
Үргэлжлэл 2 дугаар хэсэг...
Дэлгүүрээс хүүхэд юм аваад гарч явахдаа дээрэмдүүлдэг. Тэгвэл тэр дэлгүүрийн орчныг хянах, үүнд Засаг дарга үүрэг чиглэл өгч, ААН-тэй гэрээ байгуулж ажиллавал ийм хүчирхийлэл гарах боломж нөхцөлийг бүрдүүлэхгүй болмж бий юу?.
Жишээлбэл Японд цунами болсон нэгэн жижигхэн тосгонд хүүхдүүд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж асуудлаа ярьдаг газартай. Асуудлаа ярихдаа зүгээр нэг хүслээ ярьдаггүй. Хаана юу болж байна, ямар зүйлийг яах ёстой гэдгийг өөрсдийн зүгээс засаг даргад илэрхийлдэг. Засаг дарга нь тухайн үйл ажиллагааны бүх зардлыг ойр орчны аж ахуйн нэгжүүдээс бүрдүүлдэг байна. Жишээ нь энэ уулзалтын үеэр хүүхдүүд цай ууна гэж үзвэл хамгийн ойр байрлах цайны газар нь дэмжиж ажиллах ёстой. Уулзалт бүрийг өөр өөр цайны газар ээлжлэн дэмжиж ажилладаг байна. Хүүхдийг иргэншүүлж байгаа, иргэн болгож байгаа үйл хэрэгт аж ахуйн нэгжүүд маш сайн тусалдаг. Үүнийг хамгаалалтын талаар ч манай улсад авч хэрэгжүүлэх боломжтой.
Бүх хүүхдүүдийг хянаж чадахгүй байлаа гэхэд ядаж зөвхөн гудамжныхаа хүүхдүүдийн аюулгүй байдалд хараа хяналт тавьдаг. Бүх айл өрхүүд гудамжаа хянадаг. Хэдэн хүүхэд сургуульд явж байгааг анзаарчихдаг байх хэрэгтэй. Сүүлийн үед анзаарагдаж байгаа нэг зүйл нь хүүхдүүдийн аюулгүй байдлын төлөө тээврийн хэрэгслээр очиж авах хуваарь гаргасан байгууллага, хамт олон байдаг болсон. Бусдын хүүхдэд санаа тавина гэдэг маш сайн зүйл юм. Бие биедээ санаа тавих, бие биеэсээ анхаарахад тухайн мессеж очиж байдаг. Хэдий таны хүүхэд ганцаараа амжилт үзүүлж, сайн явсан ч нөгөө л нэг хэцүү амьдралтай хүүхдүүд эргэн тойрны хүрээлэлд нь байгаа учраас ганц өөрийн хүүхдэдээ ч биш хамт байгаа бүхий л хүүхдүүдэд анхаарал андуулж, зөв чиглүүлж байх хэрэгтэй.
Олон нийтийн мэдлэг, хандлага, ухамсар, эрхийн хандлага, хамгийн наад захын ойлголтуудыг бүгд жигд ойлгоход бид өмнө нь хүрч ажиллаагүй харагддаг. Хүндлэл, ижил түвшинд ойлгох, харилцаанд болох болохгүй зүйлс, сэтгэл хөдлөлийн сөрөг мэдрэмж, сөрөг сэтгэл хөдлөлөө хэрхэн хоргүй илэрхийлэх мөн хортой илэрхийлбэл юу болж болох талаар мэдээлэлгүй байдаг. Энэ мэдээллүүд нь хүүхдийн тоглоомд шингээгүй байдаг. Хүүхдүүд үргэлж ялж, зугтаасан тоглоом тоглож байгаа нь буруу юм. Хүүхдийг бүр цэцэрлэгт байх үеэс бусдыг дэмжих, бусдад туслах талаар ойлголтыг өгч байх хэрэгтэй.
Япон улсад бага насны хүүхдэд багш даалгавар өгөхдөө тоо бодож ирэх биш бусад хүнд туслаад ир гэж захидаг. Мөн хүүхдийг хэдэн хүнд тусалсан, яагаад тусалсан, цаашдаа тусалсаар байх ёстой юу гэх мэтээр тухайн хүүхдийг хэрхэн сайн хүн болж төлөвшиж байна гэдэг ахицыг харахыг зорьдог. Чи бусад хүмүүст тусалснаар хэзээ нэгэн цагт бусад хүмүүс чамд туслалцаа дэмжлэг үзүүлж байдаг. Бусад хүмүүсээс хариу нэхэж туслах биш хүн хүндээ сайн байх ёстой, нэгнээ дэмжих ёстой гэсэн үзлээр туслах хэрэгтэй гэдгийг хүүхдүүдэд ойлгуулах нь чухал.
Багш хүн өөрийн үнэлэмжээр аливаа зүйлд хандахгүй байх хэрэгтэй. Зарчмын хувьд ийм байх ёстой, хүн төрөлхтөн ингэдэг, хүн ийм байдаг гэж хандах хэрэгтэй. Зөвхөн багшид таалагдахын тулд амьдрах гэсэн зүйл хүүхдэд байх ёсгүй боловч орчин үед багш, эцэг эхчүүд хүүхдийг энэ арга барилаар өсгөж байна. Бид хүний эрхэм чанар, зарчмын тухай л ярилцах ёстой болохоос бусад хүнд таалагдах эсэх огт хамаагүй. Олонх хүүхэд энэ аясаар явж байна. Энэ нь шударга биш. Гэхдээ эцэг эхчүүдийн хувьд энэ зүйлийг миний хүүхэд сайн байна, миний хүүхэд төгс байна, өндөр оноо авбал сайхан зантай байна гэж дүгнэдэг. Гэтэл тухайн хүүхдийн амьдралын бүхий л орчинд эцэг эх байдаггүй. Хүүхдийг үйлдэл төвтэй сургах хэрэгтэй. Юун түрүүнд хүнд туслаад үз, тухайн үед яах тухай, найз чинь огт мөнгөгүй үед нь хамт кино үзмээр байгаа бол яах талаар зөвлөгөө өгч, сургах хэрэгтэй.
Өмнө нь ажлын шугамаар хөдөө очиж дотуур байрны хүүхдүүдтэй уулзаж байсан. Тухайн үед ахлах ангийн эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд зодолдож байсан. Яагаад зодоон хийж байсан нь тодорхойгүй байсан ч маш хүчтэй муудалцаж байсан. Зодоон хийх гэдэг нь угтаа бол зэрлэг явдал бөгөөд зодолцож байсан хүүхдүүд 12 дугаар ангийн сурагчид байсан. Иймээс хүүхдүүдийг цуглуулж яриа хийсэн. Хүн хүндээ хүнлэг хандах, хүлцэн тэвчиж өнгөрөөх талаар ярьж хэрвээ үерхдэг охин эсвэл хөвгүүн чинь одоо 18 настай хөөрхөн байгаа ч хамт амьдрал холбоод 30 жилийн дараа ямар байх талаар төсөөлөөд тэр үед чи одоогийнх шигээ байж чадах уу гэж бодох хэрэгтэй. Эсвэл одоо үерхэж найзалж байгаа залуу эсвэл охин чинь чамд бэлэг авч өгч байгаа боловч тэр хүн ажилгүй, өвдсөн, 1 эсвэл 2 жил хөдөлмөрийн чадвараа алдсан, орлогогүй байхад чи тухайн хүнийг хүлээн зөвшөөрч чадах уу гэдэг зүйлээс шийдвэр гаргадаг гэдгийг ярьж ойлгуулсны дараа хүүхдүүд өөр хандлагатай болж байгаа юм.
Сэтгэл мэдрэмжээ зөв илэрхийлэх, хор хөнөөлгүй байх, стресстүүлж бухимдуулаад байгаа зүйлээ олж, тайлж ярьж чадахгүйгээс хуримтлуулсаар байгаад дарамт гэх мэт бүх зүйлийн суурь болж байгаа юм.
Цахим сүлжээгээр бие биеэсээ доромжлох үзэгдэл ихэссэн. Тухай бүрд хаалт тавьж ажиллах биш эерэг талаар нь ашиглах боломж байдаг уу?
Цагдаа байсан ч цахим орчинд хэн ч хязгаарлаж чадахгүй. Нэгдүгээрт цахим орчныг бид хүүхэд хөгжих боломжит орчин гэж авч үздэг. Үзэл бодлоо ирэлхийлж чадахгүй байгаа хүмүүст дуу хоолойгоо хүргэх боломж өргөнөөр нээгдэж байгаа юм. Нөгөөтэйгээр энэ нь эрсдэлтэй орчин болж болох юм. Хүүхдүүд цахим орчинд биш бодит байдал буюу амьдралд хэр зөв харилцаа тогтоож байна гэдэг ур чадвар нь цахим орчинд харагддаг. Бодит амьдралд биеэ авч явах соёл, хэм хэмжээнд суралцаагүй бол ямар нэгэн ухаалаг бус үйлдлийг цахим орчинд хийж байдаг. Зөвхөн цахим орчин гэж ялгалгүйгээр аливаа зүйлд хэрхэн хандах ёстой талаар эцэг эхчүүд хүүхэдтэйгээ ярилцах хэрэгтэй.
Цахим орчинд дарамт, хүчирхийлэл газар авах болсон шалтгаан нь олон бий. Үүнд ихэвчлэн бэлгийн хүчирхийлэл, нэр төр гутаан доромжлохтой холбоотой асуудал байдаг. Бид цахим орчин хүний хувийн мэдээллийг яагаад хамгаалах ёстой вэ гэдэг нь хүний эрхийн асуудал, соёлтой холбоотой юм. Нийтээрээ нэг хүнийг шүүмжилж гадуурхах нь буруу. Гэм буруутай хүн гэж шүүхээр гэм буруутай нь нотлогдсоны дараа яллагдаж мэдэгдэх зүйл байтал дурын хүн бусдыг шүүж яллах гээд байгаа бол доромжлолын нэг хэлбэр юм. Наад захын мэдлэг, мэдээллээр хангахгүй байгаа учраас хүүхдүүд сурахгүй байгаа юм. Бодит амьдрал дээр ойлгосон ойлголт цахим орчинд гарч ирж тусгал болж байдаг. Хэрвээ хэн нэгэн хүний буруушааж байгаа хүн өөрт нь ямар нэгэн гэмт хор үйлдээгүй аль эсвэл тухайн хүнтэй огт харилцаж байгаагүй байж амьдрал дээрээ тухайн хүнийг муу гэж хэлж чадахгүй. Гэтэл цахим орчинд хэн нэгэн хүнийг муулсан, буруушаасан байвал тухайн мэдээлэлд ямар ч шүүлтүүргүй хандан энэ хүн муу юм байна гэж цааш бичиж, тараадаг байгаа юм.
Хэзээ ч хүн ганцаараа үйлддэггүй үйлдлийг хүмүүс олноороо нийлж харгисаар үйлддэг жишээ олон бий. Үүний адилаар цахим орчинд хүнийг гутаан доромжлоно гэдэг нь хуулийн хувьд хамгаалагдсан байдаг хэдий ч энэ нь ялгаварлан гадуурхалттай шууд холбоотой, нийтээрээ ялгаварлан гадуурхах үзэл болж байгаа юм. Зөвхөн шүүхээр батлагдсан тохиолдолд гэм буруу гэж үзнэ, ямар нэгэн байдлаар гэм буруутай нь тогтоогдвол шийтгэл хүлээлгэх газар нь зөвхөн хууль, хүчний байгууллагаас өөр хэн ч биш гэдэг ойлголтыг бий болгож зааж өгч байгаа нь боловсрол байгаа юм. Хүн болгон өөрийн үзэл бодлоо илэрхийлэх түвшин, бодоод өнгөрөх түвшин, яавал аль аль талдаа хор хөнөөл багатай үлдэх талаар бодож ёстой байгаа юм.
Жишээлбэл УИХ-ын нэг гишүүн гэр бүлийн том асуудалд орлоо. Цахим орчинд энэ нь хүний хувийн амьдралын дэлгэж байгаа юм. Тухайн хүнд буруутай зүйл байж болох ч ард иргэд буюу нийгмийн боловсролын түвшин ялгаатай байгаа учраас мэдээлэлд шүүлтүүртэй хандаж чадахгүй байна. Энэ нь нийгэмд хүчирхийллийг дэврээж байгаа үзэгдэл бөгөөд үр дүнд нь хүн амиа хорлох гэх мэт үйлдлүүд гарч ирж болзошгүй байдаг гэдгийг тунгааж бодолгүйгээр нэг хүнийг олуулаа нийлж буруушаадаг. Нийтээрээ шүүмжилснээр тухайн хүнийг амиа хорлох нөхцөл байдалд оруулж байна. Гэтэл бид хүний амьдралыг дуусгахын төлөө биш, засаж залруулахын төлөө ажилладаг. Цахим дээрэлхэлт, хүчирхийллийн эсрэг авч болох хамгийн том арга хэмжээ нь хүний эрхийн боловсрол, хүний эрх гэдэг зүйлийг бүх шатанд маш сайн тайлбарлаж, ойлголт мэдлэг суулгахад оршиж байгаа юм.
Цахим орчинд нэр болон царайгаа нууцалсан тролл, мөнгөөр сэтгэгдэл бичдэг ажилчид улст төрийн эсрэг мэдээлэл, Монгол улсын нууцтай холбоотой мэдээлэл цацах зэрэгт цахим гэмт хэрэгтэй тэмцэх цагдаагийн хэсэг голлон маш шуурхай ажилладаг. Гэвч цахим сүлжээнд дарамт хүчирхийлэл гавар авлаа гэхэд тулж ажиллах ёстой хүмүүс нь тухайн фэйжийн админ буюу талбаруудыг хөтөлж байгаа хүмүүс байдаг. Фэйж хуудас хөтөлдөг админууд тухайн фэйжээр дамжуулан тодорхой үр дүн авч, орлого олж байгаагийн хажуугаар мөн хариуцлага хүлээх шаардлагатай. Жишээлбэл эрэгтэй гутал зардаг гутлын группт өөрийн зургийг тавиагүй өөр ямар нэгэн хүүхэлдэйн киноны баатрын зурагтай нэр, царайгаа нууцалсан бэлгийн хүчирхийлэгчид нэлээдгүй байдаг ба тухайн группт юм асуусан хүүхдэд чатаар хариулах гэм мэтээр харилцаа тогтоодог тухай мэдээлэл байна. Хүүхдүүд орсон ямар ч фэйжийн админ нь хариуцлагатай байх хэрэгтэй ба бусдын оруулсан элдэв муу мэдээллийг хувирган өөрчлөх, шүүж байх үүрэгтэй. Иймээс бид бүгдийг нэг дор хянаж чадахгүй учраас фэйж хуудас хөтөлдөг админуудтай хамтарч ажиллах шаардлага гарч байгаа юм.
Монголын телевизүүд маш том соён гэгээрүүлэх хэрэгсэл атлаа хүний эрхийн үүргийг гүйцэтгэж чадахгүй байна. Netflix-т цахим орчимд өөрийн хувийн мэдээллээ алдвал юу болдог талаар бичлэг, кинонууд байгаа юм. Хамгийн их түгээмэл зүйлс болон хүмүүст ийм зүйл байдаг гэдгийг мэдүүлэх зорилгоор Eagle телевиз, Тэнгэр телевизээр орчуулгатай гаргаж байгаа. Гэтэл үүнийг үндэсний хэмжээнд үздэг томоохон сувгууд телевизийн сувгаараа гаргадаггүй. Цахим орчинд байдаг хөгжилтэй, маазраатай апп-уудын ард яг юу болдог талаарх кино байгаа юм. Та апп-ын товчинд дарахад маш том мэдээллийн санд таны мэдээлэл очиж байдаг. Таны зураг, биометртэй холбоотой бүх мэдээлэл орж байдаг. Таны царайг дуурайлгаж хийсэн колони үүсгэж болдог болон цахим орчинд таны дансны мэдээлэл бусдад очсоноор таныг хуулбарлах тохиолдол үүсгэдэг гэдгийг үзүүлж байгаа юм.
Дижитал цагаан толгой маш чухал. Өмнө нь нийтээр нь бичиг үсэгтэй болгоход зорьж байсан бол орчин үед цахим орчинд үүнийг хэрэглэх ур чадварт суралцахад зорьж байна. Цахим орчны давуу тал, сул тал, юу хийх, юу хийж болохгүй талаар мэдээлэлтэй болгох цахим бичгийн соёл яригдахгүй. Одоогоор төрийн үйлчилгээг цахимжуулъя, цахимжуулсан зүйлсийг хэрэглэж дадъя гэдэг зүйлд голлож байна.
Цахим сүлжээгээр дарамтлах үйл явдалд өртөж байгаа нь зөвхөн хүүхэд биш бөгөөд цахим орчинд залилуулах өндөр эрсдэлтэй хүмүүс нь өндөр настнууд, боловсролын түвшин доогуур хүмүүс байх магадлалтай. Бид хүмүүсийн амьдралын түвшинг тоохгүй орхидог. Настай хүмүүст зориулсан ахмад настны хөгжлийн төв нь бие махбодийг хөгжүүлдэг ч тухайн хүнийг цаг үеэс нь хоцроохгүй байхын төлөө, цахим орчинд дарамтад өртөхгүйн төлөө, цахим орчинд залилуулахгүйн төлөө цахим соёлыг суулгаж чадаж байна уу? үйл ажиллагаа явуулж ажиллаж байна уу гэдэг нь орчин чухал болоод байна. Энэ нь ганцхан Монгол Улсад яригдаж байгаа зүйл биш ба олон улсад ч асуудал болоод байгаа юм.
Одоо эрүүл мэндийн салбарт цахим мацаг барих гэдэг зүйл тренд болоод байна. Цахим орчноос өөрийгөө тусгаарлах шаардлагатай үе хүнд байдаг. Энэ нь хүний эрүүл мэндэд ямар ач холбогдолтой болох, хамгийн ихдээ хүн цахим орчинд хэдэн цаг зарцуулах ёстой вэ, хараанд нөлөөлөх байдал, хөдөлгөөний градус хэд байдаг талаар нарийн учиртай байдаг. Цахим орчинд хэт их цаг зарцуулж үүнээс болж стресстдэг. Үүнийгээ хэрхэн буцааж зөв гадагшлуулахаа мэдэхгүй байгаа юм. Биднийг мэдээгүй байхад байхад цахим соёлтой болох шаардлага гарч ирж байна. Иймээс төр нас насны ангилалд хүмүүсийн эрсдэлийг судалж анхааруулах ёстой. Жишээлбэл Эстони улсад цахим шилжилтэд орохын тулд мэдээллийн аюулгүй байдал гэдэг зүйлийг хийсэн. Нэгдүгээрт мэдээллийн баазын аюулгүй байдал маш чухал. Хоёрдугаарт цахим соёлыг түгээснээр цахим үндэстэн болсон. Гэтэл Монгол Улс шууд төрийн үйлчилгээг цахимжуулж эхэлсэн. Үүнийг ойлгож хэрэглэх хүмүүс нь зөвхөн залуучууд байна. Бид тогтвортой хөгжлийн зорилт гэдэг зүйлээр хүн амын нас насны бүлэг бүрд хүрч үйлчилнэ гэж заасан байдаг. Гэтэл цахимжуулах нь хүн амын нас насны бүлэгт хүрч үйлчилж чадаж байна уу гэдэг асуудал хөндөгдөж байгаа юм.
Янз бүрийн төлөвшил, зан араншинтай хүмүүс нийгмийг бүрдүүлж байдаг. Тэд бүгд өөр өөрсдийн зүгээс мэдээлэлд хандах хандлага нь өөр өөр учраас зарим нь хүчирхийлэгч, дарамтлагч, хохирогч, залилагч болж байна. Тэгэхээр цахим мэдээллийн аюулгүй байдал болон цахим соёлыг суулгасны дараа цахим шилжилт хийх нь зөв.
Цахим орчин хүүхдэд сөргөөр нөлөөлж байгаа маш олон судалгаа бий. Үүнийг хүүхдэд эергээр яаж хэрэглүүлэх талаар мэдээ мэдээлэл олдохгүй байна.
Цахим орчин хүүхдэд дандаа сөргөөр нөлөөлдөггүй. Нэг хэсэг хүүхдүүд РС тоглоомд маш их донтсон. Үүний эсрэг арга хэмжээг авсан. Гэтэл РС тоглоомыг юугаар орлуулж болох талаар шаардлага гарч ирж байна. Гэтэл РС тоглоом нь Е спорт болж хөгжиж эхлэлээ. Үүнд амжилт гаргавал цаашдаа яах талаар асуудал гарч ирж байна.
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн программд бид цахим соёлыг суулгаж өгөх хэрэгтэй. Зөвхөн компьютерын программ дээр ажиллуулах биш цахим орчинд хүүхдүүд өөрийгөө хөгжүүлэх өргөн боломжууд шинэлэгдэн улам сайжирч нэмэгдсээр байна. Мэдээллийн менежмент, цахим соёлын хичээл орохгүйгээр цаашид явах боломжгүй болж байгаа юм. Цахим орчинд хүүхдэд ямар боломж нээж өгч байна, цахим орчныг ямар түвшинд хэрэглэвэл зохих талаар мөн хүүхдүүд цахим орчинд нийтлэгдэж байгаа олон зүйлсээс аль нь зөв, бусдын төлөөх үйл, аль нь зөвхөн хувь хүний ашгийн төлөөх реклам сурталчилгаа байна вэ гэдгийг ялгаж ойлгодог болгохын тулд цахим соёлын хичээл орох хэрэгтэй. Гэхдээ цахим орчин нь маш хурдацтай хөгждөг учраас маш сайн судалгаанд суурилсан байна.
Цахим сүлжээнд хүчирхийллийг байхгүй болгож чадахгүй учраас бүх насны ангиллын хүмүүст цахим халдлага, хүчирхийлэлд хэрхэн өртөхгүй байх талаас нь зааж чадамжуудыг бий болгоход анхаарч ажиллана. Өндөр настай хэн ч байсан өөрийн цахим банкны мэдээллийг бусдад дамжуулдаггүй, дижитал хэрэглэгдэхүүнүүдийг ашиглаж өөрөө өөртөө үйлчлэх замаар өөрийн мэдээллийн аюулгүй байдлыг хангахад зориулж цахим соёлын суулгаж болно.
Орос улсад цахим орчин нь хүүхдэд хэдий сөрөг нөлөөтэй ч хүүхдийн онцлогт тааруулж харилцахад тусалж өөрийгөө бусдад нээж чаддаггүй хүүхдэд цахим орчноор дамжуулж өөрийн үзэл санааг бусадтай хуваалцах, илэрхийлэх боломж олгож буй талаар нийтлэлүүд хэд хэд харагдсан...
Аливаа бүхий л зүйл давуу болон сөрөг талуудтай байдаг. Давуу тал нь бидэнд тэгш боломж олгож үгээ хэлэх, үзэл бодлоо хэнээс ч айхгүйгээр чөлөөтэй илэрхийлэх талбар болж байгаа юм. Мөн үзэл бодлоо илэрхийлэх, чөлөөтэй эвлэлдэн нэгдэх, өөрийн бүтээлийг олон түмэнд нийтлэх зэрэг олон давуу талтай. Мөн ангидаа гараа өргөж асуултад хариулж чаддаггүй хүүхэд багш руугаа мэйл бичиж, цахимаар үзэл бодлоо илэрхийлэх боломж олгож байна. Энэ мэтчилэн давуу тал олон боловч хүн бүр давуу талыг нь тэр бүр харж хэлдэггүй.
Жишээлбэл сумын сургуулийн хүүхэд цахим орчныг ашиглаж онлайнаар сургалтад сууж мэдлэг мэдээлэл авч олон улсын хэлний шалгалт өгөх боломжтой. Энэ нь алс хязгаар газар амьдарч буй хүүхэд ямар том боломж вэ гэдэг нь тодорхой болж байгаа ч үүний хажуугаар ийм ийм эрсдэлтэй байж болно гэдэг зүйлийг цахим соёлын хичээлээр маш сайн ойлгуулж, ярих ёстой. Цахим орчинд дараах зүйлийг хийвэл хамгаалагдана гэсэн тогтсон зүйлс байхгүй учраас эрсдэлтэй орчин мөн. Дахин нэг жишээ татахад Linkedin гэдэг платформыг бүх хүмүүс албан ёсны программ гэж үздэг. Хүн өөрийгөө хөдөлмөрийн зах зээлд зарахын тулд өөрийн амьдралын бүх түүхийг тухайн программд оруулдаг. Өөрийгөө танилцуулж, сургуульд сурсан, зэрэг цолоо, өмнө нь ажиллаж байсан газруудын нэр, хаяг байршил гэх мэт өөрийн бүх мэдээллийг ил тодоор оруулдаг. Ямар ч хүний мэдээллийн Linkedin-ээс нээлттэй харж болдог учраас үүгээр дамжуулж танилцуулгаа худлаа хийсэн олон хүн байсан. Энэ нь зөвхөн Монгол улсад биш олон улсуудад гарч байгаа юм. Хүн хэдий олон зүйлийг бодож тунгаадаг, мэдлэг мэдээлэлтэй байсан ч ямар нэгэн байдлаар цахим орчинд луйвар, хууран мэхлэлтэд өртөх эрсдэлтэй. Иймээс бид тухайн хүнийг өмнө нь ажиллаж байсан системийн хүрээнд шалгадаг. Өмнө нь ажиллаж байсан газартай нь холбогдож асуухад огт байхгүй хүний мэдээллийг үүсгэж өөр хүний зураг ашиглаж цахим орчинд өөрийн гэсэн нийгэмлэг, харилцаа холбоог үүсгэж тусламж дэмжлэг гэх мэтээр залилан хийх хэрэг олноор гарч байна. Ийм тохиолдол Linkedin программ дээр гарсан учраас хүн хэдий өөрөө сэрэмжтэй байсан ч маш гэнэн гэдэг тодорхойлолт батлагдаж байгаа юм. Тухайн программыг ашиглаж хүний мэдээллийг харахаас гадна ямар хүмүүсийг таньдаг холбоосыг хүртэл харж болдог.
Мэдээллийг хянаж шалгах гэдэг чухал. Хэрвээ хүн ямар нэгэн юм ярьсан бол тухайн хүн яг юу гэж ярьсан гэдгийг тодруулж шалгаж байж итгэх, мэдээлэх хэрэгтэй.
Бид ардчиллын боловсролыг дэмжих хөтөлбөрийн хүрээнд аливаа баримтыг яаж хянах, шалгах талаар ямар мэдээлэлд итгэх, юунд эргэлзэх ёстой талаар, эргэлзэх нь ямар ач холбогдолтой талаар мэдээлэл өгч байсан. Энэ сургалтын ямар ч хөтөлбөрт тусгагдаагүй байдаг зүйл нь энэ мэдээллийн эрин зууны амьдрах чадамж буюу нэн шаардлагатай зүйлс мөн. Ямар нэгэн зүйл, мэдээлэлд итгэж үнэмшихээс өмнө хайж судалгаа хийж үнэн зөв эсэхийг шалгах хэрэгтэй.
Дэлгэрэнгүй ярилцсан танд баярлалаа. Ажлын амжилт хүсье.