
Шинэ Монгол сургуулийн үүсгэн байгуулагч, МУГБагш Ж.Галбадрах нь 2020 онд Сургуулийн судалгаа хөгжлийн "Шинэ Монгол төв" ТББ-ийг үүсгэн байгуулж, “Төрийн өмчийн ЕБС-иудын менежментийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх” төслийн 1-р шатыг амжилттай хэрэгжүүлж хот хөдөөгийн 8 сургуулийг хамруулсан.

Төслийн багийнхан 2-р шатыг эхлүүлэхийн өмнө нөхцөл байдлыг тандах зорилгоор БЕГазар болон аймаг, нийслэлийн БШУГ-аар дамжуулан “СУРГУУЛЬ ӨӨРИЙН ДОТООД ХҮЧЭЭР САЙЖРАХ МЕНЕЖМЕНТИЙН ТУХАЙ" сэдвээр нийт хот хөдөөгийн сургуулийн захирал, удирдах ажилтнуудад зориулсан нээлттэй сургалтыг 2023.01.07-ны өдөр зохион байгуулсан.

Уг сургалтад төлөвлөснөөс маш богино хугацаанд, олон тооны сургуулиуд оролцох хүсэлт илгээсэн бөгөөд оролцсон захирлууд төслөө цааш үргэлжлүүлэх хүсэлт илэрхийлсээр байсан нь тус багийнхныг 2-р үе шатаа эхлүүлэхэд чухал түлхэц болжээ.

Мөн БШУЯ-аас “2023 оныг Сургуулийн менежментийг сайжруулах жил” болгон зарласан нь төслийг яаралтай эхлүүлэх бас нэгэн чухал хүчин зүйлийн нэг...

Ингээд 2-р шатны талаарх үнэн, бодитой мэдээллийг хүргэх зорилгоор Сургуулийн судалгаа хөгжлийн "Шинэ Монгол төв"-ийн баг хамт олон 3-р сараас эхлэн аймаг, дүүргийн боловсролын газар, хэлтэстэй хамтран тухайн аймаг, дүүргийн бүх ЕБС-ийн захирал, удирдлагуудад дараах агуулгаар танхимын сургалтыг зохион байгуулж ирсэн байна.

Сургалтын агуулга ба хугацаа:

1. “Сургуулийг үр дүнтэй удирдах нь” сэдэвт менежментийн сургалт (60 мин)

2. Төслийн 1-р үе шатны зарим үр дүн, сургамжийн талаар мэдээлэл (30 мин)

3. Төслийн 2-р үе шатны сонгон шалгаруулалтын талаарх тайлбар (30 мин)

Энэхүү сургалт, мэдээлэл, тайлбар нь голчлон танхимаар зохион байгуулагдаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар дараах аймаг, дүүргүүд хамрагдаад байна

Орон нутаг:

1. 3 сарын 11-14: Сүхбаатар, Дорнод, Хэнтий

2. 4 сарын 10-12: Говь-сүмбэр, Дорноговь, Өмнөговь, Дундговь

3. 4 сарын 17, 26-27: Сэлэнгэ, Орхон, Булган

Дүүргүүд:

1. 3 сарын 17-23: Сонгино Хайрхан, Хан-Уул, Баянзүрх, Багануур

2. 4 сарын 5: Багахангай, Налайх

Төслийн багийнхан аймаг, дүүргийн Боловсрол, шинжлэх ухааны газартай холбогдож сургалтын өдөр цагаа тохирч сургалтаа зохион байгуулж ирсэн байна. Хэрэв сургалтын цагаа тохирч чадаагүй үед сургалт хийгдэхгүй алгасах тохиолдол гардаг байна.

5-р сарын эхний хагаст үлдээд байгаа Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Архангай аймгийнхантай холбогдож, хуваарь гарган сургалтаа хийхээр төлөвлөж байгаагаа бидэнд уламжилсан юм. Та бүхнийг идэвхтэй хамтран ажиллахыг уриалж байна.

Сургуулийн судалгаа хөгжлийн "Шинэ монгол төв" нь мэдээллээ хүргэсний дараа нээлттэй, цахим анкетын судалгааг улсын хэмжээний нийт сургуулиудаас авах бөгөөд шаардлагатай тохиолдолд ам ярилцлага хийсний үр дүнд 80 сургуулиа шалгаруулахаар төлөвлөсөн байна. Сургуулиудаа сонгон шалгаруулсны эцэст 8 дугаар сарын дундаас эхлэн, сонгон авсан 80 сургууль дээрээ төслөө нэгэн зэрэг эхлүүлэх ажээ.

Төсөлд хамрагдах хүсэлтэй байгаа төрийн өмчийн сургуулийн захирал, удирдлагууд та бүхэн “Сургуулийн судалгаа хөгжлийн шинэ монгол төв”-тэй холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу? Мөн сургалт авч амжаагүй аймаг, дүүргийн Боловсролын газрын удирдлага, мэргэжилтнүүд доорх мэдээллийн дагуу холбогдоорой.
Холбоо барих мэдээлэл:
Утас: 8050 5535, 9904 0430
Фэйсбүүк хаяг: Сургуулийн Судалгаа Хөгжлийн "Шинэ Монгол" Төв ТББ