Сурах хүсэлтэй - тоглох дуртай хүүхэд

НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВ / ХОВД АЙМАГ

ТУРШЛАГЫН НЭР: Сурах хүсэлтэй - тоглох дуртай хүүхэд (хүнд хэлбэрийн саажилт)

БАГШИЙН ТОВЧ МЭДЭЭЛЭЛ: Ховд аймгийн НТБТ-ийн багш Ц.Баасансүрэн

ХҮҮХДИЙН БЭРХШЭЭЛ БОЛОН АНГИ НИЙТЭД ҮҮСГЭДЭГ АСУУДЛУУД:

Суралцагч И хүнд хэлбэрийн өвчтэй. Гэвч тэр хүүхэдтэй тоглох, дуу сонсох, магтуулах дуртай. Гарт баригдах том тоглоомоор тоглох дуртай. Өөрөө хоол цайгаа барьж ууж идэж чаддаггүй. Ихэнх цагаа зурагтын өмнө өнгөрөөдөг. Эцэг эхийн хайр халамж дутуу. Эцэг эх нь байнга юу ч сурахгүй, юу ч заагаад нэмэргүй, оюун ухаан нь юм хүлээж авдаггүй гэж байнга гомдоллоно. И-тэй хэн ч тоглодоггүй. Хэн ч түүнд ямар нэг зүйлийг таниулах, мэдрүүлэх гэж оролддоггүй.

ХҮҮХДИЙГ ДЭМЖИХ ЗААХ АРГА ЗҮЙН ТОХИРУУЛГА, ҮР ДҮН:

ДЭМЖИХ АРГА 1. Тоглоом тоглох

Биет тоглоомыг эвлүүлэх, өгөгдсөн хайрцгаас нь гаргаж тоглохыг багш хүүхдийг гарыг барьж заасан. Эхний удаа ганцаараа тоглоход чадахгүй байсан боловч гарыг нь барьж зааж өгөхөд өөрөө хийхийг оролдож байсан.

ДЭМЖИХ АРГА 2. Булчин суллах иллэг

Суралцагч И-гийн зүүн гарын булчин маш их чангардаг, баруун гар атгасан зүйлээ тавихгүй байдаг. Иллэгийг байнга хийж хэвшвэл хүүхдийн булчин суларч барих атгах үйл нь сайжирч, тоглоомоо хүний оролцоогүй өөрөө авахыг оролдож байсан.

ДЭМЖИХ АРГА 3. Зөөлөн тоглоомоор тоглох

Баримлын шавар, зөөлөн тоглоомоор тоглох, наамал хийх зэргээр ямар нэгэн зүйлийг хүүхдэд заавал өгч мэдрүүлнэ. Зөөлөн зүйлийг идэх зүйлтэй андуурч амандаа хийхээ больсон.

ДЭМЖИХ АРГА 4. Ярих

И-гийн сонсгол зүгээр учир хийж байгаа үйлдэл, өгч байгаа заавраа заавал хүүхдэд хэлнэ. Хүүхэд ойлгосон үедээ хараад инээх эсвэл шууд хийж эхлэхийг оролдож байсан.

ДЭМЖИХ АРГА 5. Өөрөө цай хоолоо идэхэд сургах

Өөрийнх нь аяганд цай хийж халбага бариулж цайгаа хутган ам руугаа хийх дадал, зуршилтай болгоно. Аяганд цай, хоол хийж өгөхөд хүний тусламжтай уудаг болсон.

ДЭМЖИХ АРГА 6. Дохио зангаагаар баяртай, баяр хүргэе гэх үгийг сургах

Хоёр гарт нь гараа нааж “баяртай, дараа уулзъя”, “сайн уу”, “баяр хүргэе” гэж байнга хэлнэ. “Сайн уу”, “би явлаа баяртай” гэхэд өөдөөс болон араас гараа өргөж мэндчилдэг болсон.

ДЭМЖИХ АРГА 7. Амны алчуур хэрэглэж хэвшүүлэх

Шүлсээ гоожиж эхлэхэд амны алчуураар арчих, цай хоол идэхдээ өөрөөр нь арчуулж сургана. Цай ууж байгаад асгарах үед арчуур луу гараа явуулж, гарт нь арчуур бариулахад өөрөө арчдаг болсон.

ХҮҮХДЭД ГАРСАН ТОДОРХОЙ, ЭЕРЭГ ӨӨРЧЛӨЛТҮҮД:

Суралцагч И өөртөө итгэлтэй болсон. Ганцаараа бие даан зарим зүйлийг хийхийг оролдож эхэлсэн. Тоглоом тоглохдоо шинэ зүйлийг сурвал маш аз жаргалтай харагддаг. Тэрээр ярьж чадахгүй ч баярлаж буйгаа алгаа ташиж илэрхийлдэг. Олон төрлийн тоглоомоор багш И-тэй хамт тоглодог нь түүнд маш сайхан байдаг.

Суралцагч И-гийн эмээгийн сэтгэгдэл:

Урьд нь ач хүүгээ ийм мундаг гэж бодоогүй ээ. Бүх зүйлийг нь бид өөрсдөө хийж өгдөг байсан. Зурагтын өмнө өглөөнөөс орой болтол суулгаж цай хоолыг нь өгдөг байсан. Бид нар юм хэлээд ч нэмэргүй, юу ч сурахгүй, биднийг мэдрэхгүй байгаа гэж боддог байсан. Гэтэл одоо ач маань цай хоолоо өөрөө идэх гэж оролддог, дохио зангаагаар хэлэх гэж оролддог болсонд маш баяртай байна.

Төстэй мэдээ