МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН “ЭНТРЕПРЕНЕРШИПД СУУРИЛСАН ХУВЬ ХҮНИЙ УР ЧАДВАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ“ ХӨТӨЛБӨРИЙН БАГШИЙГ МЭРГЭШҮҮЛЭХ ТАНХИМЫН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны “Сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх тухай” А/278 дугаар тушаалаар “Хувь хүний санхүү, бизнес аж ахуй эрхлэх”, “Амьдрах ухааны ур чадвар олгох” агуулгыг нэгтгэн “Энтрепренершипд суурилсан хувь хүний ур чадварыг хөгжүүлэх“ хөтөлбөр болгож, Мэргэжлийн боловсрол олгох сургалтын жишиг төлөвлөгөөнд оруулан баталсан.
Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Боловсролын үндэсний судалгааны хүрээлэн, мэргэшсэн багтай хамтран Японы хүүхдийг ивээх сангийн дэмжлэгтэйгээр “Энтрепренершипд суурилсан хувь хүний ур чадварыг хөгжүүлэх“ чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийг боловсруулан, хөтөлбөрийн багш, суралцагчийн гарын авлагыг сайжруулан 20000 ширхэг хэвлүүлж сургалтын байгууллагад хүлээлгэн өгсөн.
“Энтрепренершипд суурилсан хувь хүний ур чадварыг хөгжүүлэх“ хөтөлбөр нь суралцагчийн сэтгэлгээ, хандлагыг хөгжүүлэх өөрийн удирдлагатай бие даан суралцахуйн онол буюу экспансив онолд тулгуурласан олон улсын зөвлөх, шинжээч нарын оролцоотой боловсруулсан, ерөнхий боловсролын сургууль, 6 мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежид туршсан, багшлахуй, суралцахуйн арга зүйн хувьд шинэлэг хөтөлбөр тул “Мэргэжлийн боловсрол олгох сургалтын жишиг төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хангах хүрээнд багшийг мэргэшүүлэх сургалтыг цахим, танхим хосолсон хэлбэрээр 4 үе шаттай зохион байгуулж байна.
1-р үе шат Вэбэд суурилсан цахим сургалт-Багш цахимаар ажлын байран дээрээ бие даан суралцсан
2-р үе шат Вебинар сургалт-Хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой арга зүйн дэмжлэгүүдийг зөвлөх багш нараар дамжуулан өгч, ажлын байран дээрээ суралцсан
3-р үе шат Танхимын сургалт-3 өдөр, 24 цагийн сургалтаар багш суралцагчийн байр сууринаас сургалтын хөтөлбөрийг ойлгох, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүйд суралцаж байна.
Цаашид 4-р үе шатанд сургалтын дараах дэмжлэг буюу Мэргэжлийн хөгжлийн үйл ажиллагаагаар дэмжин ажиллана.







Танхимын сургалтад 49 сургалтын байгууллагын 130 багш, сургагч багш, зохион байгуулагчид оролцож байна.




Төстэй мэдээ