ТӨРИЙН ӨМЧИЙН ЗАРИМ ИХ СУРГУУЛИЙН ХАРЬЯА ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН АХЛАХ СУРГУУЛЬ БАЙГУУЛАХ ТУХАЙ ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ БАТЛАГДЛАА.

ТӨРИЙН ӨМЧИЙН ЗАРИМ ИХ СУРГУУЛИЙН ХАРЬЯА ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН АХЛАХ СУРГУУЛИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, Боловсролын ерөнхий хуулийн 24.1.4, Дээд боловсролын тухай хуулийн 7.3, 7.6, 7.7, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 20.2, 20.6-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Төрийн өмчийн зарим их сургууль, тэдгээрийн орон нутаг дахь салбар, харьяа сургуулийн сургалтын орчин, материаллаг бааз, хангамж, багшлах хүний нөөцөд түшиглэн ерөнхий боловсролын дараах ахлах сургуулийг байгуулсугай:

1.1.Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургууль;

1.2.Монгол Улсын их сургуулийн xарьяа Завхан аймаг дахь ерөнхий боловсролын ахлах сургууль;

1.3.Монгол Улсын Боловсролын их сургуулийн харьяа Баян-Өлгий аймаг дахь ерөнхий боловсролын ахлах сургууль.

2.Төрийн өмчийн зарим их сургуулийн дараах ахлах сургуулийг доор дурдсанаар өөрчлөн зохион байгуулсугай:

2.1.Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн дэргэдэх ерөнхий боловсролын ахлах сургуулийг-Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургууль;

2.2.Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн дэргэдэх ерөнхий боловсролын ахлах сургуулийг-Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургууль;

2.3.Монгол Улсын их сургуулийн дэргэдэх ерөнхий боловсролын Байгаль-эх ахлах сургуулийг-Монгол Улсын их сургуулийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургууль;

2.4.Монгол Улсын их сургуулийн Дорнод аймаг дахь салбар сургуулийн дэргэдэх ерөнхий боловсролын ахлах сургуулийг-Монгол Улсын их сургуулийн харьяа Дорнод аймаг дахь ерөнхий боловсролын ахлах сургууль;

2.5.Монгол Улсын их сургуулийн Ховд аймаг дахь салбар сургуулийн дэргэдэх ерөнхий боловсролын ахлах сургуулийг-Монгол Улсын их сургуулийн харьяа Ховд аймаг дахь ерөнхий боловсролын ахлах сургууль;

2.6.Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Говь-Алтай аймаг дахь салбар сургуулийн дэргэдэх ерөнхий боловсролын ахлах сургуулийг-Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн харьяа Говь-Алтай аймаг дахь ерөнхий боловсролын ахлах сургууль;

2.7.Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Дархан-Уул аймаг дахь салбар сургуулийн дэргэдэх ерөнхий боловсролын ахлах сургуулийг-Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа Дархан-Уул аймаг дахь ерөнхий боловсролын ахлах сургууль;

2.8.Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа Эрдэнэт цогцолбор дээд сургуулийн дэргэдэх ерөнхий боловсролын ахлах сургуулийг-Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа Орхон аймаг дахь ерөнхий боловсролын ахлах сургууль;

2.9.Соёл, урлагийн их сургуулийн ерөнхий боловсролын Бадмаараг ахлах сургуулийг-Соёл, урлагийн их сургуулийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургууль;

2.10.Дотоод хэргийн их сургуулийн дэргэдэх ерөнхий боловсролын ахлах сургуулийг-Дотоод хэргийн их сургуулийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургууль;

2.11.Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн ерөнхий боловсролын Тэмүжин өрлөг бүрэн дунд сургуулийг-Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн харьяа ерөнхий боловсролын бүрэн дунд сургууль;

2.12.Монгол Улсын Боловсролын их сургуулийн гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын сургуулийг-Монгол Улсын Боловсролын их сургуулийн харьяа ерөнхий боловсролын бүрэн дунд сургууль.

3.Төрийн өмчийн зарим их сургуулийн харьяа ерөнхий боловсролын сургуулийг шинээр болон өөрчлөн байгуулсантай холбогдуулан 2023-2024 оны хичээлийн жилд багтаан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Цэнгэл)-т тус тус даалгасугай:

3.1.их сургуулийн харьяа ерөнхий боловсролын сургуульд багшлах хүний нөөцийг бүрдүүлэх, чадавхжуулах, багш, ажилтныг ажлын байраар хангах, зохих журмын дагуу шилжүүлэн ажиллуулах;

3.2.өөрчлөн байгуулсан их сургуулийн харьяа ерөнхий боловсролын сургуулийн орон тоо, эд хөрөнгийг балансаас балансад шилжүүлэх ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулах.

4.Шинээр болон өөрчлөн байгуулсан их сургуулийн харьяа ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрийг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, ерөнхий боловсролын болон дээд боловсролын хөтөлбөрийн шаталсан тогтолцоог бүрдүүлэх цогц арга хэмжээ авч ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАН

https://legalinfo.mn/mn/detail?lawId=16760243456701

Төстэй мэдээ