“ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙН ХҮҮХДИЙН НҮДНИЙ ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ НЬ” СУРГАЛТ ТӨВ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Боловсролын ерөнхий газар нь Орбис олон улсын байгууллагатай хамтран “Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн нүдний эрүүл мэндийг дэмжих” төслийг Архангай, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Завхан, Төв аймгууд болон Улаанбаатар хотын Багануур дүүргийн сонгогдсон 33 цэцэрлэг, сургууль дээр 2024 оноос эхлэн хэрэгжүүлэн эхлээд байна.
Уг төсөл нь хүүхдийн нүдний эрүүл мэндийг сайжруулах, харааны үзлэгийн үр дүнтэй загварыг бий болгох замаар цэцэрлэг, сургуулийн орчинд хараа шалгах чадавхыг бий болгох зорилготой бөгөөд төслийн хүрээнд 211 багш, ажилтныг сургаж 37400 хүүхдийг илрүүлэг үзлэгт хамруулах юм.
Төслийн хүрээнд эхний орон нутгийн сургагч багш бэлтгэх сургалтыг Төв аймгийн ерөнхий боловсролын “Хүмүүн” цогцолбор сургууль, 4 дүгээр сургууль, 5 дугаар сургууль, Батсүмбэр сумын ерөнхий боловсролын сургууль, “Хүмүүн” цэцэрлэгийн багш, эмч, нийгмийн ажилтан, эцэг эх, асран хамгаалагч, аймгийн нэгдсэн эмнэлгийн нүдний сувилагч нарын төлөөллийг оролцуулан 2024 оны 4 дүгээр сарын 1-2-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Сургагч багшаар Бостон хотын Нью Ингланд Хараа зүйн коллежийн хүндэт профессор Брюс Мүүр, Швейцарын Биоком компанийн захирал, Эрүүл мэнд ба оюун санааны хөгжлийн сангийн гүйцэтгэх захирал, хүүхдийн нүдний эрүүл мэндийн “Туяа ба шидэт зүлэг” номын зохиогч доктор Кеннет Йонгстейн, Клиникийн Профессор, Анагаах Ухааны магистр, хүүхдийн нүдний эмч Г.Нансалмаа нар ажиллаж байна.
Тус сургалтаар:
• Төслийн танилцуулга, хамтрагч байгууллагуудын оролцоо
• Хүүхдийн хараа, түгээмэл тохиолдох нүдний эмгэг, харааны урьдчилан сэргийлэх үзлэгийн ач холбогдол
• Бага насны хүүхдийн хараа шалгах аргачлал ба дадлага
• Дунд ба ахлах ангийн хүүхдийн хараа шалгах аргачлал ба дадлага
• Нүдний эрүүл мэндийн боловсрол олгох аргачлал
• Харааны үзлэгийн үр дүнг тэмдэглэх, харааны эмгэгтэй илэрсэн хүүхдийг дараагийн шатлалд илгээх журам
• Цэцэрлэг, сургуулийн илрүүлэг үзлэгийн зохион байгуулалт, төлөвлөгөө дадлага ажил зэргийг ажиллаж онол, дадлага хосолсон хэлбэрээр суралцаж байна.
Сургалтын үеэр бага ангийн 30 сурагч, ахлах ангийн 10 сурагчийг үзлэгт хамруулан эцэг эх, асран хамгаалагчийн төлөөлөлд профессор Брюс Мүүр, доктор Кеннет Йонгстейн нар сургалт, мэдээлэл хийж байна.
Төстэй мэдээ