“Боловсролын чанарын шинэчлэл” төслийн хаалтын үйл ажиллагааг зохион байгуулав

“Боловсролын чанарын шинэчлэл” төслийг бага боловсролын эх хэл, математик чадварыг ахиулахад дэмжлэг болох зорилгоор Боловсрол, шинжлэх ухааны яамнаас Дэлхийн банкны санхүүжилтээр 2015-2023 оны хооронд амжилттай хэрэгжүүллээ.

“Боловсролын чанарын шинэчлэл” төсөл нь Монгол улсын бүх өнцөг булан бүрт хүрч, бага ангийн анги танхим, багш, хүүхэд бүрийн өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг болж чадсанаараа онцлогтой  бөгөөд үр шим хүртэгчид нь:

  • Монгол Улсын 21 аймаг, 9 дүүрэг дэх
  • Бага боловсролын хөтөлбөртэй, төрийн өмчийн бүх ерөнхий боловсролын сургуулийн
  • 1,376 удирдах ажилтан,
  • 12,100 бага ангийн багш,
  • 382,000 сурагч, тэдний эцэг эх, асран хамгаалагчид байлаа.

ДЭЛХИЙН БАНК “БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫН ШИНЭЧЛЭЛ” ТӨСЛИЙГ ДАРААХ БАЙДЛААР ДҮГНЭЖЭЭ.

Бага боловсрол эзэмших 5 жил бол дунд болон ахлах ангидаа хүүхэд хэр амжилттай суралцаж чадахыг тодорхойлдог онцгой ач холбогдолтой үе шат төдийгүй ирээдүйд эрүүл чийрэг, хариуцлагатай, бүтээлчээр сэтгэдэг, дэлхийн иргэний боловсролтой хүн болж төлөвших суурийг бүрдүүлж өгдгөөрөө хамгийн чухал хугацаа гэдгийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэхүү чухал үзэл баримтлалыг хөрсөн дээр буулгахад Монгол Улсад өмнө нь Дэлхийн банкны буцалтгүй тусламжаар хэрэгжсэн “Хөдөөгийн боловсролыг дэмжих (READ)” төсөл, “Боловсролын чанарын шинэчлэл” төслүүд үнэтэй хувь нэмэр оруулсан.

Ялангуяа эх хэл дээрээ уншиж, бичиж сурсан төдийгүй уншсанаа ойлгоод бусдадаа илэрхийлж чаддаг суурь чадварыг хүүхэд бүрд тэгш эзэмшүүлсэн тохиолдолд боловсролын чанарт бодит ахиц, өөрчлөлт гардгийг дэлхийн олон орны туршлага, судалгаа харуулж байна. Эдгээр стратеги, үзэл баримтлалыг энэхүү төслийн үйл ажиллагаа бүрд шингээн хэрэгжүүлэхэд анхаарч ажиллалаа.

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн энэхүү төсөл нь Монгол Улсын бага боловсролын хөгжлийн түүхэнд цаг үеэ олсон, томоохон хөрөнгө оруулалт болж чадсаныг онцлон тэмдэглэж байна. Манай багш нар, сургуулиуд төслийн үр дүнд туйлын сэтгэл ханамжтай байгааг олон сургуулиар ороход ажиглагдсан. Бага ангийн багш нар маань хамтраад цахим номын сан, хүүхдийг үнэлэх цахим аппликэйшн, унших чадварыг шалгах цахим тоглоомууд зэргийг хамтран боловсруулж, нэвтрүүлснийг харахад туйлын баяртай байна.  

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас энэхүү төслийн хүрээнд уншиж бичих, тоо бодох суурь чадварыг хүүхэд бүрд гүн бат эзэмшүүлэх шинэлэг арга зүйг бага боловсролын бүх багш нартаа эзэмшүүлэн, чадавхжууллаа. Сургуулиуд анх удаа тэтгэлэгт санхүүжилт хүлээн авч, бие даан төлөвлөх, оновчтой шийдлээ хамтран тодорхойлох, төслөө удирдан хэрэгжүүлж, үр дүнгээ тооцох зэрэг үйл ажиллагааг сургуулийн менежментэд нэвтрүүллээ. Боловсролын үнэлгээний тогтолцооны хүрээнд үнэлгээний олон улсын төдийгүй бусад олон хэлбэрийг нэвтрүүлэн, нотолгоонд суурилсан төлөвлөлт хийх өгөгдөл баазтай болж, үндэсний чадавхаа бодитой бэхжүүллээ. Сургалтын хэрэглэгдэхүүн, ном, гарын авлага гээд багш, сурагчид хэрэгтэй бүхий л нөөцийг бүрдүүлж, анги танхим бүрдээ хүргэж чадлаа. Хөгжлийн бэрхшээлтэй сурагчид, хос хэлний боловсрол гээд боловсролд тэгш хандах зарчмыг хэрэгжүүлсэн бодит жишээ боллоо. Эдгээрийн үр дүнг бид бага боловсролын “цогц” шинэчлэл хэмээн үзэх боломжтой юм. Төслийн үр өгөөжийн судалгаагаар  суралцагчдын эх хэлний чадвар үнэлэхүйц хэмжээгээр ахисан үзүүлэлттэй гарсан нь туйлын сайшаалтай юм.

Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2,113 тэтгэлгийг сургуулиуд хэрэгжүүлсэн нь “брэнд” үйл ажиллагаа болжээ. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд сургууль бүр өөрсдөө бага ангийн суралцагчдаа дэмжихэд тулгарч буй бэрхшээлээ тодорхойлж, шийдлээ олж, түүнд нь зориулж өгсөн санхүүжилтийг бие даан хэрэгжүүлж чадсанаар боловсролын салбарын хувьд сургуулийг бие даан хөгжүүлэх цоо шинэ стратеги болсон гэж үздэг. Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр нь 5 үе шатаар хэрэгжсэнээр сургууль, багш, эцэг эх бүхэлдээ тасралтгүй суралцах үйл явц болж байсан хэмээн ярьж байгааг сонсоход таатай байсан. Учир нь энэхүү үйл ажиллагааны 5 дугаар шатанд бага ангийн багшийн чадвар сайжирсан, төсөл бичдэг, хэрэгжүүлдэг, бусадтайгаа илүү сайн хамтарч ажиллаж чаддаг, туршлагаа хуваалцдаг, өөрөө бие даан дижитал апп зохиодог түвшинд хүрч чадсан байгаа нь энэ төслийн бодит үр дүн гэж үнэлэх чухал үзүүлэлт юм.

Энэ төслийн өөр нэг томоохон үр дүн бол олон улсын сурлагын амжилтын PISA үнэлгээнд  Монгол Улсын 7,300 гаруй суралцагч анх удаа оролцсон нь салбарын цаашдын бодлого, төлөвлөлтөд ихээхэн ач холбогдолтой үйл явдал боллоо. Өнөөдөр Боловсролын багц хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж батлуулах, 2024 онд сургалтын шинэ хөтөлбөрийн циклийг эхлүүлэх үзэл баримтлалыг боловсруулах, хэлэлцэх томоохон ажлууд өрнөж буй чухал мөчид төслийн үр дүнгээ дүгнэн хэлэлцэж байгаа нь онцгой ач холбогдолтой гэж үзэж байна.

Мөн төслийг хамтран хэрэгжүүлэхэд ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтан, Боловсролын ерөнхий газар, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Боловсролын үнэлгээний төв, Боловсролын мэдээллийн технологийн төв, Нийслэлийн боловсролын газар, дүүргийн Боловсролын хэлтэс, аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газрууддаа, ялангуяа бага боловсрол хариуцсан мэргэжилтнүүд нөөц бололцоо, сэтгэл зүтгэлээ дайчлан ажиллалаа.

Төстэй мэдээ