БОЛОВСРОЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТЭД ХИЙСЭН ТӨЛӨВЛӨГӨӨТ БУС ДОТООД АУДИТЫН ТАНИЛЦУУЛГА

БОЛОВСРОЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТЭД ХИЙСЭН ТӨЛӨВЛӨГӨӨТ БУС ДОТООД АУДИТЫН ТАНИЛЦУУЛГА

 

2022 оны 08 дугаар сарын 24-ны өдөр Улаанбаатар хот

 

НЭГ. ШАЛГАЛТЫН ЗОРИЛГО

Боловсролын ерөнхий газарт хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, санхүүгийн холбогдох хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, тэдгээрт нийцүүлэн эрх бүхий байгууллагаас гаргасан дүрэм, журам, заавар, стандартыг мөрдөж байгаа байдалд дотоод аудит хийж, үнэлэлт дүгнэлт өгөх, илэрсэн зөрчил, дутагдлыг арилгуулах, цаашид үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж гаргахад дотоод аудитын зорилго оршино.

 

ХОЁР. ШАЛГАЛТАД ХАМРАГДСАН АСУУДЛУУД

Боловсролын ерөнхий газар хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн хэрэгжилтэд дотоод аудит хийлээ.

 

ГУРАВ. ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫН АРГАЧЛАЛ

Байгууллагын ахлах нягтлан бодогч, санхүүгийн ажилтнуудад зорилго, хэрэгжүүлэх

зарчмыг танилцуулж, аудитын хамрах хүрээнд багтаасан асуудлуудын хүрээнд холбогдох албан тушаалтнуудаас гаргуулж авсан бичиг баримтад дүн шинжилгээ хийлээ. Аудитын эдгээр горимын үр дүнд ажлын хэсэг нотлох баримт цуглуулж, дүгнэлт, зөвлөмж гаргасан болно.

 

ДӨРӨВ. ШАЛГАЛТЫН ЯВЦАД ХИЙГДСЭН АЖИЛ

 

Дотоод аудитаар нэмэлт санхүүжилтийн дансаар орсон төслийн санхүүжилтийг зарцуулах 10 ширхэг 1,061,784.6 мянган төгрөгийн, үндсэн санхүүжилтийн данснаас удирдлагын тушаалаар зарцуулсан 7 ширхэг 444,127.8 мянган төгрөгийн зардал зарцуулах тушаалын хэрэгжилт, холбогдох баримт материалд хяналт хийлээ. Мөн Хяналт-шинжилгээ дотоод аудитын газрын даргын чиг үүргийн хүрээнд түүврээр 17 ширхэг тушаал, 4 ширхэг гэрээг анхны төсөлтэй тулган баталгаажууллаа.

 

ТАВ. ДҮГНЭЛТ

 

1. Төслөөр хэрэгжүүлж буй ажил үйлчилгээ гүйцэтгэх гэрээг хэт ерөнхий утгатай, хавсралтыг огт хийдэггүйгээс гэрээгээр хийх ажил тодорхой бус, ажлын график, ажил үүргийн хуваарь байхгүй байгаа нь гэрээний хэрэгжилтэд эрсдэл үүсэх нөхцөл болж байна;

2. Ажил гүйцэтгэх гэрээний жишиг загварыг нөхөн бичих байдлаар гэрээг үзэглэсэн нь тухайн ажлыг гаднын байгууллагаар зайлшгүй хийлгэх шаардлагагүй, өөрсдийн мэргэжилтэн, арга зүйчдийн үндсэн ажлын төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэх боломжтой болгон харагдуулж байна;

3. Тухайн сонгосон аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран ажиллах гэрээг үзэглэх нөхцөл, шалтгааныг гэрээнд тусгадаггүй;

4. Гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын актыг үйлдэхдээ гүйцэтгэлийн хувь, чанарын талаар тодорхой тусган ажилладаггүй;

5. Төслөөр хэрэгжиж буй ажил үйлчилгээний тайлан чанаргүй, ерөнхий, хүрсэн үр дүн тодорхойгүй байгаад холбогдох албан тушаалтнууд хяналт тавьдаггүй. Энэ нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.1 дэх заалт “Төсвийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах”, хуулийн 16.5.2 дахь заалт “Батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих”, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг “үр ашигтай байх”, 4.1.7 дахь заалт “бодитой байх”, 4.2.3 дахь заалт “хэрэгжүүлэх аливаа үйл ажиллагаа, арга хэмжээ нь хамгийн бага зардлаар хамгийн өндөр үр дүнг хангахад чиглэсэн байх” заалтуудтай тус тус нийцэхгүй байна;

6. Төсөл хөтөлбөрийн төсвийн зардлын задаргаа нь тодорхойгүй, төлөвлөж буй зардлыг нэг бүрчлэн хянан үзэхэд материаллаг бус, бодитой биш /тухайлбал хоол, тараах материал, гарын авлага/ байгаад холбогдох албан тушаалтнууд хяналт тавьдаггүй, зах зээлийн үнэтэй дотооддоо харьцуулалт хийдэггүй нь Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.16 дахь заалт "хөтөлбөр гэж төсөв хуваарилах зорилгоор үр дүнг нь тооцож, тайлагнаж болохуйц өөр хоорондоо уялдаа бүхий төрийн чиг үүргийг хангахад чиглэсэн багц арга хэмжээг” Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7 дахь заалт “Аливаа үйл ажиллагааны зохион байгуулалт нь өртөг зардлын бодит тооцоолол, баталсан стандарт, хэрэгцээ, шаардлагад үндэслэгдсэн байх”, нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.5 дахь заалт “Дансны өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах, ажил, гүйлгээг гарахаас нь өмнө хянан, баталгаажуулах” заалтуудтай нийцэхгүй байн;.

7. Хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн дараа тайлан бэлтгэдэггүй, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтын бүрдэл дутуу байгаа нь нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.1 дэх заалт “Анхан шатны баримт бүрдүүлэх” заалттай нийцэхгүй байна;

8. Төсөл хөтөлбөрийн санхүүжилтийн орлого, зарлагыг шилэн дансанд байршуулаагүй, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байна.

 

ЗУРГАА. ЗӨВЛӨМЖ

1. Тушаал, тушаалын хавсралт, ажлын төлөвлөгөө, гэрээ хэрэгжүүлэх хугацааг нягталж хэвших

2. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах, тушаалаар томилогдсон эрх бүхий албан тушаалтан байгууллагыг төлөөлөн гэрээ байгуулах

3. Нягтлан бодогч тушаалын төслийг хянахдаа төсвийн задаргааг нарийвчлан хянаж байх,

4. Эрх нээлгэсэн зардлын эдийн засгийн ангиллын дагуу ажил гүйлгээ хийх, бүртгэх, Сангийн сайдын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 190 дүгээр тушаалыг хэрэгжүүлэн ажиллах

 

ДОЛОО. САНАЛ

Дотоод аудитын ажлын хэсгийн зүгээс Боловсролын ерөнхий газар нь “Төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, дагаж мөрдөх дотоод журам”-тай болох санал дэвшүүлж байгаа бөгөөд, журамд төсөл хэрэгжүүлэх зорилго, үндсэн зарчим, боловсруулах, мэдүүлэх, сонгон шалгаруулах, гэрээ байгуулж баталгаажуулах, санхүүжүүлэх, хэрэгжилтийн явц, гүйцэтгэлд хяналт тавих, үр дүнг мэдээлэх, тайлагнах, баталгаажуулах, үр дүнг хүлээлгэн өгөх, санхүүгийн тооцоо хийх үйл явцыг нарийвчлан тусгахыг зөвлөж байна.

 

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ДОТООД АУДИТЫН ГАЗАР

Төстэй мэдээ