
Эцэг эхчүүдэд зориулсан цуврал нийтлэл-4
Миний бие өмнө нь “Хүүхдийн хүмүүжил, боловсролд эцэг эхийн үүрэг хариуцлага”;, “Өсвөр насны хүүхдийн тухай”, “Өсвөр насныхан болон эцэг эхийн харилцааны онцлог” гэсэн 3 цуврал сэдэв нийтэлсэн. Энэ удаа эцэг эхийн хандлага, харилцаа бодит амьдрал дээр хэрхэн өрнөдөг, тэр байдал нь ямар хор уршигтай талаар нийтлэлээ бэлтгэлээ.
ГЭР БҮЛИЙН 10/90 ХАРИЛЦАА
Гэр бүлийн гишүүд нь харилцаагаараа дамжуулж хайрлах, хайрлагдах, амар амгаланг мэдрэх сэтгэл зүйн хэрэгцээгээ хангадаг. Гэр бүлийн харилцаа ердийн хүмүүсийн хооронд үүсдэг харилцаанаас онцлогтой.
1. Гэр бүлийн харилцаа хэзээ ч үл тасрах тогтолцоотой.
2. Гэр бүлийн харилцаанд хоорондын өрсөлдөөн тэмцэл өрнөх ёсгүй.
3. Гэр бүлийн уур амьсгал халуун дулаан, бие биедээ итгэсэн хайрласан, ойлгосон, дэмжсэн харилцаатай байх ёстой.
4. Гэр бүлийн харилцаа хамгийн ариун нандин. Энэ харилцаанд хэн нэгний мэдлэг чадвар, эд хөрөнгө, байр суурь биш, зөвхөн бие биенээ хайрлах ухаан, сэтгэлийн тэнхээ, хүн чанар чухал байдаг.
ГЭР БҮЛ-ийн харилцааны сэтгэл зүйн үндэс:
1. Сэтгэл санаагаа хуваалцах, мэдээллийг бие биедээ дамжуулан солилцох
2. Бие биенийхээ сэтгэлийг ойлгож дэмжих, сэтгэлийн дэм өгч засах
3. Дээрх 2 үйлийн дүнд хамтран амьдарч хүч, оюун.санаа, сэтгэл зүрхээ нэгтгэн аз жаргалтай байх зорилготой.
?90/10-ын харицаа?
Энэ юу гэсэн үг болохыг нэгэн жишээгээр тайлбарлая.
Танай гэр бүлийнхэн өглөөний цайгаа ууж байна гэж бодъё. Гэтэл, хүү чинь таны өмдөн дээр хоол асгачихлаа. Та ингэнэ гэж огт бодоогүй.
Одоо таны хандах хандлагаас бүх зүйл шалтгаална. Та их уурлаж хүүгээ загнаж бухимдана. Хүү айсандаа уйлна. Мөн та нөхөртөө хандан ширээний захад хоолоо ирмэгдүүлж тавьсанд нь уурлаж үг хаяж үглэнэ. Тэгээд ууртайгаар босож өмдөө солино. Таныг өмдөө солиод ирэхэд хүү тань танд гомдож уйлснаас болоод хоолоо идэж дуусгаагүй, сургуульдаа явах бэлтгэлээ ч хийгээгүй байна. Үүнээс болж, хүү чинь сургуулийнхаа автобуснаасаа хоцорчээ.
Харин нөхөр тань ажилдаа хурдан явах хэрэгтэйг сануулснаар яарч сандран машиндаа сууцгааж замдаа хүүгээ сургуульд нь буулгана. Уг нь цагт 30 милийн хурдтай явах хэрэгтэй байтал хоцорсон учраас 40 мил,/цагийн хурдтай явж 15 мин бололгүй хурд хэтрүүлсэн хэргээр 20 мянган төгрөгөөр замын цагдаад торгуулсны дараа арай гэж сургууль дээр очиход хүү тань та нарт баяртай гэж хэлэлгүйгээр сургууль уруугаа гүйнэ.
Харин, та ажилдаа 20 минут хоцорч иржээ. Гэтэл бичиг баримттай цүнхээ мартсан байв. Энэ өдөр таны хувьд хүндхэн өдөр тохиожээ. Өдөр тийшээ байдал улам дордов. Гэртээ харихыг та тэсэн ядан хүлээж, яарсаар гэртээ ирэхэд нөхөр, хүү 2 тань таныг тийм ч таатай угтсангүй. Учир нь, өглөөний явдалд гомдсон хэвээрээ л байлаа.
Чухам яагаад вэ? Өглөөг хэрхэн угтсантай холбоотой юм шүү дээ. Та яагаад өдрийг муухай өнгөрүүлэх болов, шалтгаан нь юу байсан юм бол?
а/ Хоолноос болсон
б/ Хүүгээс болсон
в/ Цагдаагаас болсон
г/ Танаас болсон
Хариулт г/ буюу танаас болсон.
Хоол асгарсан нь таны хяналтаас гадуур асуудал юм. Өдрийг муухай өнгөрүүлэх болсон шалтгаан нь таны тэр 5-хан хоромд гаргасан зан араншин, авираас болсон хэрэг билээ.
Та яах хэрэгтэй байсан бэ гэвэл:
?Таны өмдөн дээр хоол асгарчээ. Хүү чинь хийсэн хэрэгтээ гэмшээд уйлах гэж байна. Та эелдгээр ” -За хүү минь, дараагийн удаа илүү анхааралтай байгаарай гэчхээд өмдөө сольсны дараа бичиг баримттай цүнхээ аваад хүүгээ сургуулийн унаанд нь сууж байгааг цонхоор харахад хүү чинь эргэж хараад гараа даллаад автобусандаа сууна. Тэгээд та нөхөртэйгээ хамт гэрээсээ гарч тус тусынхаа ажилдаа явна. 5 мин-ын өмнө ажилдаа ирж хамт олонтойгоо мэндлээд ажлаа эхлүүлнэ. Ялгааг нь хар даа..
2 өөр үйл явдал хоёулаа нэг эхтэй боловч үр дүн нь өөр өөр төгслөө. Яагаад гэвэл, 90/10-ын итгэмээргүй зүйл. Цөөхөн хэдэн хүн л анзаарах байх. Үр дүн нь их энгийн. Ихэнх хүмүүс хэрэггүй зүйлд уурлаж уцаарлаж, бухимдаж өөрийгөө зовоож байдаг. За тэгвэл үүний нууц нь юу юм бол оо?
?Амьдралын 10% нь танаас яагаад ч шалтгаалахгүй асуудал байдаг бол харин амьдралын 90% нь тохиолдсон явдалд та хэрхэн хандаж, түүнийг хэрхэн шийдвэрлэж буйгаас шалтгаална.
Хүмүүс үе үе хоорондоо үл ойлголцох зүйл хэлж, хийж байдаг. Хүн л болсон хойно алдаа гаргах нь ойлгомжтой. Бас хүнд гэнэтийн ямар ч асуудал гарч болно.
Машин эвдэрч болно, онгоцны нислэг хойшилж болно, бүх төлөвлөгөөгөө нураах үе ч байдаг.
Замын түгжрэл биднийг бухимдуулдаг шүү дээ. Энэ 10% нь биднээс шалтгаалдаггүй. Харин, бусад 90% нь танаас шалтгаалах юм. Учир нь, үйл явдалд хэрхэн хандаж, түүнийг хэрхэн шийдвэрлэж байгаагаас тань үйл явдал хэрхэн өрнөх нь шалтгаална. Өөрөөр хэлбэл, бидний амьдралд тохиолдож буй бүхий л үйл явдлын 10% биднээс огт шалтгаалахгүй харин үлдсэн 90% нь бидний хариу үйлдлээс шалтгаалдаг гэдгийг л ойлговол гэр бүл амар амгалан, аз жаргал, баяр баясгалантай, эрүүл энх, төвшин сайхан байх болно.