Авлигатай тэмцэх газар, Боловсролын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газраас Төрийн байгууллагын удирдлага, ажилтан, албан хаагч, эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан "ЗӨВЛӨМЖ"-ийг танилцуулж байна.
2024-2025 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлыг хангах, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн элсэлт, бүртгэлийн үйл ажиллагааг нээлттэй, ил тод, шударга зохион байгуулах, тэгш, хүртээмжтэй, ялгаатай хэрэгцээг хангах, олон нийтийн оролцоо, хяналтыг сайжруулах, авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дараах ЗӨВЛӨМЖ-ийг хэрэгжүүлэн ажиллахыг зөвлөж байна.

Төрийн албан хаагчдад:

Төрийн албаны болон байгууллага, эрхэлж буй албан тушаалын нэр барьж хамран сургах тойргийн бус хүүхдийг цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд хамруулах асуудлаар бусдад нөлөөлөх, нөлөөлөх гэж оролдох, шахаж шаардах, авлига ашиг сонирхлын зөрчилтэй үйлдэл гаргахгүй байж албан хаагчийн сахилга, ёс зүйг баримтлан ажиллах.

Төрийн байгууллагуудад:

Байгууллагын дэргэдэх болон салбар бүлэг байгуулах зохицуулалтыг хийж, ажилтан, албан хаагчдынхаа амар тайван, бүтээмж өндөртэй ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх;

Авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэхээс урьдчилан сэргийлэх болон элсэлт, бүртгэлтэй холбоотой дүрэм журам, тушаал шийдвэрийг иргэд, олон нийтэд мэдээлэх, сурталчлах ажлыг зохион байгуулах;

Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн элсэлт, бүртгэлийн хугацаанд төлөвлөгөөт бус, давхардсан, гэнэтийн хяналт шалгалтуудыг зохион байгуулахгүй байх.

Хороодын Засаг дарга нарт:

Хүн амын бүртгэл, шилжилт хөдөлгөөнтэй холбоотой бүртгэл, мэдээллийн санг шинэчилж, төрийн байгууллага хооронд мэдээлэл солилцох, түр оршин суугч нэрээр бусдад давуу байдал олгож, элсэлт, бүртгэлийн тоон мэдээлэлд гэнэтийн огцом өөрчлөлт оруулах асуудлыг таслан зогсоох;

Хорооны хүн амын тоон мэдээллийг оршин суугаа хаяг нэг бүрээр баталгаажуулж, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн элсэлт, бүртгэлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах.

Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн удирдлага, багш ажилчдад:

Элсэлт, бүртгэлийн үйл ажиллагааг батлагдсан дүрэм, журмын дагуу зохион байгуулж, эцэг эх, асран хамгаалагчдад нээлттэй мэдээлэх;

Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн элсэлт, бүртгэлийг зохион байгуулах ажлын хэсэгт боловсролын салбарын шат шатны болон эцэг эх, асран хамгаалагч, олон нийтийн төлөөллийг оролцуулах, хяналт тавих, элсэлт зохион байгуулахад тулгарч байгаа асуудалд дүн шинжилгээ хийж ажиллах;

Анх бүртгэлтэй болон элсэлт авсан цэцэрлэг, сургууль хоорондоо мэдээлэл солилцож, элсэлт бүртгэлийг хянах;

Аливаа албан тушаалтан, хэн нэгэн иргэний шахалт шаардлагаар бусдын боломжийг алдагдуулахгүй байх, авлига ашиг сонирхлын зөрчилтэй үйлдэл гаргахгүй байж багшийн ёс зүйг баримтлан ажиллах.

Эцэг эх, асран хамгаалагчдад:

Боловсролын ерөнхий газрын даргын 2024 оны А/82 дугаар тушаалаар батлагдсан “Сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойрог тогтоох аргачлал”-ын дагуу аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар, нийслэлийн Боловсролын газраас баталсан хамран сургах тойрог тогтоосон тушаал шийдвэр, элсэлт, бүртгэлийг шийдвэрлэж буй нэгдсэн бодлого, зохицуулалтын дагуу хүүхдээ хамран сургах тойргийн дагуу цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд хамруулах;

Хууль, дүрэм, журмыг хэрэгжүүлэн ажиллаж буй багш, сурган хүмүүжүүлэгч, төрийн албан хаагчдад хүндэтгэлтэй хандаж, дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллах;

Оршин суух газрынхаа сум, хорооны улсын бүртгэгчид хандан шилжилт хөдөлгөөний бүртгэлд бүртгүүлэх.