжил, хамгааллыг 100% даатгаж болохгүй. Сургууль, багш өөрөө хамгааллын функцтэй гэдгийг ойлгох хэрэгтэй. Учир нь тухайн сурагч ямар ч дарамттай хүчирхийлэлтэй гэр бүлд байсан энэ нь сургуульд хамгаалагдах ёстой юм. Эцэг эхэд нь нөлөө үзүүлж, хүүхдийг хамгаалах асуудлыг бас ярилцаж, хэлэлцэж байх хэрэгтэй. Тэгэхээр тухайн нөхцөл байдалд гүүр болох зүйл нь хамтарсан баг байх ёстой. Үүнд бид маш их ахиц гаргахаар ажиллаж байна.

- Хятад улсад сургууль тарах цагаар гудамжинд цагдаагийн хамгаалалт гардаг. Аж ахуйн нэгжүүдтэй хяналтын камерыг нь ашиглах гэх мэт замаар хамтарч ажилладаг зэрэг байдал ажиглагдаж байсан...

- Жишээлбэл: Хурдан моринд бага насны хүүхдийг уяж уралдаанд оролцуулсан боловч хүүхдийн амь нас үрэгдсэнийг тодруулж тухайн аймгийн засаг даргаас ярилцлага авахаар очиход уг хэрэг явдлыг мэдээгүй байсан. Шашны нэгэн баярын үеэр эцэг эхчүүд нь овоо тахиж явцгаасан үед ийм хэрэг явдал болсон байна гэдэг тайлбар өгч байгаа юм. Энэ сургамж нь хүмүүст эс үйлдэл гэдэг зүйлийн санамж болж байгаа юм. Эс үйлдэл гэдэг нь хийх ёстой зүйлээ хийхгүй байхыг хэлдэг. Энэ үед хүмүүс хийх ёстой зүйлээ хийгээгүй ба үл хайхарсан байгаа юм. Тухайн нутаг дэвсгэрт засаг дарга хүүхэд хамгааллын нэгдүгээр хариуцлагыг хүлээх хүн байдаг. Өөрөөр хэлбэл хүүхэд тухайн нутаг дэвсгэрт хүчирхийлүүлэхгүй байх, эрсдэхгүй байх ёстой гэдгийг хариуцаж байгаа.

Улаанбаатар хотын хэмжээнд дүүрэг бүрийн хорооны дарга нар хүүхэд хамгааллын нэгдүгээр хариуцлагыг хүлээж байгаа хүмүүс юм. Хүүхэд бүр энэ хорооны түвшинд хамгаалагдаж байна уу гэдэг асуудал гарч ирж байна. Түрүүн таны дурдсан Хятад улсын жишээ Азийн бусад оронд их түгээмэл байдаг. Хамтын хариуцлага гэж нэрлэж байгаа боловч угтаа энэ нь хийж болохгүй зүйл биш. Сууц өмчлөгчдийн холбоо ч бас нөлөөтэй байж хамтран ажиллах ёстой.

Ковидын хөл хорионы үед Хятад улс Сууц өмчлөгчдийн холбоогоороо дамжуулж бодлого мэдээллээ хүргэж байгаа суваг гарч ирж байна. Мөн Сууц өмчлөгчдийн холбоогоор дамжуулан иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгогдож байна.

Зөвхөн хамтарсан баг ажиллах ёстой төдийгүй хүүхэд хамгааллын орчин нь олон нийт байх ёстой. Олон нийтэд хүүхэд хамгааллын мэдлэг мэдээлэл олгож, дайчлан ажиллахад тухайн орон нутгтийн засаг даргын үүрэг оролцоо их юм. Эдгээр хүмүүс ямар нэгэн зүйлс хийхгүй байгаа учраас Монгол сурагчдын холбоогоор School police гэдэг зүйлийг санаачилж гаргаж ирсэн. Энэ үйл ажиллагаа эрчимтэй мөрдөгдөж олон жил болж байна. Гэтэл үүнийг хэдэн өсвөр үеийн хүүхэд, залуучууд нэгдэж авто замд хүүхэд осолдох эрсдэлтэй учраас санаачилсан байгаа юм. Энэ нь нийтийг түшиглэсэн хамгааллын нэг боломжийг ашиглаж буй хэлбэр юм.

Нэгдүгээр хэсэг төгсөв. Үргэлжлэл бий...

Төстэй мэдээ