Боловсролын яам, Япон улсын Шизуока мужийн Боловсролын газар, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газар хооронд байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд "Багш, сурагч солилцооны хөтөлбөр" 13 дахь жилдээ хэрэгжиж байна.

Шизуока мужийн Засаг даргын орлогч Масүй Хироши, Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны зөвлөх Г.Эрдэнэхатан, Боловсролын газрын хэсгийн дарга Аоки Томоки нар 2024 оны 8 дугаар сарын 04-09-ний өдрүүдэд ахлах сургуулийн 20 сурагч, 5 багшийн хамтаар Дорноговь аймгийн Сайншанд сумын Ерөнхий боловсролын 6 дугаар сургуульд хүрэлцэн ирээд байна.
Багш, сурагч солилцооны хөтөлбөрийн хүрээнд Монгол хэл соёл, түүх уламжлал, ардын ёс заншил, боловсрол, урлагийн чиглэлээр 2 хоногийн хөтөлбөрт хамрагдаж, хүүхдийн “Жаргалан” зуслан, нүүдэлчин айлтай танилцаж, мөн Улаанбаатар хотод 2 өдрийн үйл ажиллагаанд оролцох юм.
Цаашид талууд хамтын ажиллагааныхаа хүрээнд энэхүү хөтөлбөрөө өргөжүүлэх, багшийн хөгжилд дэмжлэг үзүүлэх, боловсролын сайн туршлагаа солилцох, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр хамтран ажиллана.