МОНГОЛ СОЛОНГОС БАГШ НАРЫН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТ
#3 (2024.04.29~2024.05.03)
 
Солонгос улс уруу багш солилцоогоор явсан багш нарын маань 3 дахь 7 хоног өнгөрлөө. Солонгосын сургуулиудад хичээлийн жилд дунд, ахлах ангиудад албан ёсоор 4 удаа шалгалт авдаг бөгөөд энэ 7 хоногт шалгалтын хоногууд үргэлжилсэн байна. Монгол багш нар шалгалтын зохион байгуулалт, явцын тухай мэдээлэл авч, хянагч багшийн үүргээр шалгалтад оролцож, туршлага судалжээ. Үүнээс товч дурдвал:
 
- Шалгалтын 7 хоногт хичээл орохгүй, сурагчид батлагдсан хуваарийн дагуу шалгалтад хамрагдана.
- Сургуулиуд шалгалтын сэдвийг дотооддоо боловсруулдаг ч битүүмжилж, уутлах бөгөөд суралцагчид хариултын хуудсан дээр ажиллаж байна.
- Даваа гарагийн өглөө бүх суралцагчдад шалгалтын зохион байгуулалтын тухай нэгдсэн мэдээллийг танилцуулж, багш нар хоорондоо солигдож авч байна. Заавал мэргэжлийн багш тухайн хичээлийн шалгалтыг авна гэх мэт хатуу шаардлага байхгүй.
- Сурагчид хугацаанаасаа өмнө дууссан ч шалгалтын цаг дуустал тухайн танхимаас гарахгүй, шалгалт авч байх үеэр давхар бүрт жижүүр багш зогсож шалгалтын зохион байгуулалтыг хангаж ажиллаж байна.
 
Хичээлийн ажиглалт, тэмдэглэл:
 
Бага сургуульд хуваарилагдсан багш нарын хувьд хуваарийн дагуу 4, 5, 6 дугаар ангийн 14-н бүлэгт бага боловсролын багшийн хичээлд сууж багш нарын сургалтын бэлтгэл ажил, арга зүй, хэрэглэгдэхүүн,мэдээллийн технологийг сургалтад хэрхэн ашиглаж буй байдалд ажиглалт хийлээ.
- Ангид тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай суралцагч байгаа тохиолдолд дэмжлэг шаардлагатай суралцагчдад нэмэлт мэргэжлийн багш ажиллана. 
- Багш нар сургалтад ихэвчлэн тоглоомын аргыг ашиглаж байгаа нь тухайн хичээлийн агуулгыг сурагчдад ойлгоход илүү хялбар бөгөөд маш сонирхолтой болгожээ.
- Хичээлийн агуулга нь дасгал ажлын ном хэлбэрээр хэвлэгдэн гардаг ба сурагчид хуваарийн дагуу дасгал ажлын ном дээрээ ажилладаг байна.
- 3, 4 дүгээр ангийн сурагчид ТАБ, 5, 6 дугаар ангийн сурагчид notebook ашиглаж байна. Сурагчид сургалтад шаардагдах нэмэлт мэдээллүүдийг багшаас QR код авч, уншуулж, дэлгэрүүлэн судалж байна.
- Сурагчдад гэрийн даалгавар бараг өгөхгүй байгаа нь ажиглагдав.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Төстэй мэдээ