ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСӨЛ 2023 ОНЫ 12 ДУГААР САРЫН 01-НИЙ ӨДРӨӨС ХҮЧИН ТӨГӨЛДӨР ҮЙЛЧИЛЖ ЭХЭЛНЭ.

ТӨРИЙН БОЛОН ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСӨЛ 2023 ОНЫ 12 ДУГААР САРЫН 01-НИЙ ӨДРӨӨС ХҮЧИН ТӨГӨЛДӨР ҮЙЛЧИЛЖ ЭХЭЛНЭ.

Монгол Улсын Их Хурлаас 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг 18 жилийн дараа шинэчилсэн найруулгыг баталсан. Тус хууль 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн зарим зохицуулалтаас хүргэж байна.

  1. Хүний оролцоог бууруулж, тендерт оролцогчдын бүрдүүлдэг материалаас зөвхөн 18 хувийг цахим хэлбэрээр төрийн болон хувийн хэвшлийн мэдээллийн сангаас татан авч тендерийн үнэлгээнд харгалзан үзэж байгааг 70 хувьд хүргэх агуулгыг тусгасан. Энэ хүрээнд тендерт оролцогчдын цахим мэдээллийн санг бүрдүүлж, компанийн мэдээллийн санд баталгаажсан мэдээллийг тендерийн үнэлгээнд ашиглах нөхцөл бүрдсэнээр тендерт оролцогч ижил төрлийн баримт бичгийг олон дахин хувилж, тендер тус бүрд хүргүүлдэг байдлыг багасгах зорилготой.
  2. Тендер шалгаруулалтын бүх үе шатыг ил тод болгож, тендерт оролцогчид шалгарсан оролцогчийн ирүүлсэн нууцалснаас бусад материал, тодруулга болон тендерийн үнэлгээний үе шаттай танилцах боломжийг олгоно. Гэрээний мэдээллийн санг ил тод болгож аль компани, ямар ажлыг хийж байгаа, тухайн гэрээний гүйцэтгэл, санхүүжилтийг олон нийтэд нээлттэй мэдээлэх зохицуулалтыг шинээр тусгасан. Ингэснээр иргэд, олон нийт болон эцсийн хэрэглэгч аливаа худалдан авах ажиллагааны гэрээний хэрэгжилтийн талаар санал хүсэлт гаргах, олон нийтийн хяналт хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж байна. 
  3. Нээлттэй, харьцуулалт, гэрээ шууд байгуулах, нэг эх үүсвэрээс худалдан авах, ерөнхий гэрээ гэсэн үндсэн 5 аргаар тендер шалгаруулалтыг зохион байгуулна. Нээлттэй тендер шалгаруулалтын аргын хувьд тендер хүлээн авах хугацааг гадаадын этгээд оролцох боломжтой тендер шалгаруулалтад ажлын 20 өдөр, гадаадын этгээд оролцох боломжгүй тендер шалгаруулалтад ажлын 15 өдөр байхаар хугацааг шинэчлэн тогтоосон. 
  4. Эх оронч худалдан авалтыг дэмжих зорилтын хүрээнд дотоодын үйлдвэрлэл, аж ахуй эрхлэгчдийг дэмжиж, одоогийн хуулийн сайн зохицуулалтуудыг бүрэн хадгалж давуу эрхийн зөрүү тооцох аргачлалыг боловсронгуй болгож дотоодын барааг импортын бараатай өрсөлдүүлэхгүй ба зөвхөн Монгол бараа үйлдвэрлэгч хоорондоо өрсөлдөнө. Орон нутагт үйл ажиллагаа явуулж, ажлын байр бий болгосон аж ахуйн нэгжүүд тухайн орон нутгаас зарлаж буй тендер шалгаруулалтад оролцоход давуу эрх олгох болсноор орон нутгийн аж ахуйн нэгжүүдийг дэмжиж буй хэлбэр юм.
  5. Эдийн засгийн өсөлт, мөнгөний ханшийн өөрчлөлттэй уялдуулан худалдан авах ажиллагаанд гадаадын этгээд оролцох босгыг ажлын хувьд 30 тэрбум, барааны хувьд нэг тэрбум, үйлчилгээний хувьд 300 сая төгрөгөөс дээш байхаар тогтоосон. 
  6. Сонирхлын зөрчлөөс сэргийлэх зорилгоор захиалагч тендерийн баримт бичиг боловсруулах болон тендерийг үнэлэх ажлын хэсгийг тус тусад нь байгуулах, хууль бус шийдвэр гаргасан захиалагч, үнэлгээний хороонд зайлшгүй хариуцлага хүлээлгэх, хариуцлагатай, чадвартай компанийг дэмжихийн тулд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлдэггүй, мэргэжлийн үйл ажиллагаандаа алдаа гаргасан хариуцлагагүй аж ахуйн нэгжүүдийг хар жагсаалтад үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчдийн мэдээллээр бүртгэж, олон нийтэд ил тод мэдээлнэ. 
  7. Захиалагч бараа, ажил, үйлчилгээ худалдан авахаас бусад тохиолдолд үнэлгээний хороог дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулна:
  • 100 сая төгрөг хүртэл төсөвт өртөгтэй тендер шалгаруулалтын үнэлгээний хороог гурваас доошгүй;
  • ерөнхий гэрээний нэгдүгээр үе шатны, эсхүл энэ хуулийн 50.1.1-д зааснаас бусад тендер шалгаруулалтын үнэлгээний хороог таваас доошгүй.

Үнэлгээний хорооны гишүүн худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан байна.

Үнэлгээний хорооны гишүүний гуравны нэгээс доошгүй нь захиалагчаас хараат бус гишүүн байна. Үнэлгээний хорооны хараат бус гишүүнээр иргэний нийгмийн байгууллага, төрийн бус байгууллагын төлөөллийг, нийслэл болон улсын зэрэглэлтэй хотоос бусад орон нутагт аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас томилсон иргэн, Засаг даргын Тамгын газрын ажилтныг сонгоно.

Үнэлгээний хорооны гишүүн хүндэтгэн үзэх шалтгаанаар үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болсон бол захиалагч түүнийг үнэлгээний хорооны гишүүний үүргээс чөлөөлж, шинэ гишүүн нөхөн томилно.

https://legalinfo.mn/mn/detail?lawId=16760359992351

 

 

---оОо---

 

Төстэй мэдээ