ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ТУХАЙ
Монгол Улсын Их Хурал 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр “Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай” хуулийг баталсан бөгөөд 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ.
Хуулийн үйлчлэх хүрээ
Энэ хууль нь нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээний салбарт төр, хувийн хэвшил хамтран хэрэгжүүлэх түншлэлийн төслийг төлөвлөх, боловсруулах, үнэлэх, судлан шинжилсний үндсэн дээр төслийг сонгох, хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах, түншлэлийн гэрээг байгуулах болон хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцаанд үйлчилнэ.
Энэ хуульд заасан түншлэлд дараах үйл ажиллагаа хамаарахгүй:
- батлан хамгаалах салбарын үйл ажиллагаа;
- банк, санхүүгийн зах зээлийн бүх төрлийн үйлчилгээ, үйл ажиллагаа;
- уул уурхайн салбарын дэд бүтцээр дамжуулан олон нийтэд үйлчилгээ үзүүлэхээс бусад ашиг олох зорилготой ашигт малтмал эрэх, хайх, олборлох, ашиглах үйл ажиллагаа;
- хуулиар хориглосон бусад үйл ажиллагаа.
Нэр томъёоны тайлбар
"төр, хувийн хэвшлийн түншлэл" гэж хувийн хэвшлийн түншлэгч нь төрийн түншлэгчтэй байгуулсан түншлэлийн гэрээний дагуу нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээг олон нийтэд, төрийн түншлэгчид урт хугацаанд үзүүлэх, түншлэгч талууд эрсдэлийг оновчтой хуваарилах, түншлэлийн төлбөрийг түншлэлийн төрлөөс хамаарч санхүүжүүлэн хэрэгжүүлэх замаар төслийг урт хугацаанд тогтвортой, үр ашигтай хэрэгжүүлэх хамтын ажиллагааг;
"төрийн түншлэгч" гэж түншлэлийн гэрээг хэрэгжүүлэх тухайн салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, түншлэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон түншлэлийн гэрээнд заасны дагуу энэ хуулийн 16 дугаар зүйлд заасан бусад этгээдийг;
Дараах этгээд төрийн түншлэгч байна:
- Монгол Улсын яам;
- аймаг, нийслэлийн Засаг дарга;
- төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмч давамгайлсан хуулийн этгээд.
"хувийн хэвшлийн түншлэгч" гэж төрийн түншлэгчтэй түншлэлийн гэрээ байгуулж, энэ хуульд заасан түншлэлийн төслийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Компанийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд болон хуулийн этгээдийн нэгдлийг;
"түншлэлийн гэрээ" гэж төрийн болон хувийн хэвшлийн түншлэгч талуудын хооронд түншлэлийн төслийг хэрэгжүүлэхээр харилцан тохиролцож, талуудын эрх, үүрэг болон холбогдох бусад асуудлыг тодорхойлж байгуулсан иргэний эрх зүйн гэрээг;
"түншлэлийн зүйл" гэж түншлэлийн гэрээнд хамаарах эд хөрөнгийн эрх, ажил, үйлчилгээний үр дүн, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг;
"түншлэлийн төсөл" гэж нийтийн зориулалттай дэд бүтэц, төрийн үйлчилгээний салбарт нийтийн хэрэгцээ, шаардлагыг хангах зорилгоор хувийн хэвшлийн түншлэгч хөрөнгө оруулалт хийх, зураг төсөл боловсруулах, дэд бүтцийн барилга, байгууламжийг барих, санхүүжүүлэх, сэргээн босгох, сайжруулах, засвар арчлалт хийх, төрийн үйлчилгээг үзүүлэх, төрийн үйлчилгээний удирдлагыг хариуцах зэрэг үйл ажиллагааг багтаасан нийтэд чиглэсэн төслийг;
Түншлэлийн гэрээний хугацаа
Түншлэлийн гэрээний хугацааг төслийг хэрэгжүүлэх салбар, төслийн үндсэн шинж болон гэрээний төрлөөс хамаарч талуудын харилцан тохиролцсоноор тогтооно.
Түншлэлийн гэрээний хугацаа 30 жилээс илүүгүй байна.
Түншлэлийн төслийн хэрэгжилтийн хяналт, үнэлгээ
Төрийн түншлэгч түншлэлийн явцад хяналт тавьж, төслийн хэрэгжилтийн мониторинг болон үнэлгээг гэрээнд заасны дагуу тухай бүр гүйцэтгэн түншлэлийн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад танилцуулна.
Засгийн газар нь түншлэлийн үйл ажиллагаа, хууль тогтоомжийн хэрэгжилт болон Сангийн хөрөнгийн удирдлага, зарцуулалтад жил бүр Төрийн аудитын тухай хуулийн дагуу аудит хийлгэж болно.
Төрийн аудитын төв байгууллага төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, түншлэлийн төслийн төлөвлөлт, хувийн хэвшлийн түншлэгчийн сонгон шалгаруулалт, түншлэлийн төслийн хэрэгжилт болон гэрээний биелэлтэд аудит хийнэ.
Төрийн түншлэгч нь төслийн хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт тавих зорилгоор хөндлөнгийн үнэлгээний байгууллагатай гэрээ байгуулан ажиллуулж болох ба тус байгууллага нь хяналт, үнэлгээний үр дүн, үнэн зөв байдалд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээнэ.
---оОо---