ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫН МЭДҮҮЛЭГ БОЛОН ХӨРӨНГӨ, ОРЛОГЫН МЭДҮҮЛЭГ ГАРГАГЧДАД

Мэдүүлэг гаргагч Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т зааснаар хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг /цаашид “ХАСХОМ” гэх/-ээ тухайн албан тушаалд сонгогдсон буюу томилогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор, цаашид тухайн албан тушаалыг хашиж байх хугацаандаа жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор шинэчлэн гаргаж холбогдох байгууллага, албан тушаалтанд өгөх үүрэгтэй.

Дээр дурдсан хугацаанд ХАСХОМ-ээ хугацаа хожимдуулж гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаангүй бол Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.5, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт тус тус зааснаар гаргаж өгөөгүйд тооцно.

 “ХАСХОМ-ээ үнэн, зөв мэдүүлсэн талаарх “Баталгааны маягт”-аа эрх бүхий албан тушаалтан /цаашид “ЭБАТ” гэх/-д хүлээлгэн өгөхдөө “ХАСХОМ хүлээн авсан тухай бүртгэл”-ийн дэвтэрт гарын үсгээ зурах үүрэгтэй. Хуулийн үндэслэл: Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 5 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах журам”-ын 2.61 “Мэдүүлгийн бүрдүүлэлтийн цахим сан (https://meduuleg.iaac.mn)-д мэдүүлгээ гаргасан бол үнэн, зөв мэдүүлсэн талаарх баталгааг тухайн байгууллагын мэдүүлгийг хүлээн авах эрх бүхий албан тушаалтанд гаргана.”

  1. Мэдүүлэг гаргагч хөрөнгө, орлогод орсон их хэмжээний өөрчлөлтийн тухай мэдэгдэх

Их хэмжээний өөрчлөлтийг цахимаар мэдүүлэхдээ “мэдүүлэг гаргах үндэслэл”-ийг сонгож зөвхөн өөрчлөлт орсон хөрөнгө, орлогыг мэдүүлнэ.

Хуулийн үндэслэл: Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-т Мэдүүлэг гаргагч энэ хуулийн 10.3-т заасан хугацаанд мэдүүлгээ мэдүүлсний дараа хөрөнгө, орлого нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу түүнээс дээш хэмжээгээр өөрчлөгдсөн бол түүнийг тухай бүр 30 хоногийн дотор мэдүүлнэ ./2022 оны байдлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420.000₮  төгрөг байгаа тул 105 сая төгрөг түүнээс дээшхи хэмжээг ойлгоно. /Мэдээлэл: 2022 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хороо Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 550 мянган төгрөг болгож шинэчлэн тогтоосон байна./

  1. Мэдүүлэг гаргагч ХАСХОМ-ээ бодитой, үнэн зөв мэдүүлэх

Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.2. Мэдүүлэг гаргагч нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлого, зээлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т зааснаар мэдүүлэг гаргагч нь өөрийн хувийн ашиг сонирхол, түүнчлэн өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлого, зээлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй.

  1. Хөрөнгө, орлогын эх үүсвэрийн талаар болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг тодорхой тайлбарлах

Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.7. Мэдүүлэг гаргагч хөрөнгө, орлогын эх үүсвэрээ бодитой, үнэн зөв тайлбарлах үүрэгтэй, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.8-д зааснаар мэдүүлэг гаргагч хөрөнгө, орлогын эх үүсвэрийг болон хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг бодитой, үнэн зөв тайлбарлах үүрэгтэй. Хуулийн үндэслэл: Хөрөнгө, орлого, зээлийг мэдүүлэхдээ УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 5 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах журам”-ын 4 дэх хэсгийн 4.4  дэх хэсэгт заасныг баримтална.

Үүнд: Хөрөнгө, орлогыг дараах байдлаар мэдүүлнэ:

 4.4.1.Орлого хэсэгт:

 - “үндсэн цалин, хөдөлмөрийн хөлс, болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлого”;

- “шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах орлого” /Үүнд албан байгууллага болон бусад хуулийн этгээд, хувь хүнээс олгосон шагнал, урамшуулал хамаарна./;

 -“үйл ажиллагааны орлого” /Үүнд үндсэн ажлаас гадуур ажиллаж олсон орлого, хувиараа үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлсний орлого хамаарна./;

-“хөрөнгийн орлого” /Үүнд түрээс, эрхийн шимтгэл, ногдол ашиг, хүүгийн орлого, хөрөнгө бусдад ашиглуулсны орлого хамаарна./;

-“хөрөнгө борлуулсны орлого” /Үүнд хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, хувьцаа борлуулсны орлого хамаарна./; -

“хандивын орлого” /Үүнд бусдаас авсан мөнгөн хандив, тусламж хамаарна./;

-бусад орлого /Үүнд шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээл туурвих, бүтээгдэхүүний ашигтай загвар зохион бүтээх, спорт, урлагийн тоглолт зохион байгуулах, тэдгээрт оролцох замаар олсон орлого, тэдгээртэй адилтгах бусад орлого, шагнал, төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны орлого, төрөөс олгож байгаа бүх төрлийн мөнгөн тэтгэмжийн орлого хамаарна/ дэх хэсэгт заасныг баримтална.

  1. Батлагдсан маягтын дагуу засваргүй, тодорхой бичих, асуулт бүрд хариулах

Хуулийн үндэслэл: УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 5 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах журам”-ын 4 дэх хэсгийн 4.5 дахь хэсэгт зааснаар мэдүүлэг гаргагч мэдүүлгийг засваргүй, тодорхой, ойлгомжтой бичих бөгөөд асуулт бүрд хариулна.

Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг дараах тохиолдолд хянан шалгана.

  • Мэдүүлгээ хуульд заасан хугацаанд нь гаргаж өгөөгүй;
  • Хөрөнгө, орлогын эх үүсвэрийг заагаагүй буюу түүнийг хэрхэн олсон талаар тайлбар гаргаагүй;
  • Хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг бүрэн гүйцэд гаргаагүй;
  • Өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр;
  • Төлөвлөгөөт хяналт шалгалтын дагуу;

Хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх эрх бүхий албан тушаалтан мэдүүлэг засваргүй, бүрэн гүйцэд бөглөгдсөн, хугацаандаа өгсөн эсэхэд хяналт тавьж, мэдүүлгийг зохих журмын дагуу гаргаж өгөхийг шаардах, хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл байвал бүрэн эрхийнхээ хүрээнд хянан шалгах буюу Авлигатай тэмцэх газарт шилжүүлэн шалгуулах үүрэгтэй.

Авлигатай тэмцэх газар нь:

  • Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 3.Хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх эрх бүхий албан тушаалтан мэдүүлэг засваргүй, бүрэн гүйцэд бөглөгдсөн, хугацаандаа өгсөн эсэхэд хяналт тавьж, мэдүүлгийг зохих журмын дагуу гаргаж өгөхийг шаардах, хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл байвал бүрэн эрхийнхээ хүрээнд хянан шалгах буюу Авлигатай тэмцэх газарт шилжүүлэн шалгуулах үүрэгтэй.
  • 5.Авлигатай тэмцэх газар өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр, эсхүл төлөвлөгөөт хяналтаар шалгалт явуулж болно.
  • 6.Энэ хуулийн 4.1-д заасан этгээд хөрөнгө, орлогын мэдүүлгээ хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл эх үүсвэрийг нь заагаагүй буюу түүнийг хэрхэн олсон талаар тайлбар гаргаагүй бол Авлигатай тэмцэх газар тухайн мэдүүлэг гаргагчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгана.
  • Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 26.5. Улсын Их Хурлын гишүүнээс бусад албан тушаалтан хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл бүрэн гүйцэд гаргаагүй бол Авлигатай тэмцэх газар тухайн мэдүүлэг гаргагчийн хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг шалгана.

ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА

  1.  Мэдүүлэг гаргагч Хөрөнгө, орлогын мэдүүлгээ хугацаа хожимдуулж гаргасан, эсхүл бүртгүүлээгүй, худал мэдүүлсэн бол Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8 дахь хэсэгт заасны дагуу дараах хариуцлага хүлээлгэнэ. Үүнд:
  • Сануулах. Нэг сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй буюу худал мэдүүлсэн, хөрөнгө, орлогын мэдүүлгийг Авлигын эсрэг хуулийн 10.4, 10.5-д заасан хугацаанаас хожимдуулсан нь хүндэтгэн үзэх шалтгаантай бол;
  • Албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах. Зургаа хүртэл сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй буюу худал мэдүүлсэн, хөрөнгө, орлогын мэдүүлгээ удаа дараа хугацаа хожимдуулж гаргасан;
  • Албан тушаал бууруулах, эсхүл албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах. Зургаан сараас дээш нэг жил хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй буюу худал мэдүүлсэн бол;
  • Албан тушаалаас нь огцруулах буюу ажлаас халах. Нэг жилийн цалин хөлстэй тэнцэх буюу түүнээс их хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй, худал мэдүүлсэн, эсхүл хөрөнгө, орлогын мэдүүлгийг гаргаж өгөөгүй, гаргахаас татгалзсан.
  1. Мэдүүлэг гаргагч Хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ хугацаа хожимдуулж гаргасан, эсхүл бүртгүүлээгүй, худал мэдүүлсэн бол түүнд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасны дагуу дараах сахилгын шийтгэл хүлээлгэнэ. Үүнд:
  • Хугацаанаас хожимдуулж гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай бол сануулах.
  • Удаа дараа хожимдуулж гаргасан бол албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах;
  • Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.2 дахь хэсэгт заасан хариуцлага хүлээлгэх зөрчлийг удаа дараа гаргасан болон худал мэдүүлсэн бол албан тушаал бууруулах.
  • Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.3 дахь хэсэгт заасан хариуцлага хүлээлгэх зөрчлийг удаа дараа гаргасан болон гаргаж өгөөгүй бол нийтийн албанаас халах сахилгын шийтгэл тус тус ногдуулна.
Төстэй мэдээ