ТАНХИМЫН СУРГАЛТАД ХАМРАГДАХ БОЛОМЖГҮЙ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХДҮҮДЭД “ДЭМЖИХ ҮЙЛЧИЛГЭЭ” үзүүлсэн туршилтын үйл ажиллагааны тайлангийн хурал зохион байгуулагдлаа.
Боловсрол шинжлэх ухааны яам, Боловсролын ерөнхий газар, Нийслэлийн боловсролын газар, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Боловсролын үнэлгээний төв болон төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд:
 
Нийслэлийн 186 дугаар цэцэрлэг, ерөнхий боловсролын 25,55,70,116 дугаар сургууль болон “Ээлтэй ертөнц”, “Эрхэм нандин сувд”, “Энэрэлийн түүчээ”, “Аутизмд хийсэн аялал”, “Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо төрийн бус байгууллагуудтай хамтран 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 31-нийг өдрийг хүртэлх хугацаанд танхимын сургалтад хамрагдах боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд “Дэмжих үйлчилгээ” үзүүлэх туршилтын үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллалаа.
 
Дээрх байгууллагуудын удирдах ажилтан, мэргэжилтэн, төр болон төрийн бус байгууллагын холбогдох төлөөллүүд 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр дэмжих үйлчилгээний туршилтын үйл ажиллагааны тайланг хэлэлцлээ.
 
Туршилтын хувилбараар хүүхэд бүр хөгжлийн онцлогт тохирсон сэргээн засах, хөдөлгөөн засал, хөдөлмөр засал, бариа массаж үйлчилгээ, бүлгийн болон ганцаарчилсан хэлбэрээр цогц дэмжлэг үзүүлж боловсролын үйлчилгээнд хамрууллаа.
 
Энэхүү дэмжих үйлчилгээнд танхимын сургалтад хамрагдах боломжгүй 106 хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хамруулан, үе тэнгийн хүүхдүүдтэй нь хамт хөгжүүлэх, нийгэмд дасан зохицож амьдрахад нь туслах, өөрөө өөртөө үйлчлэх болон энгийн дадал хэвшилд сургах чадваруудыг алхам алхмаар эзэмшихэд дэмжлэг үзүүлсэн.
 
Мөн хүрээнд багш нар бусдаасаа суралцан хөгжиж бие биеэсээ туршлага судалсан, эцэг эх, асран хамгаалагчид ажил хийх, өөртөө цаг гаргах, эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдах зэрэг боломж нээгдсэн.
 
Туршилтын хугацаанд төрийн бус байгууллагуудын дэмжих үйлчилгээ үзүүлэх санхүүжилтийг шийдвэрлэж, оролцогч байгууллагууд дэмжих төвийн үйлчилгээний хувилбарын саналуудыг тодорхойлж саналаа хэлэлцүүлсэн болно.
 
Цаашид дэмжих үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий төв нь тасралтгүй тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд төр засгийн зүгээс бодлогоор дэмжиж, төвийн бүтэц, орон тоо болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэнд шаардлагатай үйлчилгээг үе шаттай үзүүлэх чиглэлээр үйлчилгээний төрлийг тодорхойлох мөн төвийн үйлчилгээний санхүүжих нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Боловсрол шинжлэх ухааны яам хамтран эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгцээтэй байна.
Төстэй мэдээ