Багшийн мэргэжлийг яагаад өөрөөр авч үзэх болов?

Хүн төрөлхтний хөгжлийн гарц нь мэдлэгийн нийгэмд шилжиж, мэдлэг шингэсэн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гарган боловсролыг аливаа улс үндэстэн хөгжин цэцэглэх, эрүүл, тэгш нийгмийг бүтээх хамгийн сайн хөрөнгө оруулалт, хүний хөгжлийн гол шалгуур үзүүлэлт хэмээн үзэж байна. Энэ утгаараа улс орны хөгжил, шинжлэх ухаан, техник, технологийн дэвшил, өрсөлдөх чадвар нь хүний хөгжилтэй, хүний хөгжил нь боловсролын хөгжилтэй, боловсролын хөгжил нь багшийн хөгжилтэй шууд холбоотой хэмээн үзэж болно. Багшийн тасралтгүй хөгжлийг ойлгохын тулд багш, багшлахуйн тухай бодож үзэх хэрэгтэй.

Áàãø, áàãøëàõóéí ¿éëèéí òóõàé ýðãýö¿¿ëýí áîäîöãîî¸

Багшлах гэсэн утгатай “teach (эртний хувилбар нь taecan)” хэмээх англи үг нь харуулах”, “заах (хуруугаараа)”, “заах (багшлах)”, “тунхаглах”, “анхааруулах”, “ятгах гэх мэт утгыг илэрхийлдэг. Багшлах гэдэг үгэнд багтаж буй дээрх санаанууд бүгд “ямар нэгэн зүйл”-ийг “хэн нэгэн”-д “ямар нэгэн зорилго”-оор үйлдэж буйг илэрхийлнэ. Багшлахуй нь тодорхой агуулга, утга санааны цогцыг тодорхой зорилгоор, тодорхой үзэл хандлагын дагуу суралцагчтай харилцах харилцаагаар дамжуулан хүргэх явц юм (Biesta & Stengel, 2016).

Багшлах гэдэг өргөн хүрээ бүхий ойлголт бөгөөд түүний цаана харилцан ялгаа бүхий маш олон нэгж үйл, үйлдлийг ойлгож болно. Жишээ нь үйлдлийн үр дүнгээс үл хамааран багш ажлын байрандаа тодорхой хугацаанд байхыг “багшлах” гэж болно. Багш бусдын авьяас, ур чадварыг нээн хөгжүүлэхийн төлөө олон жил ухаан, сэтгэл зүрхээ дайчлан ажилласны үр дүн амжилтад хүргэн, амьдралд нь чанарын өөрчлөлт гаргахад нөлөөлөх цогц үйлийг ч мөн багшлах гэж хэлж болно. Багшийн үйлийн үр дүн ямар ч байж болох бөгөөд албан болон албан бус ямар ч хэлбэртэй байж болно.

Багшлах үйлийг энэ мэтээр олон янзаар ойлгох боломжтой учраас багшийн хөгжлийг тодорхойлох эхний алхам бол өөрийн багшлах үйлийн мөн чанар, үр дүн яг юу байхыг тодорхойлох явдал юм. Biesta & Sten­gel (2016) нар багшлах үйлийн чиг баримжааг тодорхойлох “Боловсролын эцсийн зорилго юу вэ?”, “Суралцагч болон багшлах үйл (мэдлэг, агуулгын мөн чанар)-ийг хэрхэн ойлгож, хандах вэ?”, “Багш суралцагчтай хэрхэн харилцах вэ?” гэсэн 3 асуултыг санал болгодог байна. Эдгээр асуулт нь багш өөрийнхөө хандлага, итгэл үнэмшлийг тодорхойлох төдийгүй багшлах ажлын үнэ цэн, багшийн хөгжлийн мөн чанарыг тодорхойлоход тусална.

/Багшийн хөгжил-мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын гарын авлага-I/ 

Төстэй мэдээ