САЙН ТУРШЛАГУУД
II СУРГУУЛЬ / ӨВӨРХАНГАЙ АЙМАГ
ТУРШЛАГЫН НЭР:
Ахицтай охин амжилтын эзэн (Хэл ярианы бэрхшээлтэй)
БАГШИЙН ТОВЧ МЭДЭЭЛЭЛ:
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ЕБ-ын II сургуулийн бага ангийн багш А.Бунддулам
Сурагч О нь тусгай бүлгээс энгийн ангид шилжин орсон бөгөөд хэл ярианы бэрхшээлтэй хүүхэд юм.Хувийн зохион байгуулалт хангалтгүй, ангийн дэг журам, цаг баримталдаггүй, дархлаа сул учир их өвчлөмтгий, байнга хичээлийн цагаас хоцорч хичээлийн дундуур орж ирдэг тул ангийн сурагчдын дунд анхаарлыг сарниулдаг.Өдөр тутмын ахуйн үг хэллэг, хэл ярианы утга санааг мэдэрч өөртөө тусгах чадвар илт дутагдана.Бусад хүүхдийн адил удаан хугацаагаар суух чадваргүй.Тиймээс монгол хэл, математик, дүрслэх урлаг гэх мэт хичээлд л суудаг.Утга санаанд тохируулан сэтгэл хөдлөлөө илэрхийлэх чадварыг хөгжүүлэх шаардлагатай.
ХҮҮХДИЙГ ДЭМЖИХ ЗААХ АРГА ЗҮЙН ТОХИРУУЛГА, ҮР ДҮН:
ДЭМЖИХ АРГА 1.
Өөрт нь зориулсан дүрэм гаргасан.
Өөртэй нь болон гэр бүлийнхэнтэй нь ярилцаж дүрэм гаргаж энэ дүрмийг анги болон гэрт нь байршуулсан.Хувийн дүрмээ мөрдөж, зөв дадалд сургахын тулд аав, ээж, багш, ангийн нөхөд нь хянаж шаардлага тавьж эхэлсэн.Сурагч О нь 7 хоногт хамгийн багадаа 2-3 удаа хичээлээс хоцордог байсан ба хоцорсноосоо болоод тухайн өдрийн хичээлийг таслахад хүрдэг байсан.Энэ үед ангийн багш нь сургалтын менежертэй зөвшилцөн түр хуваарь гаргаж, өглөө 9 цагт хичээлдээ ирж байхаар болгосон нь сурагчийг хичээлээсээ хоцрохгүй ирж дадахад дэмжлэг болсон.Ингэснээр хэсэг хугацааны дараа сурагч О-гийн хоцролт болон хичээл таслалт эрс багассан байна.
ДЭМЖИХ АРГА 2.
Ангийнхаа хэл бичгийн хичээлд сайн, эелдэг харилцаатай, нэлээн яриа, нээлттэй сурагч Э-тэй хамт суулгаж, найздаа туслахыг зөвлөсөн.
Ингэснээр О нь нэг ширээний найзтайгаа ярих, инээх, хөгжилдөх, дуурайн бичих, бусдаас суралцах чадвар нь ахиж эхэлсэн.О нь хэл ярианы бэрхшээлтэй, өөрийгөө илэрхийлэх чадвар сул учраас унших бичгийн хичээл дээр түлхүү анхаарч хосоор унших, багш өөрөө үлгэрлэн унших, анги нийтээр дамжуулан унших, зураг унших, багаар унших зэрэг уншлагын аргыг хэрэглэж, уншсан эхийнхээ утгыг найзтай нь ярилцуулах арга нь илүү үр дүнд хүрч, хичээлдээ сонирхолтой болж, үгийг тод чанга хэлдэг болж, ангийнхантайгаа харилцдаг, инээж баясдаг болсон зэрэг мэдэгдэхүйц ахицтай талууд ажиглагдаж байна.
ДЭМЖИХ АРГА 3.
Бусад сурагчдын адил өөрийн зохих мэдлэгийг бүтээхийн тулд суралцах явцыг өөрт нь ойлгомжтой байдлаар тохируулга хийн дэс дарааг тодорхой болгож, хуваарийн дагуу мөрдүүлсэн.
Жишээ нь: Унших бичгийн хичээлээр эхлээд бусадтайгаа хамт үлгэр унших, утгыг нь ярих, дүрд тоглох, үлгэрийн баатруудыг зурж наамал хийх, бяцхан ном хийх аргад суралцаж байна.Тус дарааллыг дагаснаар сурагч О-гийн унших, ярих чадвар нь мэдэгдэхүйц сайжирсан байна.Мөн дээрх үйл ажиллагаанууд нь сурагч О-д маш их таалагдаж, түүнд суралцах хүсэл эрмэлзэл төрж байгаа нь ажиглагдсан.Зөв бичүүлэхэд зурлагын нэрийг зөв нэрлэж тогтоосны дараа цээжээр бичих үйлдлийг зэрэгцүүлэн явах нь үе, үг, өгүүлбэр нүдлэх, зөв хурдан уншиж сурах эхний алхам болдог.Мөн энэ үед нь цифр, үйлдлийн тэмдгүүдийг нүдлүүлж цээжээр бичих нь тоог бодож сурах суурь болдог.
ДЭМЖИХ АРГА 4.
Зөв уншуулах, алдаагүй бичих, хоцрогдолгүй сургахын дараагийн нэг алхам бол багш, эцэг эхийн хамтын ажиллагаа юм.
Эцэг эх болон сурагчийн ололттой талыг барьж тэднийг урамшуулах, хүүхэдтэйгээ ажиллах арга зүйн талаар санамж зөвлөгөөг өгч хамтарч ажиллах нь илүү үр дүнд хүрдэг.Ангийн багш эцэг эхчүүдийг
Урлаг спорт
Эрүүл мэнд, хүмүүжил төлөвшил
Сурлага
Олон нийтийг хамарсан үйл ажиллагаа гэсэн 4 багт хувааж хариуцсан
сэдвийн дагуу аливаа үйл ажиллагааг санаачлан хийхээс гадна сургуулиас зохион байгуулж байгаа бүхий л үйл ажиллагаанд идэвх санаачилгатай оролцдог байна.Мөн өдөр бүр хичээл дээр эцэг эхчүүд хоёр хоёроороо ээлжлэн ирж багшид тусалдаг ба эцэг эхчүүд багшаасаа цээж бичгийг хэрхэн зөв дуудан бичүүлэх, алдааг хэрхэн засах, сурагчдад хэрхэн зөвлөгөөг өгөх талаар суралцдаг байна.Энэ үйл ажиллагаа нь эцэг эхчүүд гэртээ хүүхэдтэйгээ ажиллах арга зүйд суралцахад нь дэмжлэг болдог байна.
ДЭМЖИХ АРГА 5.
Хичээлээс гадуурх үйл ажиллагаагаар хөгжих боломжийг бүрдүүлж өгч байна.
Сурагч О-д “ахиж байна”, “сайн байгаа”, “найзуудаасаа улам ихийг сураарай”, “чи бас найзууддаа туслаарай” гэх мэтээр дэмжлэг үзүүлж, ангиа цэвэрлэх, үдийн цайны жижүүр хийх, бусад уралдаан тэмцээнд эцэг эхийн хамт оролцохыг уриалж өөрийнх нь спортын амжилтыг найз нөхдөд нь ярьж өгөх, тэмцээний талаар өөрөөр нь яриулах зэргээр өөрийгөө илэрхийлэх, өөртөө итгэлтэй болох, хэлний бэрхшээлээсээ ичихгүй байх, ингэснээрээ улам их амжилтад хүрэх боломжтой талаар түүнтэй байнга ярьж дэмжлэг үзүүлэх нь ахиц гаргахад нь дэмжлэг болсон.Ангийн багш нь тухайн сурагчтай ганцаарчлан ажиллахдаа хүүхдийн өөрийнх нь нөөц боломж, чадвар, сонирхолд нь тулгуурлан ажиллахыг зорьдог байна.
ХҮҮХДЭД ГАРСАН ТОДОРХОЙ, ЭЕРЭГ ӨӨРЧЛӨЛТҮҮД:
Намар хичээл ороход О нь үг дуу цөөн, хүний өөдөөс эгцэлж хардаггүй, хичээлээс их хоцордог байсан бол одоо ангийнхантайгаа болон багштайгаа ичиж сандралгүй, нээлттэй харилцаж, хичээлээс хоцрохгүй, бүх хичээлд бусдын адил өөрийн боломжоор суралцаж, хөгжиж байгаа нь эерэг үр дүн болж байна.Мөн хувийн зохион байгуулалт сайжирч, ангийн дэг журмаа мөрдөж байна.
ХҮҮХДЭД ГАРСАН ТОДОРХОЙ, ЭЕРЭГ ӨӨРЧЛӨЛТҮҮД:
Намар хичээл ороход О нь үг дуу цөөн, хүний өөдөөс эгцэлж хардаггүй, хичээлээс их хоцордог байсан бол одоо ангийнхантайгаа болон багштайгаа ичиж сандралгүй, нээлттэй харилцаж, хичээлээс хоцрохгүй, бүх хичээлд бусдын адил өөрийн боломжоор суралцаж, хөгжиж байгаа нь эерэг үр дүн болж байна.Мөн хувийн зохион байгуулалт сайжирч, ангийн дэг журмаа мөрдөж байна.