PEАRSON BTEC ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН БАГШ, АРГА ЗҮЙЧ НАРТ МЭРГЭЖИЛ, АРГА ЗҮЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
Монгол Улсын урт хугацааны бодлого “Алсын хараа - 2050”, Засгийн газрын 2020 – 2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Цахим Үндэстэн” болох уриалгыг дэвшүүлсэн төдийгүй мэдээллийн технологийг эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн нэгээр нэрлэсэн. Энэ хүрээнд ирээдүйд шаардагдах мэдээллийн технологийн салбарын эрэлтийг хангах, боловсон хүчнийг бэлдэхийн тул олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Pearson BTEC international IT level 3 хөтөлбөрийг төрийн өмчийн 5 политехник коллеж, хувийн хэвшлийн 1 политехник коллежид энэ хичээлийн жилд туршин хэрэгжүүлж байна.
Энэ хүрээнд политехник коллежийн мэдээллийн технологийн 20 гаруй багш, арга зүйч нарт Улаанбаатар хотноо мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалтад хамрагдаж байна.
Сургалтаар Pearson BTEC хөтөлбөрийн агуулга, арга зүй, үнэлгээний үйл явцыг зураглан тодорхойлох, 4 модулыг чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийн загварт оруулан боловсруулах, үнэлгээний аргачлал, төлөвлөгөө, даалгавар боловсруулах тулгамдаж буй асуудлыг илрүүлэх, сайн туршлага, арга зүйгээ хуваалцах юм.
Pearson BTEC international IT Level 3 хөтөлбөр нь 71 улсын Засгийн газар, мэргэжлийн холбоод, ажил олгогч болон 300 гаруй их дээд сургуулиудаар хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд суралцагч дээрх орнуудын их дээд сургуулиудад дэвшин суралцах, мэргэжлээрээ ажил хөдөлмөр эрхлэх бүрэн боломжтой болох юм.
Монгол Улсад Ражив Гандийн Нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж, Техник Технологийн Политехник Коллеж, Өмнөговь Политехник Коллеж Дорнод Политехник коллеж Хөвсгөл аймаг дахь Политехник коллеж Ховд аймаг дахь Хөгжил Политехник коллеж Pearson BTEC international IT Level 3 хөтөлбөрийг хэрэгжүүлэх албан ёсны төвийн эрхтэй мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын байгууллага юм.
Өнөөдрийн байдлаар дэлхийн даяар Pearson BTEC хөтөлбөрийн 800 гаруй албан ёсны төв үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд мэргэжлийн боловсролын 15 салбарт 2000 гаруй мэргэжлээр 1 сая суралцагч төгсөж байна.
Боловсрол, шинжлэх ухааны яам
Боловсролын ерөнхий газар
IEDC Pearson хөтөлбөрийн Монгол дахь төлөөлөгч газар
Үйлдвэрлэл Урлалын политехник коллеж
Төстэй мэдээ