
Та олон жил сурган хүмүүжүүлэгч хийсэн хүний хувьд хүүхдүүдтэй ажилласах арвин туршлагатай. Үе тэнгийн хүүхдүүдийн хүчирхийлэл, дээрэлхэлтийн шалтгаан нь ямар шалтгаанаар үүсч байна вэ?
Миний бодлоор нийгмийн ихэнх зөрчилдөөн нэгдүгээрт үл ойлголцол, эрх ашгийн зөрөөнөөс болж үүсдэг. Насанд хүрэгчдийн хувьд эрх ашгийн зөрчилдөөн, үл ойлголцох нь олон байдаг. Харин хүүхдийн хувьд ихэвчлэн үл ойлголтын зөрөө их байдаг. Тухайн хүүхэд хошигнож, шоглож байхад нөгөө хүүхэд нь доромжилж байна гэж ойлгох, эсвэл нэг хүүхэд нэгнээ гоочиллоо гэхэд тухайн хүүхдийн эмзэг байдалд нь халдсан байдаг гэх мэтчилэн олон шалтгаан бий. Иймээс боловсролын байгууллагад ажиллаж байгаа хүмүүс аль болох тухайн ойлголтыг засч явах ёстой. Бусдын эмзэг байдалд халдахгүй байх гэдэг ойлголтын цаана юу юу байж болох талаар, халдах гэдэг үгний цаана ямар ямар үйлдлүүд байдаг, юу юу багтах мөн хэм хэмжээний боловсрол гэдэгт ямар ямар зүйлийг хүлээн зөвшөөрдөг, юуг хийж болдоггүй вэ гэдгийг ойлгуулчихвал хүний бусадтай хамтрах, ойлголцох, харилцах суурь болж өгдөг.
Иймээс нийгмийн ухаан, эрх зүйн тухай ойлголт цаашлаад хүүхдийг хөгжүүлэх энэ чиглэлийн боловсрол, хүүхдийг хөгжүүлж төлөвшүүлж байгаа бүхий л явц, хэм хэмжээ, хоорондоо хэрхэн харилцах вэ гэдэг мэдлэгийг хүний эрх дээр суурилж заах нь зөв зүйтэй юм. Соёлын зөрүүтэй байдлын асуудал байна. Жишээлбэл: Монголчууд жоохон хүүхдийг тамхилж байна гэж үнэрлэдэг. Энэ нь Монголд хэвийн ойлголт мэт боловч гадны хүний нүдээр харахаар болохгүй үйлдэл байдаг. Дэлхий хавтгай болж, олон улстай харилцаж байгаа үед дэлхийн соёлоос бас сурч байх л хэрэгтэй. Эс бөгөөс соёлын зөрүүнээс болж асуудалд орох хандлага байдаг. Зарим нэг онцгой тохиолдолд нүүдлийн ба суурин соёлын хандлага, философи нь өөр учраас зайлшгүй гардаг зөрүү ойлголтууд байна. Жишээлбэл: Ерөнхийлөгчийн зарлигаар “Монгол арга билгийн ухаан” гэдэг ажлын хэсэг гарч судалгаа хийсэн юм. Монгол хүний нүүдлийн соёлын онцлогийн талаар судалсан. Үүнд: Нүүдлийн соёл, суурийн соёл хоёр хоорондоо маш ялгаатай нь харагдсан. Нүүдлийн соёлын онцлог нь ахчлах, дүүчлэх, ураг, удмын бүлгэрхэх системтэй байдаг. Ийм бүлгийн системд эрэмбэ, дараалал байх замаар харлцан зохицдог. Харин суурьшмал соёлд бүгд нэгэн зэрэг хамт оршдог учраас харилцаа нь хүртэл би, чи гэж явагддаг. Тэгэхээр бидний багш шавь, ах зах нь дээд доод төвшинд байдаг бол суурьшмал газар бид бүгд адил тэгш. Хөдөө орон нутагт амьдарч байгаа монголчууд нүүдлийн соёлын хэв шинжтэй, харин хотод амьдарч байгаа хүмүүсийн хувьд суурьшмал соёл давамгайлсан байгаа юм.
Иймээс бид гадна, дотно гэлтгүй өөрсдөө анхаарах асуудлууд байна. Энэ бүгдийг мэдрэмжтэйгээр зохицуулж байгаа газар асуудал үүсэхгүй. Хэрэв мэдрэмжгүй, зохицуулж чадахгүй байгаа газарт асуудал гарч байдаг байна.
Суурин газарт бид хоорондоо дарга, цэрэг гэлтгүй харилцаж сурсан. Энэ нь хүүхдүүдэд уламжлагдаж үлдэж байгаа нь их сонирхолтой байна.
Миний хувьд суманд бага анги, аймгийн төвд 8-р ангиа төгсч, Эрдэнэтэд 10-н жилээ төгссөн. Эрдэнэтэд төгссөн сургууль маань орос сургууль байж байгаад монгол сургууль болсон. Хэдий байр нь хэвээрээ ч гэсэн монгол хүүхэд хичээллэхэд ахуй орчин нь тэс өөр болсон байдаг. Тэгэхээр орос хүүхдийн орчин өөр, монгол хүүхдийн орчин өөр болж байгаа юм. Энэ нь соёлын ялгааны асуудал юм. Хэрвээ Улаанбаатар хотод сая таван зуун мянган гадаад хүмүүс амьдарвал соёл бас л өөр байх байсан. Ядаж замын түгжрэлд ч нөлөөлж магадгүй юм. Тэгэхээр хэм хэмжээний суурь ойлголт нь соёл юм. Үүнийг маш сайн заах ёстой.
Монголчууд нүүдлийн соёлоос суурин соёл руу шилжихдээ хоорондоо ойлголцож чадахгүй яваад байна гэж ойлгож болох уу?
Үүнийг нэг журмаар зохицуулдаг. Хотын соёл хөдөөд, хөдөөгийн соёл хотод зохицохгүй байгаа юм. Бид соёлын зөрөө арилгах зүйл хийхгүй байна. Би өмнө нь Австралид очиж байсан. Австралид очиход хамгийн эхэнд соёлоо зааж өгдөг. Манай улсад амьдрах хүмүүс ингэх ёстой гэж үнэгүй хичээл заадаг. Америк орноос ялгаатай нь Америкад хүн бүх юмыг өөрийнхөөрөө, өөрийн сэтгэл хөдлөлөө байж болно. Харин энэ улсад найрсаг байдлыг эрхэмлэдэг учраас та яаж ч уурлаж байсан ингэж харилцах ёстой гээд бүх музейг үзүүлдэг жишээ байдаг. Энэ нь тухайн соёлыг өөрийнхөөрөө хөрвүүлж ойлгох боломжийг бий болгож байгаа юм. Үүнийг эс ойшоовол нь нийгэмд үл ойлголцол, зөрчлийг үүсгэж байна. Хууль журмын хувьд олон зүйлс байгаа ч соёлын хувьд ийм зүйлсээс эхэлнэ.
Таныг “Шинэ эрин” сургуулийн захирлаар ажиллаж байх үед тухайн сургууль нь үе тэнгийн дээрэлхэлт, хүчирхийлэл маш бага гэж хүн бүр ярьдаг байсан. Тухайн үед таны баримталж байсан онцлог, авч хэрэгжүүлж байсан арга хэмжээгээс дурдвал?
Нийслэлд боловсролын 1000 байгууллага, 50000 хүн ажиллаж байна. 500000 хүүхэд сурч боловсорч байна. Тэдний цаана 1000000 эцэг эх байна. Нийт 1600000 мянган хүмүүсийн хоорондын харилцаан дээр боловсролын тогтолцоо явагдаж байна. Энэ хүмүүсийн харилцаан дунд санал зөрөх, үл ойлголцох гэх мэт бүхий л төрлийн үйлдэл явагдана. Нэг сургууль, нэг байгууллага, нэг дүүрэг ч бай бүгд нэг нийгэм юм. Дотор нь явагдаж байгаа зүй тогтолд зөрчлөө хэрхэн шийдэж байна вэ гэдэгт бид анхаарах хэрэгтэй. Санал зөрлөө гэхэд үүнийг яаж шийдвэрлэх вэ гэдэг нь чухал.
Багш нарын хувьд үзэл бодол нээлттэй байх хэрэгтэй. Үзэл бодлоос нь болж хэнийг ч буруутгаж болохгүй ба энэ нь тухайн хүний л бодож байгаа бодол юм. Харин асуудлыг шийдэх шийдвэрүүд бүгд нэг ойлголтонд байх ёстой. Хүн төрөлхтний түүхэнд хүмүүс шийдвэр гаргахдаа нэгдүгээрт хамгийн хүчтэйгийнхээрээ хоёрдугаарт олонхоороо гуравдугаарт мэргэжлийн гэсэн чиг баримжааг ашиглаж, шийдэж байна. Иймээс бид багш, эцэг эхчүүдтэй ямар асуудлыг олонхоороо шийдэх, юуг хамгийн хүчтэй хүнийхээр шийдэх гэдэг хүрээ заагийг шийдэх хэрэгтэй. Ийм ажлыг олонхоороо шийднэ. Энийг мэргэжлийн хүнийхээр шийднэ. Харин ийм асуудлыг захирлын тушаалаар шийднэ гэж журмын зохицуулалтыг хийсэн байна.
Хоёрдугаарт бид юуг үл тэвчих вэ гэдэг хязгаараа маш сайн гаргасан байх ёстой. Нийгэм юуг хийвэл сайн гэж үзэх, юуг хийвэл болохгүй гэж үздэг зүйлс бий. Хүүхдийн орчинд хүүхэд байнга нөхцөл байдлаас суралцаж байдаг учраас уян хатан байх ёстой.
Анх америкаас ирсэн багш нар “сургалтын хөтөлбөр нь олон улсынхаар явж байгаа ч үйл ажиллагаа маань монгол арга ухаанаар явж байна” гэсэн санал гаргаснаар биднийг гайхшируулсан юм. Иймээс соёлын хувьд өөр байх шийдвэр гаргаад, америк багш нараар бүрдүүлсэн ажлын хэсэг томилон, 3 сарын турш судалгаа хийж, сургуулийн хэмжээнд бүх хүүхдүүд мөрдөх дүрэм журмын системийг танилцуулсан. Америк болон барууны сургуулиудын түгээмэл явж байгаа загварт суурилсан байсан нь монголчуудын хувьд цочирдмоор байсан. Жишээлбэл: Америкт дараах 700 үгийг хэлж болохгүй гэдэг англи үгний жагсаалт байдаг. Дараа нь дараах биеэр үйлдэх хүчирхийллийн үйлдлийг хийж болохгүй гэж заасан байдаг. Цохих, зодох, үнсэлцэх, тэврэлдэх, хэчнээн см зайд яаж байх гэх мэтчилэн бүгд нарийн байдаг. Үүнээс жишээ авч бид дотоод журмандаа хөрвүүлсэн юм. Нэгдүгээрт биеэр үйлдэх цохих, зодох гэх мэт бүх үйлдлийг хязгаарлая. Хоёрдугаарт бэлгийн хүчирхийллийн асуудал бий. Эсрэг хүйсийн хүүхэд хүсээгүй байхад ахлах ангийнхны дунд 30 см дотор үйлдэл хийвэл болохгүй гэдгийг зааж өгөөд ойлгуулж байгаа. Гэтэл монгол орчин эрэгтэй хүүхэд, эмэгтэй хүүхдийн лэвчикнээс татаа л биз яадаг юм гэсэн хандлага байдаг. Үгийг хоригт бид тухайн 700 үг хэлж болохгүй гэж нэг бүрчлэн цээжлүүлэхгүйгээр, утгаар нь логикоор нь авсан. Үгээр бусдад халдаж болохгүй. Тухайн хүний эрхэм зэргийг бууруулсан байдлаар халдаж болохгүй гэдэг нь хүнийг хог, новш гэж хэлэхгүй гэсэн үг. Жишээлбэл тухайн хүний төвшнийг хогтой зүйрлэж байгаа нь доромж утгатай гэж үзэн, төвшин бууруулсан үг хэллэгийг хэрэглэж болохгүй. Энэ нь зөрчил болно. Мөн хүний эмзэг байдалд халдаж болохгүй. Өнчин хүүхдийг чи өнчин гэж хэлж болохгүй, тарган хүүхдийг тарган гэж тухайн хүний эмзэг байдалд халдсан үг хэллэг хэрэглэж болохгүй. Ингэж утгын хувьд соёлын хөрвүүлэг хийсэн. Үүнээс биш шууд тухайн 700 үгийг хэлж болохгүй гэх нь болохгүй гэсэн үгээ цээжлүүлээд байгаатай адил юм. Иймээс бид болохгүй гэдэг хязгааруудыг нь хийгээд 40 онооны системээр хариуцлага тооцож эхэлсэн. Эхний таван оноонд өөрт нь сануулж, дараагийн таван оноонд эцэг эхэд нь хэлж 5 удаагийн сануулга өгч эцэг эхийг нь дуудаж уулзаад нөлөөлөхгүй байвал захиа бичих гэх мэт нөлөөллийн ажлуудыг хийж байгаа. Мэдээж сургууль, соёл боловсролын орчинд хүнд муу санаж хэлсэн үг гэж байдаггүй. Хүүхэд Санаандгүй нэгнээ шоглох үйлдэл байдаг. Үүнийг нь бага багаар засаад байвал хүн засагддаг.
Бид хэрэглэгчийн үнэлгээг маш сайн авдаг. Учир нь боловсролын байгууллага үйлчилгээний байгууллага учраас. Дашрамд дурдахад энэ үйлчилгээ нь энэ жилээс бүх боловсролын байгууллагын системд нэвтэрч байгаа. Сургуулийн хэрэглэгчид нь эцэг эх, сурагчид. Иймээс эцэг эх, сурагчдаас сургуулийн болон багшийн үйл ажиллагаатай холбоотой сэтгэл ханамжийн судалгаа авч байгаа юм. Судалгааг бид нэргүй хүлээн авдаг. Хариу эзэн тооцох, хариуцлагын систем ажиллахгүй. Багшид магадгүй харилцааны тал дээр асуудал гарсан бол түүнийг нь анхааруулга, санамж болгоод явуулах байдлаар ажилласан. Үүний үр дүнд жижиг сажиг ойлголтын зөрүүнүүд гайгүй болж засагдаад эхэлдэг. Байнга л ийм аргаар явахгүй бол хүний харилцаа өөрөө төгс биш зүйл юм.
Зэрэгцээ байрладаг сургуулийн хүүхдүүдийг тарах үед шоглочих гээд байдаг. Харин танай сургуулийн хувьд энэ асуудал байдаггүй. Энэ асуудал юунд байна вэ?
Саяхан болсон сонирхолтой зүйлсээс хуваалцъя. Багш нартай уулзаж багш нарт багш нарын ёс зүйн дүрмийг мөрдүүлэх талаар ярилцахад багш нар дараах саналыг гаргаж ирсэн. Харилцаанд хоёр тал оролцож байхад эцэг эх өөрсдөө нийгмээс хөндий, хүмүүжилгүй ба доромжлох гэх зэрэг халдлагуудыг хийж байна. Багшийг ёс зүйн дүрэм баримтал гэж шаарддаг хэр нь эцэг эхийг яагаад зүгээр байх ёстой гэж. Эцэг эхчүүдэд ёс зүйн дүрэм гэж байж болох юм байна гэсэн санаа гаргасан. Иймээс бид ойлголтын зөрөө гэдэг шиг цаашид анхаарах ёс зүйн дүрэм, тодорхой хэм хэмжээг мэргэжлийн байгууллага гаргана. Багш гэдэг мэргэжлийг эзэмшиж, сурч, төгсөж багш болж байгаа учраас багш бол мэргэжлийн ажил. Харин эцэг эхэд мэргэжлийн эцэг эх гэсэн ойлголт байдаггүй. Тэгэхээр бидэнд юуг журамлах, юуг журамлаж болохгүй талаар ойлгох, нийгмийн амьдрал хүндрэлтэй байгаа ч харилцаагаараа дамжуулж нөгөө талаа авч гарна гэсэн үг юм. Энэ нь цаагуураа тэс өөр гэсэн утгатай. Адилхан үзэлцээд байгаа нь буруудаад байгаа юм. Иймд зөөлөн нь хатуугаа иднэ, зөв нь буруугаа дийлнэ гэдэг шиг ууртай бухимдалтай байгаа хүн байвал өөдөөс нь уурлалгүй аргадаж зөөллөж, соёлтой харилцаж нөлөөлөл үүсгэх хэрэгтэй.
Сургуулийн орчинд эерэг байх хэрэгтэй. Харилцаанд хоёр магтаж нэг муул гэдэг дүрэм баримталдаг. Юун түрүүнд ямар ч хүний сайн талыг харахыг хичээнэ. Дараа нь тухайн хүнийг нь биш юу болохгүй байгаа үйлдлийг нь баримтаар хэлнэ, буруутгана. Хамгийн сүүлд яавал сайжрах талаар сайныг нь ихэсгэж сул талыг нь багасгах логикоор харилцахад зөрчил нь бага байдаг.
Хүүхэд хичээл таслалаа гэж бодоход эхлээд хүүхдийн сайн талыг хэлнэ. Чи спорт, соёл урлаг талдаа маш сайн юм. Гэвч дараа нь чи муу гэж хэлэхээс илүү чиний хичээл тасалж байгаа чинь буруу гэвэл арай гүн тусна. Гол нь чиний хичээл таслах чинь үргэлжлээд байвал чиний сурлага бүр муу болно. Зарим хүүхэд спортоос болж хичээлээ тасалсан гэсэн тайлбар тавьдаг. Ийм тохиолдолд чи спортоо хийгээд, хичээлээ давхар хийвэл дараах ийм ийм боломжтой гэх мэтчилэн харилцаанд цаанаа логиктой ойлголцоод байвал ямар ч хүн хүлээж авна. Ер нь хүн гэдэг амьтан нь оюун ухаан, сэтгэл санаа, бие бялдар аль аль нь тэжээгдэж байх ёстой. Ялангуяа сэтгэл зүй тал дээр нь дэмжээд ойлгох нь чухал. Оюун ухаан нь бол хүн өөрийнхөө чадвар, нөхцөл байдлаас хамаарч сураад л явна. Бие бялдар мөн адил. Хүнтэй хүнлэг харилцах нь маш чухал. Ингэж харилцсанаар хүний зөрчил багасаж байдаг. Хүмүүс ахуйгаас хамаарч соёлтой, соёлгүй гэж тайлбарлах гэдэг. Харин миний хувьд санал нийлдэггүй.
Дэлхийн II дайнд Герман цэргүүд зүлэг тойроод л байлдаж байсан. Иймээс хүнд соёл гэдэг зүйл зөв суувал үүнийгээ байнга хадгалж байдаг. Хүүхдэд анхнаас нь харилцаа, соёл гэдгийг зөв суулгавал ямар сургуульд сурдаг байхаас үл хамааран уур амьсгал сайтай байх боломжтой. Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн тал нь хотод, тал нь хөдөө орон нутагт бий. Сургуулиудаар явж үзэхэд бүүр захын сургуулийн уур амьсгал сайхан байх тохиолдол бий. Эвсэг дулаан, харилцаа, ойлголцол, хүндлэл сайтай байдаг. Иймээс бид бүх зүйлсийг ахуйгаас шалтгаалдаг юм биш. Зарим зүйлд оюун ухаанаас ахуй бүрддэг тохиолдол бий. Өөрөө соёлтой байвал ахуй соёлтой байна.
Бүх харилцааны суурь нь соёлын талаар хэр ойлголттой вэ гэдгээс хамаарна. Иймээс тухайн зүйлд анхаарч ажиллахыг хичээдэг.
Сая бид эцэг эх гэж ярилаа. Бид судалгаа хийж явахад эцэг эхийг дайчилъя, багш нарыг илүү их ажиллуулъя гэхэд тэдгээр хүмүүсийн биеийн чадвар, хүрэлцээ хүрэхгүй байх их тохиолдол байдаг. Сургуулийн зүгээс дан ганц эцэг эх, багш нарийг дайчлаад байлгүй олон нийтийг, өөр байгууллагыг хүүхдийн дээрэлхэлт, хүчирхийллийн асуудалд татан оролцуулах ямар боломжууд байна вэ?
Хүүхдийг сургах ажил нь сургуулиас бүрэн хамааралтай. Харин хүүхдийн хүмүүжлийг 100 хувь сургууль хариуцах нь учир дутагдалтай. Учир нь гэр бүл, нийгмийн орчноос хамаарч тухайн хүүхдийн үнэт зүйл, төлөвшил, хандлага бэхжиж, хөгжиж байдаг. Хэрвээ сургууль хүүхдийн хүмүүжилд анхаарал тавина гэвэл гэр бүл, нийгмийн орчинтой нь хавсрах хэрэгтэй. Энгийн жишээ бол сургууль хүүхдийг хичээлээ хийж байх ёстой гэж шаардахад ээж нь “энэ сургууль ядаргаатай олон даалгавар өгдөг” гэж хэлэхэд хүүхэд алийг нь хийх вэ гэдэгт эргэлзэж эхэлдэг. Ийм эргэлзээн дунд байгаа хүүхэд аль хялбар луу нь явах хандлагатай байдаг.
Гэр бүл, нийгмийн орчин нь сургуулийн тавьж байгаа шаардлагатай ижил байх ёстой. Амжилттай сургуулийн цаад үйл ажиллагаа нь яг ийм байдаг. Тэгэхээр эцэг эхтэйгээ ойлголцох нь цаад утгаараа зөвхөн хоорондоо эвтэй байх биш, хүүхдийг ямар болгох тал дээр нийлж ажиллах юм. Үүнд хамгийн гол буюу эхний эгнээ нь эцэг эх. Эцэг эхчүүдтэй маш сайн тулж ажилладаг сургууль маш амжилттай явдаг.
Хоёрдугаарт нийгэмд маш онцгой асуудлууд үүсч байна. Жишээлбэл: хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг бид тусгай сургууль байгуулж сургаж байсан. Тусгай сургуульд тухайн онцлогийг нь хангаж сургалаа ч хүүхэд нийгмийн орчинд гарч ирэхээр нийгмийн орчиндоо амьдрах чадамж нь бага болж байгаа юм.
Одоо дэлхийн хандлага ч тэр манай боловсролын хандлага ч адил ердийн сургуульд суралцахыг дэмжиж байгаа юм. Ингээд ердийн сургуульд суралцахаар бусад хүүхдүүд, эцэг эхтэй хэрхэн харилцах гээд сургууль өөрөө бэлэн биш байх тохиолдол байна. Иймээс төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтийн байгууллага гэх мэт бүхий л хэлбэрийн мэргэшсэн байгууллагуудтай хамтрах хэрэгцээ шаардлага үүсч байгаа юм. Сургуулиуд хамтран ажиллах замаар асуудлыг шийдвэрлэх хэрэгцээ шаардлага байна. Яг дагнаж, дангаараа шийдэж чадахгүй байна.
Өнөөдөр ЮНЕСКО-гоос зарласан дэлхийн нийгмийн ажилтнуудын өдөр тохиож байна. Энэ жил буюу 2023 онд хамтран ажиллах замаар ялгаатай байдлыг бууруулъя гэсэн уриатай байгаа юм. Тэгэхээр нийгмийн ажлын цаад зорилго нь хүний хүмүүжил төлөвшлийн цаана, хүчирхийлэл гэх мэт элдэв зүйлээс ангид сэтгэл зүйн таатай орчинд суралцана гэхэд хамтрах чадваргүй газар явахгүй. Яг тухайн чиглэлээр ажиллаж болно гэхдээ хамтарч ажилладаггүй газар нь хол явахгүй. Хүмүүжил гэдэг хүний төлөвшлийн цаана оршдог өргөн ойлголт бий. Үүнд бид бүгд аль болох хамтрах хэрэгтэй. Энэ чиглэлийн мэргэжлийн төрийн бус байгууллагууд, судалгааны байгууллагууд, олон нийтийн байгууллагууд, нөлөөллийн, хувь хүний чиглэлийн гээд янз бүрийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг газрууд их болсон. Үүнийг бас дэмжиж ажиллах ёстой.
Сургуульд эцэг эхтэй хамтран ажиллая гэвэл эцэг эхчүүдийг дуудаж, тэмцээн зохион байгуулах гэх мэтээр ажилладаг. Гэтэл энэ нь хүүхэдтэй ажиллахаас илүү өөрийнх нь эцэг эхчүүдийн амьдралд дарамт болдог тал ажиглагддаг. Тэгэхээр дан ганц эцэг эх биш олон нийтийг хамруулах ямар арга байна вэ?
Энэ жил улсын хэмжээний бүх сургууль, цэцэрлэгт үнэлгээ хийж ажиллаж байгаа. Одоо дээд боловсролын үнэлгээ хийгдэж байна. Сэтгэл ханамжийг тооцож үзэхэд сэтгэл ханамжийг сайжруулъя гэсэн ажлын дор сургуулийн хүүхдүүдийн эцэг эхчүүдийн сэтгэл ханамжийг сайжруулахаар ажиллах нь харьцангуй их онцлогтой ажил юм. Хүн бодоход төвийн сургуулиуд илүү амар гэж бодож байгаа юм. Гэтэл төвийн сургуулийн хүүхдүүдийн эцэг эхчүүдийн сэтгэл ханамж, хүлээлт нь хамаагүй өндөр. Цаад сегмент бүлгээр нь харвал нэг ёсондоо амаргүй ажил болж байгаа юм. Нөгөө талдаа эцэг эх рүү чиглэсэн мэдээллийн урсгал, үйл ажиллагаагаа зөв ойлгуулах замаар сайжруулах, нөгөө талдаа онцгой гомдоод байгаа бүлэгтэй тулж ажиллах үйл ажиллагаагаа сайжруулах гэх мэт олон арга замаар харилцаж болно. Гэхдээ энэ бүхний цаана хүүхэд ямар байна эцэг эх тийм л байдаг. Хүүхэд үнэхээр сэтгэл хангалуун бус суралцаж байгаа үед эцэг эхчүүдийн сэтгэл ханамж сайн биш байдаг. Хэчнээн гоё мэдээлэл өгсөн ч хүүхэд нь сайн биш байвал сэтгэл ханамж муу байдаг. Иймээс хамгийн сайн арга зам бол хүүхэдтэй тулж ажиллах. Хүүхдээр дамжуулж эцэг эхэд нөлөөлөх. Үүнээс биш шууд механик аргаар буюу хүүхэдтэй нь тулж харилцахгүй байж эцэг эхийг нь ачааллах энэ нь эсрэгээр нөлөөлж, ядаргаатай санагдана. Иймээс хүүхдээр дамжуулах буюу хүүхэд ингэсэн учраас ярилцъя, хүүхдийн ийм асуудлыг шийдэхийн тулд нийлж ойлголцох хэрэгтэй байна. Ойлголцохын тулд нөхөрсөг тэмцээн явуулангаа уур амьсгалаа бүрдүүлэх гэх зэргээр нийлж ажиллах хэрэгтэй. Хүүхдийг тойрч хийсэн ажил нь сургуульд амь ордог. Хүүхдээс хамаарал багатай, механик хийсэн ажлууд нь хуурай ажил болдог.
Бид нарийн баримжааг аваад ямар ч гэсэн сэтгэл ханамжийн үнэлгээ тооцож эхэлж байгаа. Эс бөгөөс хуурай ажил хийгээд байвал бүгд аль аль талдаа нэг болоод байдаг.
Бид цаг завгүй, нийслэл бол одоо тийм асар их хурдтай ийм зогсолтгүй хөдөлгөөн дунд байна. Хүн бүр сул цаг багатай, тэгэхээр аль болох цагийг үр дүнтэй, хийсэн болгоноо үр дүнтэй хийж байх хэрэгтэй.
Одоогийн өсвөр насны хүүхдүүдийн онцлог юу байна? Бидний үед загнуулаад л суугаад хичээлээ хийдэг байсан, одоогийн хүүхдүүд ямар болж байна вэ? Бид нар хүүхдээ ойлгохоо больчихлоо гэж маш олон эцэг эх хэлж байна л даа.
Одоо ёстой яг хамгийн тулчихсан асуудал энэ байгаа. Яагаад гэхээр суралцах процесс гээд бид нар оюун ухааныг чадавхжуулж байгаа үйлийг судлаад, тархи судлалд тархийг эрдэмтэд маш сайн судаллаа. Хүний оюун ухаанд ямар мэдээлэл урт хугацааны ой руу очиж байна гэхээр, сэтгэл хөдлөлтэй мэдээллээ хадгалж байгаа. Одоо ингээд бодохоор sin, tg гэхээр мартчихсан байж магадгүй, тэгсэн мөртлөө нэгдүгээр ангидаа болсон дурсамжаа санаад байгаа. Тэгтэл 6-р ангидаа заалгасан хичээлээ мартаад, 1-р ангийн дурсамжаа яагаад санаад байна гэхээр удаан хугацааны ой руу очиж байгаа нэг юм байна даа, тэгэхээр сэтгэл хөдлөлтэй мэдээллээ илүү хадгална. Тэгээд сэтгэл хөдлөлийнх нь онцлогоор нь үечлээд, тэр онцлогт нь тохирсон арга барилаар сургалт, урлаг, бизнес хийвэл тэр хүн илүү хүлээж авна. Энэ нь сэтгэл хөдлөлийнхөө онцлогоор энэ үеүд ялгаатай, тэгээд ялангуяа нийгэм болон цаг үеэсээ хамаараад эрс ялгаатай үе болж хувирсан байгаа юм. Тэгэхээр бидний үе одоогийн хүүхдүүдийн үе хоёрын сэтгэл хөдлөлийн мэдрэмж нь өөр болчихсон үед өөрийнхөө мэдрэмжээр шахаж болохгүй. Жишээлбэл: “Миний үед ийм юм үзээд их кайфтай байдаг байсан, чи яагаад энийг үзэхгүй байгаа юм” гэж ердөөсөө болохгүй. Зөрчил тэндээс үүсч байгаа.
Шилжилтийн нас буюу өсвөр насны онцлог нь юу вэ гэхээр: Биологийн хувьд шууд том хүн рүү шилжиж эхэлдэг, энийгээ дагаад хүний өөрийнх нь сэтгэл мэдрэмж нь том хүний үйлдлүүдийг сонирхож хүсэж эхэлдэг. Гэтэл тэр мэдрэмж нь чи том болж байгаа гэдэг сигналыг өгч байхад томчууд жижиг хүүхэд шиг харилцаад байхаар хүүхдэд төвөгтэй. Жишээлбэл: Хөвгүүдийг ээж нь өглөө гарахад нь миний хүү гээд үнсэж өгөөд гаргадаг байсан бол дунд ангид ороход нь ядаргаатай санагдаж байгаа ш дээ “жоохон хүүхэд шиг үнсэх гээд” тэгэнгүүт хэн болчхоод ингээд байгаа юм гээд л үл ойлголцол явагддаг. Тэгэхээр цаад утгаараа бол үе хоорондын зөрүү байна, энэ зөрүү нь хоорондоо харилцдаг аргаа олоогүй байгаа. Бид нар одоо сургалтын зохион байгуулалтад илүү орчин үеийн сонирхолтой хэлбэрээр заадаг. Жишээлбэл одоогийн энэ хүүхдүүдийн гол мэдээлэл авдаг суурь онцлог нь мультмедиа технологид байна гэж гарч байгаа. Мульт гэдэг чинь олон, тэгэхээр олон төрлийн эх үүсвэрт мэдээлэл буюу дуу дүрс зэрэг нүдсэн мэдээллийг шууд авч байна ш дээ. Гэтэл бид нар ганцхан амаараа ярьж өгөөд ганцхан төрлийн мэдээллээр болчихдог байсан. Сонсоод “өө ямар гоё юм” гээд эсвэл уншаад “өө ямар гоё юм” гээд. Одоогийн хүүхдэд бол тэр нэг их сонин биш байна. Тэгэхээр бид нар өөрийнхөө болсон юмыг болж байна гэж хүүхдүүд рүү зүтгүүлэх бас харьцангуй болчхоод байгаа юм. Ер нь бол дүгнэлт нь тэдний үеийн онцлогийг судал, тэгээд тохирсон аргаар хөдөл. “Миний аргаар сурахгүй байгаа бол тэдний сурч чадах аргаар нь би заах ёстой” гээд нэг хүн хэлсэн байсан. Тэгэхээр тийм сургалтын арга барилаар бид нар явах ёстой.
Том суурь судалгаа хийх ёстой юм болов уу?
Бид одоо хүнээ судалмаар байгаа юм. Яг монгол хүүхэд нь ямар юм? Ямар онцлогтой талаар судлах хэрэгтэй. Үгүй бол “тэгэх ёстой юм байна”, “өө буруу юм байна” гээд нэг туршилтын маягаар явсаар байтал хүүхдийн амьдрал сүйрч байдаг. Судалгаанд үндэслэх гэдэг нь өөрөө маш хэрэгтэй, дараагийн гарч болох үр дагаврыг арилгана, хамаагүй бодитой болно. Гэтэл нийгмээрээ судалгаанд суурилах тал нь бага байна.
Нийслэлийн Боловсролын газрын даргаар ажиллах үедээ та одоо яг энэ хүүхдийн хүчирхийлэл, үе тэнгийнхний дээрэлхэльийн талаар ямар ямар ажил санаачлах гэж байна? Төлөвлөгөө, хэтийн зорилго чинь юу вэ?
Манай байгууллага Нийслэлийн харъяа агентлаг. Нийслэлийн боловсролын бодлогыг хэрэгжүүлнэ гэсэн үг. Ихэнхи бодлого нь мэдээж төрөөс явж байгаа бодлогын хэрэгжилт дээр явна. Нийслэлийн онцлогийг харгалзаж явна. 2022 онд эхлээд боловсролын системдээ бүх түвшинд үнэлгээ хийгдсэн. Бүх багш, бүх хүүхэд, бүх сургууль, бүх цэцэрлэг ер нь ямар байна вэ гэсэн нэгдсэн улсын хэмжээний үнэлгээ хийгдсэн. 2022 онд олон улсын шалгалтад орчихсон. Тэгэхээр дотооддоо бүтэн үнэлгээ хийчихээд олон улсад дахиад контроль үнэлгээ ороод ингээд бид нар ер нь нөхцөл байдал ямар байна вэ гэж харах дататай болчихсон.
Хоёрдугаарт нь энэ датандаа тулгуурлаад ер нь Хөдөлмөрийн тухай хууль ч шинэчлэгдсэн, Боловсролын тухай хууль ч одоо шинээр гарч байна. Бидний баримтлах гол концепци нь үр дүнд суурилсан, үр дүнгээ баримжаалж цаашаа ер нь хэмжээсжүүлье. Тэгэхээр энэ боловсролын санхүүжилт нь өөрөө үр дүнд суурилсан санхүүжилт гэсэн тогтолцоо руу шилжиж байгаа юм. Үр дүнтэй нь санхүүжилт болон бүхэл үйл ажиллагаанд дэмжлэг аваад цаашаа явна гэхэд бид нар юугаа сайжруулах юм гээд ажил үүсч байгаа юм.
Ямар сургуулийг нийгмийн ойлголтоор сайн гэдэг юм бэ? Бид нийгмийн ойлголтоо засах ёстой. Таныхаар бол хамгийн сайн сургууль аль вэ? гэхээр хүмүүс өөр өөр хэлж байгаа. Нийгмийн ойлголт нэг бол ижил байх ёстой. Нэгдүгээрт ихэвчлэн нэг ийм ойлголт бол сайн сургадаг, сурлагын үзүүлэлт болон олимпиадын амжилт зэргээр сургуулиудыг сайн гэж үзэх хандлага түгээмэл байна. Яг одоо бидний цаашдаа эхний өөрчлөх зүйл юу вэ гэхээр сургууль гэдэг бол ганцхан сурлага биш, тэнд сурлагаас гадна хүмүүжил байна, тэр багшийн асуудал байна, удирдлагын манлайлалтай байх асуудал байна, орчин нөхцөлийн асуудал байна, тэгээд үйлчилгээний байгууллага бол тэр “ТҮ” гэдэг ангиллаар цалинжиж байгаа боловсролын үйлчилгээнийх бол тэр хэрэглэгч буй эцэг эх, сурагчидтайгаа харилцах харилцааны чадамжийн ийм 6 бүлэг үзүүлэлтийг төрөөс бүх үзүүлэлтээр нь хэмжилт хийчихсэн байгаа. Энэ үзүүлэлтээр тулгуурлаж сургуулийг хэмжиж байгаа. Эхний өөрчлөлт нь юу вэ гэхээр? Сайн сургууль гэдэг бол энэ бүгдийг нь хийдэг бол сайн. Ганцхан сурлага нүдээд, өглөөнөөс орой болтол хичээл нүдээд, давтлага нүдээд тэсч үлдсэнүүд нь сурлагын хувьд бяртай сайн байна, нийгэмшил хөгжил нь маш дутуу. Гэтэл тийм хүүхдүүд маш их байна.Мундаг уу мундаг, хүнтэй нийлдэггүй, наад захын онигоо ч ойлгодоггүй тэгсэн мөртлөө харгис хатуу. Бид нар чинь хүмүүсийг гоё өв тэгш өсгөх ёстой шүү дээ. Тэгэхээр нийт зургаан бүлэг үзүүлэлт байгаа, тэр зургаан бүлэг дотор хоёр дах бүлэг нь хүүхдийн хөгжил хамгаалал. Энэ ажлыг сайн хийчихвэл бид нар нийгмийн зөрчил, дээрэлхэлт гээд бүх асуудлуудыг шийдэж болно. Хамгаалалт нь ямар байх юм , ямар нөхцөлд хүүхэд хамгийн эрсдэл багатай байх юм. Тэгэхээр ганцхан сургууль гэж хармааргүй байна. Сургуулийн ойр орчин, гэрээс сургууль хүртэлх нөхцөлийг яаж харах юм, сургууль дотор яаж харах юм, ингээд хөгжил хамгаалал нь бүхлээрээ байх ёстой. Өнөөдөр нийгмийн ажилтны сименар болж байна. Хөгжил хамгааллын сургалтын менежер гээд нэг удирдагч байна, заах аргын нэгдлийн ахлагч гээд байгалийн ухааны сургалтуудаа нэгтгэсэн нийгмийн ухаан гээд нэг ийм удирдагч байна. Тэрний цаад талд юу гэхээр байгалийн ухааны ард талд хими, физик, биологийн гээд багш нар, бүтэц нь байгаа. Яг бид нарын хөгжил хамгааллын энэ чинь яг баруун зүүн гар шиг ижил тэнцүү ойлголт. Хөгжил хамгааллын ард талд нийгмийн ажилтан байна, ангийн багш байна. Тэгэхээр одоо төрөөс ийм, ийм идэвхижүүлэх ажил хийж байна, сэтгэлзүйчдийг бэлдэж байна. Нийт сургуулийн 3/1 сэтгэлзүйчтэй болголоо, одоо 2023 он гэхэд бүх сургууль сэтгэл зүйчтэй болно. Төрөөс хоолны асуудлыг нэг талд нь шийдье. 2025 он гэхэд төрийн бүх сургууль нэгдсэн хоолны системтэй болно. Хоолны систем рүү шилжинэ. Тэгэхээр хоол зүйч ороод ирнэ, дээр нь дахиад номын санч байна ингээд дор хаяж түрүүний заах арга нэгдлийн ахлагч гэдэг шиг бүтэц байна. Тухайн сургуулийн хөгжил хамгааллын бодлого зохицуулалтыг энэхүү бүтцээрээ дамжуулан хийнэ. Хамгаалах үйлдэл дээр нь ийм, хөгжүүлэх үйлдэл дээр нь ийм, энийг сургуулиудад, дотоодод ийм, за гадна талд хийлээ гэхэд жишээ нь хорооны нийгмийн ажилчид бид нартай нийлээд аюулгүй байдлыг нь яахын гэдэг энэ бүх асуудлууд бүтцээр дамжих болно. Үүнийг бэхжүүлж байж өргөн далайцтай ажиллах замаар шийдэх ёстой. Одоо бол нэг үеэ бодоход нийгмийн ажилтан сэтгэл зүйч хоёр мэргэжлийн боллоо. Сэтгэл зүйч бэлдсээр байна. Ирэх жил сургуулийн сэтгэл зүйчийн мэргэжлийн анхны төгсөлт болно. Одоогийн сэтгэл зүйчид дандаа хөрвүүлсэн сэтгэл зүйчид байгаа. Ингээд баг үүсээд ирэх юм бол тэнд байгаа тулгамдсан асуудалд ажиллах бүтэц үүсчихнэ.
2023 оныг Боловсрол, шинжлэх ухааны яам “Сургууль цэцэрлэгийн менежментийг сайжруулах жил” гэж зарласан учраас сургууль цэцэрлэгийн менежмент гэдэг ойлголтод түрүүнд ямар үйл ажиллагаа явж байж сургуулийг хэмжээсжүүлдэг юм, шалгуур нь ямар байвал сайн гэх юм, ямар байвал муу гэх юм, тэрнийг яаж сайжруулах юм гээд нэг ийм ажлууд явж байна. Нийслэлийн сургуулиудын үнэлгээг нь харвал нийт сургуулиудын 15% нь нэгдүгээр түвшинд үйл ажиллагаа хангалттай сайн, хоёрдугаар түвшинд дунд зэрэг, гуравдугаар түвшин нь тааруу гээд гаргасан. Манай систем тэргүүний сургууль гэж зөвхөн нэгдүгээрхийг тодорхойлж ирсэн. Дүүргийн тэргүүн, нийслэлийн тэргүүн, улсын тэргүүн. Үүнийг болиулаад тэргүүний гэж 1, 2-оор нь жагсаахгүй ээ. 1-р түвшин, 2-р түвшин, 3-р түвшин гэж ангилна. 1-р түвшин чинь ингээд олон сургууль гарч ирнэ ш дээ, ингээд түвшингээр нь авч үзэж байна тэгээд 1-р түвшингийн сургуулиуд нь 3-р түвшиндээ нөлөөлөх ажил хийнэ, хамтарч сур.Нийслэлээс нөгөө индексийн шагнал гээд тэргүүний сургуулиудад шагнал өгдөг, 1-р түвшинд байгаа сургуулиуд үнэлгээгээрээ санхүүжилт аваад 3-р түвшинд байгаа тааруу гэж байгаа үнэлгээтэй сургуулиуддаа зөвлөх үйлчилгээ үзүүлнэ. Тэгээд энэ зөвлөсөн сургуулиуд нь ахиж байх юм бол энэ сургуульд бас бонустай байх ёстой. Шилдэг менежменттэй ментор сургууль, тэгээд санхүүгийн бонустай байх ёстой, нэр хүндийн хувьд бонустай байх ёстой.
Ядаж л хийх ажил нь тодорхой болчих юм байна. 3-р түвшний сургуулиуддаа илүү төсөв хөрөнгөө хүчээ тавиад энд тэндээс цоохорлож авахгүйгээр ажиллах уу?
Түрүүн хэлсэн 6 бүлэг үзүүлэлт болохоор 3 түвшиндээ хуваачихсан юм. Ерөнхийдөө нэг түвшиндээ ерөнхий үзүүлэлтээрээ манайх дунд зэрэг гэж байгаа боловч, 6 үзүүлэлт чинь зарим нь сайн зарим нь муу байна. Тэгэхээр сургуулийг удирдаж байгаа хүмүүс сайн сул бага үзүүлэлтийг сайжруулах талаар ажиллах юм бол сургуулиуд жигдэрч ирнэ. Дээр нь нийт боловсролын үнэлгээг үзэхээр хотын зах руугаа жаахан сулраад байгаа юм. Тэгтэл барилга байшин ижилхэн байна.Зөрүүг арилгах тал дээр ажиллах хэрэгтэй. Нэг хэсэг нь үнэхээр их тасарчихсан, нэг хэсэг нь үнэхээр хүндэрчихсэн. Бид энэ зөрүүг арилгах бодлогыг нийслэл дээр хийж байна. Хамгийн захын зүүн бүсийн Налайх, Багануур, Багахангай, СХД, БЗД гэсэн энэ 5 дүүрэг дээр илүү фокуслаж ажиллаж байна. Яг хүүхэд хөгжил хамгаалал, бусад бүхий л хэлбэрээр явж байгаа бүх төсөл хөтөлбөрүүдийг судалж үзээд аль аль дүүрэг дээр хийвэл оновчтой байх вэ? Тоймлон гаргаад ажиллаж байна. Энэ 5 дүүргийн засаг дарга, иргэдийн хурлын дарга, нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга нартай яг тавуулантай нь уулзалт хийгээд яг тухайн дүүргийн боловсролын бүх үзүүлэлт датаг тавьж байгаад энэ хэсгийг бид нар хийнэ, энэ хэсгийг нь та нар хийчих гээд хамтаръя, яг ингэж ингэж явъя гээд ингээд ажлаа хуваарилах хуваах ажлууд явж байна.
За тэгж яг хамтарч байж л явах юм байна лээ түүнээс ганцхан сургуулийн ч үүрэг биш боловсролын газрынх ч биш одоо ингээд дүүргүүд байна дахиад одоо бид нар улс төрийнхөн байна, нийгмийн зүтгэлтнүүд байна. Одоо нийгмийн зүтгэлтнүүд хүртэл энэ инфлүүсэр гэдэг ойлголт байна ш дээ эд нар хүртэл зөв байх ёстой, яагаад гэхээр хүүхдэд маш хүчтэй сигнал өгч байдаг тэгэхээр ингээд цаашдаа, ер нь тийм идэвхтэй хамтарч байж нэг ижил тайлбарлах замаар л хүүхдэд хэвшил суулгана ш дээ.
Иргэний боловсрол гэдгийн цаад талд комплекс ойлголт байдаг юм. Сургууль, иргэн гэдэг чинь зөвхөн сургууль дээр бий болохгүй тэгэхээр тэр бүгдийг нь хамарч юу хийхийн гэдэг ойлголттой, бид нар тэрнийгээ сайжруулах ёстой.
Танд баярлалаа.