Туршлагын нэр: Тэмүүлэлд хүрэх зам
Увс аймгийн ЕБ-ын “Эрдмийн эхлэл” сургууль
?‍♀️Багшийн товч мэдээлэл: Математикийн багш С.Анхбаяр
Хүүхдийн бэрхшээл болон анги нийтэд үүсгэдэг асуудлууд:
Сурагч Т нь 7-р ангид сурдаг, 15 настай, G-81(6.3) гэсэн оноштой. Бага ангиасаа сууж сураагүй, хэт хөдөлгөөнтөх эмгэгтэй, дураараа босож гадуур, дотуур явдаг, хичээл хийж төлөвшөөгүй, бусадтай ойлголцдоггүй, хэл яриа ойлгомжгүй, хичээл хийх дургүй, бусадтай мэндлэхгүй, зурахдаа муу, хийж буй үйлдлээ сайн гүйцэтгэдэггүй байсан.
✳️Дэмжих арга 1. Тооны хичээлийг дэмжих
Ажиглагдсан үр дүн: Тоон шулуун зурах, тооны машинаар бодох, бичих, гэрийн даалгавар гэр
бүлийнхэнтэйгээ хамтран хийх чадварт суралцсан.
✳️Дэмжих арга 2. Сэтгэх чадварыг хөгжүүлэх
Ажиглагдсан үр дүн: 2х2, 3х3 шоогоор гурвалжин, пирамид эвлүүлж сэтгэн бодох чадвар болон гарын булчинг хөгжүүлж байгаа.
✳️Дэмжих арга 3. Нийгэмшүүлэх
Ажиглагдсан үр дүн: Гар бөмбөгийн секцэд долоон хоногт 4 удаа явуулснаар цагтаа ирдэг болж бөмбөгийг доороос авч сурсан. Зөв харилцаа, биеэ авч явах, бусадтай хүндлэлтэй харилцахад сургаж, хэл яриа хөгжиж байна. Сард 2-4 удаа сэтгэл зүйч уулзаж, зөвлөгөө өгч ажилладаг болсон бөгөөд ганцаарчилсан болон бүлгийн ярилцлагаар өөрийгөө илэрхийлэх болон бусадтай хэрхэн харилцах талаар эерэг өөрчлөлт гарч байна.
✅Хүүхдэд гарсан тодорхой эерэг өөрчлөлт:
✳️Хичээл хийх чадвар нэмэгдсэн
✳️Багш бүрд өөрийгөө ойлгуулах чадвар нэмэгдсэн
✳️Олон нийтийн ажилд сэтгэл гарган оролцдог
✳️Хэлсэн амандаа заавал хүрдэг
✳️Шугамаар зурах орон зайн баримжаа ахисан.
✳️Давтлага, дугуйланд цагтаа ирдэг.
✳️Ойлгохгүй зүйлээ лавлан асууж ойлгож өөрийн болгож авдаг.
✳️Өгсөн үүрэг даалгаврыг маш сайн биелүүлдэг
✳️Бусадтай эелдэг боловсон харилцдаг, байнга мэндэлдэг
✅Сурагч Т “Сургуулийн захиргаа, ангийн багш, хичээл заагч багш, эмч, сэтгэл зүйч, нартаа маш их баярлалаа. Би сэтгэх чадвар, гар бөмбөгийн секц дугуйланд суралцдаг. Ангийн утасны хэрэглээ хянах даргаар ажилладаг. Ангийн болон сургуулийн сурагч багш ажилтан нар надад бүгд тусалж дэмждэгт надад суралцахад тус дөхөм болдог. Би том болоод цагдаа,эмч болохыг хүсдэг. Би ганцаараа сургуульдаа ирж очих чадварт суралцаж байгаа. Ангийн багш надад итгэл өгч байнга туслан дэмжиж тооны машин ашиглуулан бодлого бодуулж сургаж байгаа” гэж өөрийгөө дүгнэсэн бол түүний ээж “Миний хүүхэд дунд ангид Анхбаяр багшийн ангид суралцсанд баярлаж явдаг. Анги хамт олондоо дассан. Ямар нэг үл ойлголцол гарсан үед ангийн багш асуудлыг зөв талаас нь шийдэх гарц гаргаж ажилладагт баярлаж явдаг. Тэгш хамран сургахын тулд орчинд нь миний хүүхдийг багш бүр сэтгэл гарган ажилладаг. Ангийн багш төлөвшүүлэх нийгэмшүүлэх ажилд тэгш хамруулан оролцуулахын тулд чат нээн өдөр бүр холбогдон хамтран ажилладаг. Ангийн сурагчдад багш ойлгуулан өгснөөр хүүхэд бүрийн харилцаа хандлага өөрчлөгдөж, миний хүүхдийг хайрлах чадварт сургаж байгаад сургуулийн хамт олон болон багшдаа маш их сэтгэл хангалуун байдаг.” гэжээ.
Төстэй мэдээ