![](https://edu.gov.mn/public/uploads/article/2023-06/648688e2ee332.png)
ЗАСГИЙН ГАЗАР ДАХЬ ХЯНАЛТЫН
ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
ХУУЛИЙН БҮТЭЦ, ЗОРИЛГО, ХАМРАХ ХҮРЭЭ
- Тус хууль нь 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 5 бүлэг, 24 зүйлтэй батлагдаж, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн.
- Хуулийн зорилго: Захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хууль ёсыг сахиулах, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянах, Засгийн газраас харьяа байгууллага, албан тушаалтанд хяналт тавих тогтолцоог бүрдүүлэх.
- Хамрах хүрээ: Яам, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга, тэдгээрийн албан тушаалтан, улсын төсөвт үйлдвэрийн газар, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагаанд тавих хяналттай холбогдсон харилцааг зохицуулна.
ХУУЛИАР ЯМАР ХАРИЛЦААГ ЗОХИЦУУЛАХГҮЙ ВЭ?
- Улсын Их Хурлаас удирдлагыг нь томилдог, Улсын Их Хуралд ажлаа хариуцан тайлагнадаг байгууллагаас бүрэн эрхийнхээ хүрээнд тавих хяналтын үйл ажиллагаа
- Төрийн захиргааны төв байгууллагаас харьяа байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналт
- Гэмт хэрэг, зөрчлийн хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах, шийдвэрлэх, нийгмийн хэв журмыг сахиулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, зэвсэгт хүчин, тагнуул, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах болон төрийн гадаад бодлогыг шууд хэрэгжүүлэхтэй холбоотой ажиллагаанд тавих хяналт.
БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИХ ХЯНАЛТЫН ХҮРЭЭ
- Хууль тогтоомж, бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа;
- Албаны чиг үүргээ хэрэгжүүлэх үйл ажиллагаа, гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт;
- Хүн, хуулийн этгээдэд төрийн үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа;
- Дотоод хяналтын үйл ажиллагаа;
- Ил тод, нээлттэй байдлыг хангах үйл ажиллагаа
- Мэдээлэл авах эрхийг хангах үйл ажиллагаа;
- Байгууллагаас хууль болон гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан төрийн тодорхой чиг үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа;
- Ёс зүйн зөвлөлийн үйл ажиллагаа;
- Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа.
ЗАСГИЙН ГАЗАР ДАХЬ ХЯНАЛТЫН ХЭЛБЭР
Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын хяналт тавих үйл ажиллагааны дараах хэлбэртэй байна.
- Хяналт-шинжилгээ үнэлгээ хийх
- Хяналт шалгалт хийх /ЗГ-ын болон Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын даргын шийдвэрээр, өөрийн санаачилга, өргөдөл гомдол, мэдээллээр/
- Тайлан, мэдээ авна
- Тандан судалгаа хийнэ гэсэн хэлбэрүүд байна.
Хяналт тавих нийтлэг журмыг Засгийн газар батална.
ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАЗАР
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага ажиллана.
Энэхүү төрийн захиргааны байгууллагын дүрэм, бүтэц, орон тооны хязгаарыг Засгийн газар батална.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга нь Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дарга бөгөөд Ерөнхий хянан шалгагч байна. Ерөнхий хянан шалгагч нь ахлах хянан шалгагч, хянан шалгагчийг томилж, чөлөөлнө.
ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАЗРЫН ЧИГ ҮҮРЭГ
- Хууль тогтоомж, бодлого, шийдвэрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг хянан шалгах;
- Албаны чиг үүргээ хэрэгжүүлэх үйл ажиллагааг хянан шалгах;
- Эрхэлсэн асуудлын хүрээнд өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авч шийдвэрлэх, шаардлагатай бол өргөдөл, гомдол, мэдээллийн дагуу хяналт шалгалт явуулах;
- Хууль тогтоомж, бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, тайлан, мэдээлэл ирүүлэх, явц, үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа, үр дүнг үнэлж дүгнэх ажлыг зохион байгуулах, Засгийн газарт танилцуулах;
- Хяналт шалгалтын дүнг үндэслэн холбогдох албан тушаалтанд сахилгын шийтгэл ногдуулах саналыг эрх бүхий этгээдэд хүргүүлэх зэрэг нийт 13 чиг үүргийг тусгаж өгсөн. /Хуулийн 17 дугаар зүйл/
БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТНЫ ҮҮРЭГ
Хяналт шалгалтад шаардлагатай баримт бичиг, мэдээллийг тогтоосон хугацаанд, үнэн зөв, бүрэн гаргаж өгөх;
Хуульд өөрөөр заагаагүй бол үйл ажиллагаандаа ашиглаж байгаа систем, цахим мэдээллийн санд нэвтрэх, мэдээлэл авах боломжоор хангах, системд нэвтрэх эрхийг хяналт шалгалтын хугацаанд үүсгэж өгөх;
Хяналт шалгалттай холбоотой асуудлаар тайлбар гаргах, хариулт өгөх;
Хяналт шалгалтын хугацаанд хянан шалгагчийг ажиллах нөхцөл боломжоор хангах.
---оОо--