Туршлагын нэр: “Бид нэг ангийнхан-хүүхэд бүхэн хөгжих эрхтэй”
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ЕБ-ын 2-р сургууль
?‍♀️Багшийн товч мэдээлэл: Түүх, нийгмийн ухааны багш О.Одгэрэл
✅️Хүүхдийн бэрхшээл болон анги нийтэд үүсгэдэг асуудлууд:
Сурагч А, Ц нар нь 9-р ангид сурдаг, 15 настай, хоёулаа оюуны хөгжлийн
хоцрогдолтой.
Сурагч А нь ангидаа үг дуу цөөтэй, хичээл дээрээ суусан л бол бараг босдоггүй, дотогшоо чиглэсэн сурагч байсан. Хэл яриа нь заримдаа ойлгомжгүй, харилцахад бэрхшээлтэй байдаг учраас их ярихаас ичдэг байсан.
Сурагч Ц нь өөрийгөө илэрхийлэх чадвар сул, үг дуу цөөтэй, сургалт хүмүүжлийн ажилд идэвх муутай оролцдог сурагч байсан. Тэд энгийн ангид шилжин суралцахаасаа өмнө тусгай бүлгийн ангид байхдаа хүүхдүүдтэй болон багш нартайгаа чөлөөтэй харилцах нь хязгаарлагдмал байсан байна. Мөн ангиасаа бараг гардаггүй, сургууль дотор чөлөөтэй явдаггүй байсан.
Анги удирдсан багшийн хувьд сургалт, хүмүүжлийг дэмжих арга замаар 2 хүүхдээ анги дундаа ямар ч ялгаварлал байхгүй, тэгш оролцоог хангах байдлаар ажиллаж байна.
✳️Дэмжих арга 1. Явган аялал хийх
Ажиглагдсан үр дүн: Хүүхдүүд нэгнийгээ илүү сайн ойлгодог болдог. Тоглоом тоглохдоо, алхаж байхдаа гээд бүх л үйл ажиллагаанд оролцож, хөгжиж байсан.
✳️Дэмжих арга 2. Экскурс хичээл орох
Ажиглагдсан үр дүн: Танхимд сууж хичээл хийхээс илүү танхимын бус аргаар бодит байдал дээр очиж хичээлээ тайлбарлан өгөх нь илүү танин мэдэхүй болон хүртэхүйд хүрч сайн ойлгож байна.
✳️Дэмжих арга 3. Анги нийтийг хамарсан урлаг, хүмүүжлийн ажилд оролцуулах
Ажиглагдсан үр дүн: Флаш моб бүжгийн уралдаанд ангиараа 100% ирцтэй амжилттай оролцсон. Сургуулийн урлагийн бага наадамд хүүхэд бүхэн оролцож А, Ц хоёр маань зохиомжит жүжигчилсэн тоглолт үзүүлбэрт оролцож 3-р байранд орсон.
✳️Дэмжих арга 4. Хөгжүүлэх сургалтад хамруулах
Ажиглагдсан үр дүн: Урьдаар хүүхэд тус бүртэйгээ ганцаарчлан ярилцаж ямар сонирхолтой, юу хийх дуртай талаар олж мэдсэний үндсэн дээр ямар сургалтыг сонгохоо тохирсон. Хүүхдээ тусгайлан авч үзэх биш найзтай нь хамт сургалтад хамруулсан. Энэ нь тэдэнд өөрийн авьяасаа нээн илрүүлэх, хариуцлагатай байх боломжуудыг олгосон. А нь Нарийнтээл суманд усан загвар, нисэх загварын аймгийн аварга шалгаруулах “Ирээдүйн инженерүүд” тэмцээнд нисэх загвараар тусгай байранд шалгарсан нь урам, баярыг өгсөн. Ц нь өөрийн гараараа толгойн гоёл, бугуйвч, утасны уут сүлжиж сурсан нь түүнд маш сайхан мэдрэмж өгч түүндээ улам дуртай хичээллэдэг болсон.
✅️Хүүхдэд гарсан тодорхой эерэг өөрчлөлт:
✳️Сурагч А \эрэгтэй\:
• Өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг болсон
• Хичээлээ хуваарийн дагуу ялгаж авчирдаг
• Хичээлээс гадуурх хүмүүжлийн ажилд маш идэвхтэй оролцдог
• Олон найз нөхөдтэй болж, тэдэнд тусалдаг
• Өөрт тулгамдсан асуудлаа ангийн багшдаа тайлбарлаж хэлдэг
• Усан загвар, нисэх загвар, макет хийх, хөгжүүлэх дугуйланд суралцдаг болсон
• Тэмцээн уралдаанд оролцдог болсон
• Хамт олонтойгоо чөлөөтэй, ноцолдож тоглодог болсон
• Цэвэр цэгцтэй хувцасладаг болсон
✳️Сурагч Ц \эмэгтэй\:
• Чөлөөтэй, нээлттэй харилцдаг болсон
• Цэмбэгэр, цэмцийтэл сайхан хувцаслана
• Ангийн ариун цэвэрт анхаардаг, цэцгүүдийг тогтмол усалдаг
• Хамт олны ажилд маш идэвхтэй оролцдог
• Аливаа шинэ зүйлд өөрийгөө сорих сонирхолтой
• Өөрийгөө хөгжүүлэх тал дээр илүү ажилладаг болсон
• Хичээлээ хуваарийн дагуу авчирч, хичээлээ анхааран хийдэг болсон
• Уран зангилааны хөгжүүлэх сургалтад явдаг
• Монгол хэлний хичээлдээ сайжирч байгаа
• Өгсөн үүрэг, даалгаврыг хариуцлагатай биелүүлдэг
• Бүжиглэх сонирхолтой
• Ангийнхантайгаа нээлттэй харилцдаг
Төстэй мэдээ