
Эцэг эх бид хүүхдийнхээ хичээлийг хийлгэж чадаж байна уу? Цахим орчноос яаж хол байлгах вэ? Хүүхдээ сонсож, ойлгож, эрүүл зөв харилцаанд сургаж байна уу? Хүүхдэдээ бие даан хөгжих, сурах, бүтээх сэтгэл зүйн таатай орчныг бүрдүүлсэн билүү? Цаг гаргаж, хайр халамж тавьж чадаж байна уу? гэсэн маш олон асуудал эцэг эх бидэнд ар араасаа тулгарч байдаг. Тэгвэл тулгарч буй асуудлуудаа хэрхэн шийдэх талаар зөвлөх, мэдээлэл хүргэх зорилгоор “Хүүхэд нэг эрдэнэ, Хүмүүжил 1000 эрдэнэ” цуврал нэвтрүүлгийг бэлтгэн, Шинэ монгол 101.7 радиогийн Хүүхэд эрдэнэ нэвтрүүлгээр хүргэж байна.
Нэвтрүүлгийн зочноор Нийгмийн ажилтны нийгэмлэгийн тэргүүн Б.Мөнхжаргал, УБИС-ийн Нийгмийн ажлын арга зүйн тэнхимийн эрхлэгч Т.Цэндсүрэн, Нийслэлийн 28-р сургуулийн нийгмийн ажилтан Х.Мэндбаяр, Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж явсан ахлах Бямбасүрэн, Авлигатай тэмцэх газрын судалгаа шинжилгээний албаны ахлах ажилтан, ахлах комиссар Т.Жаргалан нар оролцож байна.
Нэвтрүүлгийн гол агуулга нь хүүхэд хамгааллын өнөөгийн байдал, гэр бүлийн орчин дахь хүчирхийлэл, хүүхэд хамгааллын асуудал, хорио цээрийн үед эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хэрхэн цагийг зөв өнгөрүүлэх, хичээлийг нь хийлгэхдээ анхаарах чухал зүйл, цахим орчин болон донтолтоос хүүхдээ яаж хамгаалах, хүүхдийнхээ сул талыг яаж зөв чиглүүлэн хобби болгох, хүүхдийг үл хайхрах байдал гэж юуг хэлдэг болох, хүүхдээ үл хайхрах байдалд оруулахгүй байхад эцэг эх юуг анхаарах, “Хүүхэд, залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг танилцуулах, хөтөлбөрийн хүрээнд хийсэн ажлын талаар, өсвөр залуу үеийнхэнд эх оронч үзэл, үнэнч шударга байдлыг төлөвшүүлэх, хүүхдийг хүмүүжүүлэх ардын ухааны гол гурван зарчим болох үгээр болон биеэр/үйлдлээр үлгэрлэн хүмүүжүүлэх, хөдөлмөрийн аргаар хүмүүжүүлэх арга ухааныг түгээн дэлгэрүүлэх гэсэн агуулгуудыг багцлан хүргэж байна.
текст:
Шинэ корона вирусын халдвар буюу цар тахал дэлхий нийтийг түгшээж байгаа энэ үед МУ-ын ЗГ-аас бүх их дээд сургууль, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулиудын үйл ажиллагааг түр зогсоосны улмаас манай улсын хэмжээнд 0-19 насны нийт 1 сая 500 мянга орчим хүүхэд хөл хорионд байгаа. Ийм учраас бөгөөд эдгээр хүүхдүүддээ зориулж БСШУСЯаас цахим болон теле хичээлийг тодорхой хуваарийн дагуу зохион байгуулж өнөөг хүрч байна.
Энэ нь сурагчид зайнаас суралцаж байгаа анхны тохиолдол тул хүүхэд бүр теле хичээлд бүрэн хамрагдаж чадахгүй байгаа, багшийн удирдлагын дор суралцаж ирсэн хүүхдээс арай өөр чадвар шаардаж байгаа, хүүхдүүд хорио цээрийг амралт гэж ойлгож хичээл хийхээс тоглохыг илүүд үзэж байгаа, гадуур чөлөөтэй гарч агаар салхинд үеийн хүүхдүүдтэйгээ тоглож чадахгүй байгаа зэрэг олон шалтгаанаас үүдэн хүүхэд эцэг эхийн хооронд зөрчил маргаан үүсэх, асуудлыг хүч хэрэглэн шийдэх, стрессдэх зэрэг тохиолдлууд гарсаар байна.
Сүүлийн жилүүдэд сургуулийн орчинд хүүхэд эрсдэлд өртөх, хүчирхийлэл, дарамтад орох нь харьцангуй багасаж байгаа ч цахим орчин, гэр бүлийн орчинд хүүхдийн эрсдэл, хүчирхийлэлд өртөх нь ихсэж байгаа.
Ялангуяа хорио цээрийн үед хүүхдийн эндэх, эрсдэл, бэлгийн хүчирхийлэлд өртөх явдал нэмэгдсээр байгаа нь сэтгэл эмзэглүүлсэн асуудлуудын нэг болоод байна. Эндээс сургууль ,цэцэрлэгүүд нь хүүхдийг ямар олон эрсдэлт зүйлээс хамгаалдаг орчин болохыг бид харж болохоор байна. Хүүхдийн тусламжийн 108 утсанд ирдэг нийт дуудлагын 40 орчим хувь нь гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэдтэй холбоотой байна.
Сургуулийн орчин дахь хүчирхийлэл дарамт нь ил явагддаг, илрүүлэхэд хурдан байдаг бол гэр бүлийн орчин дахь хүчирхийлэл далд явагддаг, илрүүлэхэд маш төвөгтэй бөгөөд хохирогч нь хүүхэд болдог.
Гэр бүлийн орчин дахь хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэхэд иргэн бүрийн оролцоо маш чухал.
Та гудманд хонож байгаа, гуйлга гуйж байгаа, эсвэл зодуурын ямар нэгэн шарх сорвитой хүүхэдтэй таарвал 102 болон 108 дугаарын утсанд хандан, мэдээллийг дор нь хүргэх ёстой.
Магадгүй, Та ийм үйлдэл хийснээр унтарч буй нэгэн бяцхан иргэнд итгэлийн маргаашийг аварч, ирээдүйд тодоос тод гэрэлтэх хувь тавиланг бэлэглэх болно.
Бидний амьдарч буй нийгэм гаднаа сайхан боловч дотроо олон ээдрээтэй асуудлаар дүүрэн байгаа нь хүүхдүүд зөв хүн болон төлөвших, нийгэмшихэд нөлөөлж байна.
Энэ эгзэгтэй үед эцэг эх бүр өндөр хариуцлагатай байх ёстой.
Боловсролын байгууллагын тулгын 3 чулуу бол эцэг эх-багш-хүүхэд байдаг.
Гэр бүлийн тулгын 3 чулуу бол аав-ээж-хүүхэд байдаг.
Эцэг эх, багш, сурагчийн хоорондын байнгын эерэг харилцаа нь хүүхдээ өндөр боловсролтой, зөв хүмүүжилтэй хичээнгүй сайн хүн болохын үндэс суурь нь болж өгдөг.
Хүүхдэд хамгийн их нөлөөлдөг хүчин зүйл бол эцэг эх тэдний харилцаа, хандлага юм.
Ихэнх эцэг эхчүүд хүүхдийн сонирхлыг дагахгүй, өөрийнхөө хүслийг тулган бүжгийн, дууны, зургийн, хөгжмийн, хэлний гээд олон дугуйланд зэрэг зэрэг явуулж, мэдлэгийг хүүхдийн толгойд албаар чихэн оруулахыг хичээдэг.
Хүүхэд өөрийн сонирхсон зүйлдээ хүнээр шаардуулалгүй өөрийгөө дайчлан суралцаж, таны санаанд ороогүй амжилтад хүрдэг.
Эцэг эхчүүдийн нэг нийтлэг хамгийн том алдаа нь хүүхдийг өөрийнхөө өнцгөөс шууд дүгнэн, өмнөөс нь асуудлыг нь шийддэг явдал юм. ӨХ: миний хүүхэд сул дорой тул спортоор хичээллэж амжилтанд хүрэхгүй, миний хүүхэд хурдан юмыг ойлгодог тул математикч болгоно, хуульч болгоно гэх мэтээр хэт дөвийлгөх, эсвэл миний хүүхэд энэ тал дээр, тэр тал дээр жоохон чадвар муутай юм шиг байгаа юм гэх мэтээр хүүхдээ дутуу үнэлэн, сонирхолгүй дугуйлан, секцэд хүчээр явуулах зэрэг нь хүүхдийг бие даах чадваргүй, том болсон хойноо асуудлыг бодитоор харж шийдвэрлэх чадваргүй, хүний аясыг харсан итгэлгүй, зориггүй нэгэн болгон хүмүүжүүлсэн байдаг.
Ер нь хүний амьдралын бүх зүйл өөрийн гэсэн хэм хэмжээтэй, цаг хугацаатай байдаг бөгөөд сурч боловсрох цагт нь сургахгүй бол хожим хойно хэчнээн сургах гээд ч сурдаггүй учир бага балчир насанд нь амттанаар бордож, аалиар эрхлүүлэлгүй, номонд дурлуулж, эрдэмд шамдуулж, хичээнгүй нямбайд сургах нь эцэг эх хүн бүрийн нэн тэргүүний үүрэг юм.
Бид өөрийн хүслийг хүүхдэдээ хүчээр тулгадаг учраас эцэг эх, хүүхдийн хооронд үл ойлголцол үүсдэг. Мэдэхгүй юм болгон хүүхдэд хэцүү.
Хүүхдэдээ юу бодохыг нь биш хэрхэн бодох арга ухааныг нь зааж өгөх хэрэгтэй..
Хүүхэд буддаг ном биш. Тэднийг өөрийнхөө дуртай өнгөөр дүүргэх гэж бүү зүтгэ.
Хичээлийг байнга хамтарч хийх нь хүүхдийг залхаадаг. Хийх аргыг нь зааж өгөөд бие даалган хийлгэж байх нь чухал. Өөрт нь боломж олго. Буруу хийсэн ч бухимдаад байх шаардлагагүй. Алдаа хийлээ гэж загналгүй, харин улам сайн хийх талаас нь заадаг байх хэрэгтэй.
Хүүхдийг нэг суултаар бүх даалгаварыг нь хийлгэх хэрэггүй.
Хүүхдийг бид уураар биш урмаар зоригжуулах нь чухал. Аливаа маргааныг хүчээр биш эвээр шийддэг байхыг зааж өгөх ёстой.
Хүүхдийнхээ өчүүхэн жижиг амжилтыг ч үнэлж, зөв байна, сайн шүү, мундаг, бахархаж байна, хайртай шүү гэдэг үгийг алхам тутамдаа хэлж бай. Хүүхэд баярлаж, урамшиж байж амжилтад хялбар хүрдэг. Сурах үйл ажиллагааг баяр баясгалан болгож чадвал хүүхэд өөрөө мэрийж, сайн сурахаар хичээх болно.
Та өөрийнхөө бодлыг өөрчилж, арга барилаа шинэчилсэн өдрөөс чинь эхлэн хүүхэд тань танд өөрөөр харагдах болно.
Эцэг эхчүүд бид хорио цээрийн үед хүүхдүүддээ илүү их анхаарал, хайр халамж тавьж, гэнэтийн аюул ослоос урьдчилан сэргийлж, хариуцлагатай байх хэрэгтэй.
Хүүхдээ гэртээ бие даан суралцах, хөгжих орчныг бүрдүүлж, эрүүл мэнд, дархлааг нь дэмжих амин дэмтэй хоол хүнсийг тогтмол өгч, хувийн ариун цэвэрт анхаарч гарыг нь тогтмол угаалган, чийгтэй цэвэрлэгээ ариутгалыг цаг тутамд хийж, олны хөлийн газраар хүүхдээ дагуулж явахгүй байхад анхаарч байх нь эцэг эх, асран хамгаалагч нарын үүрэг.
Гэр бүлийн уур амьсгалыг тайван байлгаж, эерэг дулаан харилцааг бий болгож, ахуйн осол аваар гарахаас урьдчилан сэргийлж, гэрийн цахилгаан, цонх хаалганы түгжээг байнга хянаж шалгаж байх, хүүхэдтэйгээ цагийг зөв өнгөрөөж, оньсон тоглоом болон шатар, даам тоглох, таавар таалгах, үгийн сүлжээ зохиолгон бөглүүлэх, үлгэр унших, хоорондоо захидал бичих зэрэг хүүхдийнхээ оюуныг хөгжүүлсэн тоглоом тоглож, дархлааг нь хадгалхад анхаарч байх нь эцэг хүний үүрэг.
Таны хүүхэд өөртөө итгэлтэй, бие даасан нэгэн бол Та хүүхдээ дэмжиж, хэрэгтэй үед нь магтаж урамшуулж чадсаных.
Хүүхэд хоёр том боловсрол эзэмшдэг. Нэг нь боловсролын системээр олж авч байгаа боловсрол. Нөгөө нь гэр бүлийн хүмүүжил. Хүмүүжил бол тухайн хүүхдийн нэрийн хуудас байдаг.
Та хүүхдээ сайн хүн болоосой гэж бодож байвал “хичээлээ хий, хичээлээ хий” гэхээс илүү, хүнийг хүндэлдэг, зөв сэтгэлтэй, сэтгэл зүйн хаттай, аливаа бэрхшээлийг даван туулах чадвартай хүн болгон хүмүүжүүлэхэд анхаарах хэрэгтэй.
Эцэг эхийн хайр халамж, зөв хүмүүжилд өссөн хүүхэд эелдэг, зөөлөн, энэрэнгүй, өөртөө итгэлтэй, нийтэч тусч зан чанарыг авсан байдаг бол эцэг эхийн хайр халамж дутуу, гэр бүлийн хүчирхийлэлд өссөн хүүхэд өөртөө итгэлгүй, аймхай, дээрэнгүй болж өсдөг.
Сургуулийн нийгмийн ажилтнуудын 3-р сарын байдлаар гаргасан судалгаанаас үзхэд эцэг эхийн үл хайхрах хүчирхийлэлд өртсөн хүүхдийн тоо 41.6 хувьтай байгаа нь сэтгэл эмзэглүүлж байгаа асуудлын нэг болоод байна.
Зарим эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдийг үл хайхрах хүчирхийлэл гэж юуг хэлдэг, гарах үр нөлөө, хохирлыг ер мэддэггүй.
Хүүхдийг наад захын хэрэгцээ болох хоол хүнс, хувцас хунар, орон байраар дутаах, эмнэлгийн үйлчилгээнд хамруулахгүй байх, сурч хөгжих боломжийг нь хаах, сургууль завсардуулах, хөдөлмөр эрхлүүлэх, хүүхэдтэйгээ хол хөндий харилцах, хайр халамжаар дутаах, хүсэл сонирхлыг нь няцаах зэрэг нь хүүхдийг үл хайхрах хүчирхийлэл болно. Хүүхдийг сэтгэл санааны хувьд үл хайхрах нь хүүхдэд хамгийн их хохирол учруулж, эрсдэл дагуулдаг.
Үл хайхрах байдалд өссөн хүүхэд гэмт хэргийн золиос болох, гэмт хэрэгт орох, орон гэрээсээ дайжих зэрэг хүүхдийг хүсээгүй алхам руу түлхэн оруулдаг.
Хүүхэд бүр аливаа хүчирхийллээс ангид, аюулгүй орчинд, хайр энэрэл дунд өсөж хөгжих эрхтэй. Өнгөрсөн оны байдлаар 14-16 хүртэлх насны 127 хүүхэд хорих ялаар шийтгүүлснээс, дийлэнх нь хулгайн гэмт хэрэгт холбогдсон байдаг. Эдгээр өсвөр насны хүүхдийн гэмт хэрэг үйлдэх болсон шалтгааныг нь судлахад эцэг эхийн хараа хяналтгүй байдал, сурч боловсрох эрхээ хязгаарлуулсан, амьжиргааны нөхцөл байдал, орчин зэргээс хамааралтай байна. Мөн 20 хүртэлх насны охидын үр хөндөлт нэмэгдэж, 14-18 насныхны дунд архи, тамхины хэрэглээ огцом ихсэж, хүүхдүүд ганцаардах, бухимдах, нойргүйдэх зэрэг эмгэгтэй болж, цахим хэрэглээнд донтож байна. Жилд 200 гаруй хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөж, сэтгэл гутралын өвчин ихсэж байна.
Жилд дунджаар 1500-2000 хүүхэд гэмт хэргийн золиос болж хохирсоор байна. Хохирсон хүүхэд болгоны ард хариуцлагагүй, хайр халамжгүй эцэг эх бий.
Эцэг эх бүхэн хийж байгаа үйлдлээ хянаж, хэлж байгаа үгээ цагдаж чаддаг болсон цагт Таны ард хүүхэд гэдэг эрдэнэ хохирохгүй.
Сэтгэлээс бүх юм угтай, Сэтгэлийг зөв залахад хүний үг, үйлдэл зөв болдог. Хүүхэд бүр гэр бүл дотроо амьдрах ухаан, хүнийг хайрлах хүнлэг сэтгэлд суралцах ёстой. Хүүхдийн хүнлэг сэтгэл нь аав, ээжийн хайраас бүрэлдэн хөгждөг. Энэ нь хүүхдийн аз жаргалтай амьдрах үндэс суурь нь болдог. Гэвч хүүхэд бүр аав ээжийн хайр халамжийг тэгш хүртэж чадахгүй байгаа нь дээрх жишээ, тоо баримтаас харагдаж байна. Хүүхдэд ая тухтай, сайхан орчин чухал ч хамгийн гол зүйл бол эцэг эх хоорондын харилцаа, хандлага чухал. Эцэг эхчүүд хоорондын харилцааны зөрчлийн золиос нь хүүхэд болдог. Мөн завгүй эцэг эхчүүд олширч, ажлыг нэгд хүүхдээ хоёрт тавьсаар, ингэснээр хүүхдийг өөрөөсөө түлхэн, үл хайхрах байдалд оруулсаар байна. Иймд бид хүүхдэдээ заавал цаг гарган, хайр халамжаар дутаахгүй байх нь чухал байна. Эцэг эх болох амархан, харин сайн эцэг эх байх хэцүү. Аавуудын хүүхдийнхээ төлөө хийх хамгийн энгийн бөгөөд чухал зүйл бол ээжийг нь хайрлах. Ээжүүдийн хүүхдийнхээ төлөө хийх хамгийн энгийн бөгөөд чухал зүйл бол аавыг нь хайрлах. Энэ эрүүл харилцаан дээр хүүхэд аз жаргалыг мэдэрдэг.
Хориннэгдүгээр зуун бол техник технологийн эрин зуун. Амьдрал илүү амархан болж, дэлхий ертөнц даяаршиж, мэдээ мэдээлэл цаг тутамд шинэчлэгдэн, бидний амьдрал техник технологийн хөгжлөөр тодорхойлогдож байна. Сүүлийн жилүүдэд техник технологийн хөгжлийг дагаад өсвөр насны хүүхдүүдийн дундах цахим орчны хэрэглээ нэмэгдэж, донтох, цахим гэмт хэрэгт хохирогч болох эрсдэл байсаар байна.
Иймд хүүхдэд цахим орчны зөв зохистой хэрэглээг ойлгуулах, нийгмийн сүлжээний эерэг сөрөг үр дагаваруудын талаар мэдээ мэдээллийг ямагт өгдөг ч хүүхдүүд тэр болгон хэрэглээгээ хянаж, зөв мэдээллийг авч чадахгүй, буруу сөрөг зүйлийг хэвшил болгосоор байна. Сошиал сүлжээ хөгжихийн хэрээр цахим гэмт хэргийн тоо маш хурдтай өсөж байна. Цахим гэмт хэрэг далд явагддагаараа маш аюултай бөгөөд хохирогч нь бас л 12-18 насны өсвөр насны хүүхдүүд байна.
Манай улсад цахим гэмт хэргийн хамгийн анхны тохиолдол нь 2008 онд бүртгэгдэж байсан бол 2010 онд 20 орчим цахим гэмт хэрэг бүртгэгдэж байсан. Гэтэл 2018 оны байдлаар 300 гаруй, 2019 онд 400 гаруй гэмт хэрэг бүртгэгдэж, хохирсон хүүхдийн тоо жилээс жилд огцом өссөн нь анхаарал татаж байна. , Судалгаагаар 13-20 насныхны 96 хувь нь өдөр бүр фэйсбүүкт орж байна. Нэг талаараа цахим орчин хүүхдийг нийгмийн харилцаанд идэвхтэй байлгах, суралцах, мэдээ мэдээлэл авах боломжийг нээлттэй олгож байгаа ч нөгөө талаараа онлайн орчинд бусдын доромжлолд өртөх, зохисгүй мэдээлэл үзэх, бэлгийн хүчирхийлэл мөлжлөгийн золиос болох зэрэг олон эрсдэлийг дагуулж байна. Өнөөдөр өрх бүр гэртээ интернэттэй болсноор өдөр, шөнөгүй интернэт ухаж суудаг хүмүүсийн тоо ч улам нэмэгдсээр. Энд насны хязгаар гэж үгүй. Манай улсад 2004 онд анх удаа компьютерт донтсон хүүхэд “Сэтгэцийн эрүүл мэндийн төв”-д хэвтэн эмчлүүлсэн анхны тохиолдол бүртгэгдсэн байдаг. Тэр үед жилдээ 1-2 хүүхэд л эмчлүүлдэг байсан бол өдгөө сард 2-3 хүүхэд интернэтийн хэт донтолттой болж энэ төвд хүргэгддэг болжээ. Харилцаа холбооны зохицуулах хорооноос явуулсан судалгаагаар интернэтээр тоглоом тоглож буй хүүхдүүдийн 51 хувь нь гэртээ тоглодог бөгөөд интернэт сүлжээ ашиглан хоорондоо тоглосоор эцэстээ сэтгэцийн эмгэг тусдаг байна. Сэтгэцийн хараат байдалд орсон хүүхэд хичээлээ таслах, худлаа ярих, хулгай хийх гэх мэтчилэнгээр зан төрх нь өөрчлөгддөг болохыг сэтгэцийн эмч нар ярьж байна. Мөн фэйсбүүкт дахин дахин удаанаар орох нь донтож буйг илтгэх улигт үйлдэл болдог учраас хэт их хэрэглээ гэж үзээд бие хүмүүс өөрсдөө хэрэглээгээ хянаж, зохицуулахыг ч зөвлөж байгаа юм.
Цахим орчин өөрөө хязгааргүй учраас томчууд бид хүүхдээ хянаж, хязгаарлалт өгөх нь юу юунаас илүү чухал.
Нийт интернэт хэрэглэгчийн 80 хувь нь хөдөлгөөнт интернэт сүлжээ буюу гар утас болон зөөврийн төхөөрөмжөөс холбогддог. Интернэт хэрэглэгчийн 96 хувь нь фэйсбүүк ашиглаж байна. Сүүлийн 3 жилд фэйсбүүкийг хүүхдүүд их ашиглах болсон.
Фэйсбүүк, инстаграмм хэрэглэгчийн нас 13 буюу түүнээс дээш байна, 11-12 насныхны 70 гаруй хувь нь фейсбүүк, зургаан хувь нь инстаграммыг хамгийн түгээмэл ашигладаг гэсэн бөгөөд тэд сүлжээнд бүртгүүлэхдээ насаа нэмдэг байна.
Харин сүүлийн үед эцэг эхчүүд 10-13-насны хүүхдүүддээ фэйсбүүк хаяг нээж өгдөг тохиолдол олноор гарч байгаа бөгөөд энэ нь хүүхдээ ямар их эрсдэлд оруулж байгаа зүйл гэдгийг мэддэггүй, мэддэг ч хайхардаггүй, нийгмийн урсгалаар явуулсаар байна.
Мөн эцэг эх болон томчууд үр хүүхдэдээ тавих анхаарал халамжаа нэмэгдүүлж, сэрэмжтэй байж, хяналт тавьж, интернэт, сошиал орчныг зөв зохистой хэрэглэх арга замыг хүүхдүүдэд зааж өгөх, өсвөр насны хүүхдүүдтэйгээ хэнтэй нөхөрлөж, хаана юу хийж болох, болохгүй талаар харилцан ярилцаж мэдэх нь Таны үүрэг. Ингэлээ гээд хүүхдээ цагдаж, хорих бус. Цахим сүлжээн дэх хор уршиг ямар аюултай болох, ямар халдлага, хүчирхийлэлд өртөх эрсдэл байдгийг болон яаж өөрийгөө хамгаалах, урьдчилан сэргийлэх, мөн интернет орчинд хэрхэн зөв биеэ авч явах, хэрхэн зөв ашиглахыг зөвлөх, заан сургах хэрэгтэй.
Нөгөө талаар эцэг эх бид хүүхдийнхээ цахим орчны хэрэглээг хянах цагдах биш харин яаж зөв залж, тэдний цахим орчинд гаргаж байгаа чадварыг үнэлж зөв чиглүүлэн хобби болгох, ирээдүйн мэргэжил болгох вэ гэдгийг маш сайн мэдэрч, хүүхэдтэйгээ хамтран суралцах хэрэгтэй. Ингэхийн тулд эцэг эхчүүд бид хүүхдэдээ гаргадаг хандлагаа, хүмүүжүүлдэг арга барилаа өөрчлөх хэрэгтэй.
Хүүхэд бүхэнд ус агаар мэт хэрэгтэй зүйл бол эцэг эхийн хайр халамж.
Хүүхэд бүрийн чин хүсэл бол аав ээжтэйгээ хамт байх.
Улс эх орны хөгжил, хамгаалалд хувь хүн бүрийн оролцоо чухал. Хүн бүр эх орондоо хайртай. Хүүхэд, залуус бүр Монгол хүн болж төрснөөрөө бахархаж, эх орноо хайрлахын үнэ цэнийг ойлгож, Монгол хүн дэг журам, сахилга бат, эр зориг, тэсвэр тэвчээрээрээ дэлхийд танигдсан байх ёстой гэсэн ухамсар, хүмүүжлийг суулгаснаар оронч үзэл төлөвшинө. Энэ нь маш энгийн зүйлээс эхэлнэ.Өөрөөр хэлбэл:
Эх оронч үзэл гэдэг нь хогоо ил хаяхгүй байх, усаа хайрлаж хямгадах, цэрэг,эх орноо хүндэтгэх, байгаль, эх дэлхий, өв соёл, уламжлал, түүх соёл, эх хэлээрээ, Монгол хүн болж төрснөөрөө бахархаж байх зэрэг энгийн зүйлээс эхэлдэг гэдгийг эцэг эх бүр хүүхдүүддээ танин мэдүүлж, ойлгуулах, зааж зөвлөх, үлгэрлэх хэрэгтэй.
Бидний энэ тусгаар тогтнолыг ахмад үеийн халуун амь, бүлээн цусаар олж авсан гэдгийг мартаж болохгүй. Бид болон бидний ирээдүй хойч үе, хүүхэд багачууд бол бидэнд өвөг дээдсээс өвлөгдөн ирсэн тусгаар тогтнолоо хадгалан, хамгаалж явах ёстой өндөр их үүрэг хариуцлага үүрсэн хүмүүс.
Бидний өвөг дээдэс, өвөө эмээ нар эх оронч үзэлтэй, эх оронч хүн гэж маш сайн мэддэг. Бид эх оронч хүн гэж халуун амь, бүлээн цусаараа эх орноо хамгаалж, дайн байлдаанд эрэлхэгээр тулалдаж явсан тэр л хүмүүсийг хэлдэг байв.
Харин одоо энэ энх цагт эх оронч, эх оронч үзэлтэй хүн гэж ямар хүнийг хэлэх вэ?
Өсвөр үеийн хүүхэд, залуучууд эх оронч үзэл гэж юуг хэлдэг болох, бид эх орноороо яагаад бахархах, эх орноо яагаад хайрлах ёстойг тэр болгон мэддэггүй.
“Тусгаар тогтнолын үнэ цэн” гэж ямар агуу зүйл болохыг эцэг эх бид мэддэг ч, хүүхдүүддээ ухамсарлуулан ойлгуулж чаддаггүй.
Монгол хүн бүрийн зөв ухамсар Тусгаар тогтнолд ямар их үнэ цэнэтэй зүйл болохыг иргэн бүр, эцэг эх бүр, хүүхэд бүр мэддэг байх хэрэгтэй. Тэр тусмаа онц байдал зарласан, хорио цээрийн дэглэмтэй энэ цаг үед хүн бүр заавар зөвлөгөөг даган мөрдөж, дор бүрдээ сахилга баттай байх хэрэгтэй.
Энэ нь маш энгийн зүйл боловч, Улс орны аюулгүй байдалд хамгийн чухал зүйл юм.
Нэвтрүүлэг 4 сарын 6, 8, 10, 13, 15, 17, 20, 22, 24, 27, 29, 30-ны өдрүүдэд, өдрийн 12.00 цаг, 16.00 цагуудад Шинэ монгол 101.7 радиогоор бүх орон нутагт цацагдаж байна.