"Хүүхдийн хоол" ном

ШИМ ТЭЖЭЭЛИЙН ТЭНЦВЭРТЭЙ ЦЭС

Хүнс хоолонд агуулагдах шим тэжээлийн бодисыг уураг, өөх тос, нүүрс ус, аминдэм, эрдэс бодис, ус гэсэн зургаан үндсэн бүлэгт ангилдаг. Хүнс бүр шимт бодисыг тодорхой хэмжээгээр агуулах бөгөөд зарим шимт бодисыг агуулахгүй байх нь ч бий. Эрүүл оршихуйн төлөө чанартай хооллоно гэдэг нь тухайн хоолны шимт бодисын агууламжтай шууд хамааралтай бөгөөд хоногт зайлшгүй авах шимт бодисын зөвлөмж хэмжээг хангах 4-5 бүлгийн хүнсний орц бүхий хоолыг тэнцвэртэй хооллолт гэж ойлгож болно.
Сургуулийн үдийн хоол шим тэжээлийн тэнцвэртэй байх нь хоолоор үйлчилж буй үндсэн зорилго бөгөөд үүний тулд хоолны цэс төлөвлөлт оновчтой, зөв байх шаардлагатай. Энэхүү ном шим тэжээлийн тэнцвэртэй хоолыг өнгөний систем ашиглан хялбар байдлаар хэрэгжүүлэх боломжийг бий болгохыг зорьсон болно.
Хүнс бүрт агуулагдах шимт бодис, түүний агууламжийг хүн бүр мэдэхгүй тул эрүүл мэндэд чухал шаардлагатай шимт бодисын эх үүсвэрийг илэрхийлэх зурагт зөвлөмжийг улс орнууд ашигладаг.
Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд “өнгөний систем”-ийг анх удаа нэвтрүүлэхээр энэхүү номыг бүтээж байгаа бөгөөд энэ нь хүнсний бүлгийн шим тэжээлийн эх үүсвэрт тулгуурлан өнгөөр ялгаж, нэг удаагийн хэрэглэх хэмжээг илэрхийлэх шийдэл юм. Өнгөний системийн үндэс нь Монголчуудын зөв хооллолтын зурагт зөвлөмж болох ГЭР зөвлөмж юм.
Тэнцвэртэй хоолны иж бүрдэл: Шөл, үндсэн хоол, бусад гэсэн бүлгээс сонгохдоо хоолны түүхий эдийн төсөвт өртөгт багтаан шим тэжээлийн тэнцвэрт байдлыг хангана. Хоолны төсөвт өртөг, шим тэжээлийн агууламжийг 7 хоног ба сарын дунджаар зохицуулах боломжтой бөгөөд сарын дундаж үзүүлэлт нь төсөвт багтаж, шимт бодисын зөвлөмжийг хангасан байна.

Тус номыг энд дарж татаж авч үзнэ үү.

Төстэй мэдээ