ХҮҮХДИЙН ХҮМҮҮЖИЛ БОЛОВСРОЛД ЭЦЭГ ЭХИЙН ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА

Хүүхдийн нүдний тусгал бол гэр бүл, аав ээж мөн. Эцгээ харж хүү нь өснө, эхээ харж охин нь хүмүүждэг. Зөв хүн болж төлөвшихөд гэр бүлийн хүмүүжил чухал. Хүмүүжил бол хамгийн дээд боловсрол болдог. Хүн анх цагаан цаас шиг цэвэрхэн төрдөг. Цагаан цаасан дээр хүний төлөвшлийг бичдэг, тэр нь гэгээн үү, бараан уу? гэдэгт өссөн орчин, нийгэм, эргэн тойрны хүмүүс, гэр бүл-эцэг эх чухал нөлөө үзүүлдэг. Хүүхдийн хүмүүжилд хайнга хандаж болохгүй. Аз туршсан буруу аргаар хүмүүжүүлэх нь эрсдэлтэй. Иймээс, хүүхдээ сонсож, ойлгож тайлбарлаж, ухааруулах нь эцэг эхийн зорилго юм.

Хүн бол цор ганц. Хаана төрж өссөн, ямар гэр бүлд хүмүүжсэн, ямар боловсрол эзэмшсэн зэргээрээ ялгагдах өөр өөрийн зан араншин, үзэл бодолтой байдаг. Хүүхдийн зан төлөв өсөх тутамд ерөнхийдөө харагдаж, танигдаж эхэлдэг. Хүүхдийн төлөвшил эцэг эхийн хандлагаас ихээхэн хамаардаг. Хүүхдээ эцэг эх бидэнд ямар их чухал нандин зүйл болохыг харуулж, ойлгуулж, "Чи өөрөө өөрийн гэсэн үзэл бодолтой хүүхэд шүү" гэдгийг тайлбарлаж харьцах нь хүүхдийг өөртөө итгэлтэй болоход тусалдаг. Хүүхдийн сэтгэл зүйн байдалд тэднийг өсгөн хүмүүжүүлж буй эцэг эх, багш нарын харьцаж буй байдал, зан араншин чухал нөлөөлдөг.

18 сартайгаасаа хүүхэд өөрийгөө би хувь хүн гэдгийг ойлгож, мэдэрч эхэлдэг.Тэд нэрээр нь дуудахад хардаг, өөрийн зургаа олж хараад баярладаг. Энэ үеэс тэр өөрийн амьдралд илүү идэвхтэй оролцохыг хүсэж, өөрийгөө болон хүслээ нотлохыг оролдох болно. Ийм үед нь хүүхдийнхээ аливаа хийх хүслийг нь хөхиүлэн дэмжиж өөрийгөө олох эрмэлзлийг нь хөгжүүлэх шаардлагатай.

?Дэмжих аргууд:?

1. Бие даасан байдлыг дэмжих:

2 наснаас эхлэн өөрийнхөө төлөө аль болох их зүйлийг хийх боломж олгох, өөрийн гэсэн /хувийн/ эзэмшил зүйлтэй болгох /тоглоом, нүүр гарын алчуур, хувцас/

2. Хүнд туслах хүслийг нь дэмжих:

Туслах гэдэг нь гэр бүлийн амьдралд оролцох эрмэлзэл тул тоглоом мэт ойлгуулж, гурил зуурах, аяга таваг угаах гэх мэт жижиг зүйл хийлгэх хэрэгтэй.

3. Өөрөө шийдвэр гаргахад нь туслах:

Хувцсаа сонгон өмсөх, хаана тоглох, ямар хоол идэх, хаашаа явах, юу хийх зэрэг /Энэ нь амьдралдаа өөрийгөө хянаж буйг мэдүүлэхэд тусална/

4: Өөрийгөө онцлог гэж мэдрэхэд туслах:

Хүүхэд өөрийгөө онцлог гэж ойлгохыг хүсдэг учир аав ээжүүд түүнд хайртай, хайрлахаас ч аргагүй онцлог гэдгийг ойлгоход туслах нь сэтгэл зүйн хувьд ч хатуу чанга байх, гэрээс өөр орчинд өөртөө итгэлтэйгээр зохицон явахад нь тусална.

?Түүнд хайртайгаа үргэлж хэлж бай, байнга тэвэрч энхрийлж бай.
?Хүүхдийн мэдрэмжийг хүндэтгэж, хэрэгцээг нь ойлгож, хариулж байх Уйлах нь асруулах хэрэгцээ байгаа гэсэн үг. Уйланхай гэж зэм өгвөл гуниглах эрхийг нь үгүйсгэж байгаа хэрэг.
?Шинэ амжилтад хүрэх бүрд нь магтаж урамшуулж бай.
?Хүүхэд ярьж байх үед нь анхааралтай сонсож, сонирхож байх хэрэгтэй.

Эцэг эх хүүхдэдээ өөрийгөө яаж авч явахыг хэлж заахаас гадна биечлэн үлгэрлэх, халамж, дэмжлэг байнга үзүүлэх, санаа тавих эелдэг байх, өөрт нь хүндэтгэлтэй сэтгэлтэй хандаж байвал хүүхэд яг тэр чигээр нь хуулбарлах болно.

?Халуун дотно мөртөө хатуу чанга байж чадвал, өөрөөр хэлбэл, эвийг нь тайвнаар олбол алив асуудалд та нарыг ойлгож хүссэн зүйлийг чинь уриалагхан хийх болно.

?Өөрийн хэлж байгаа зүйлдээ тогтвортой байх

?Хэрэв дүрсгүйтсэн гээд хүүхдээ алгадвал тэр эсэргүүцэл үзүүлж хэн нэгийг цохино.

?"Битгий, байг" гэж хэлэхийн оронд "Тэг" гэх нь эерэг үр дүнтэй болох тал байдаг.

?Хувцсаа тайлаад газар хаядаг бол "Хувцсаа өлгөвөл хэн ч гишгээд муухай болгохгүй" гэж хэлэх нь "Битгий газар хаяад бай" гэхээс дээр.

?Хүүхэд ямар нэг зүйлийг хийхийг хүсвэл "-тэгнэ үү, ,-ингэнэ үү,, Баярлалаа" гэж хэлж сургах.

?Эцэг, эх хүүхдийнхээ хийх гэж байгаа зүйлийг зөвшөөрөхдөө санал нэг байх, бие биеэ дэмждэг бай.

?Хүүхэд аливаа зүйл хийж байх, тоглож байхад нь албадан зогсоож, загнаж зандчих, "Юмаа хураа боль, явж унт" гэх, эсвэл булаан авч өөрөө хураахын оронд "Алив үүнийгээ хамтдаа дуусгая, хоол идэх /унтах/ цаг болох гэж байна" гэх нь эерэг байна.

? Аливаа юманд аюултай биш бол хүүхдийг үргэлж "Битгий хүр, боль, болохгүй, хэлснийг хий" гэж хорих, зандрах нь сайн зүйл биш. Бүх зүйлийг сонирхон хийхийг хүсэж байдаг хүүхдийн сэтгэл харьж, хүсэл нь мохож, өөртөө итгэх итгэл нь багасаж, яадаг юм гэж зөрүүдлэх сөрөг нөлөөтэй.

?Хүүхдийг буруу эрхлэх вий гээд болгоомжлох хэрэггүй, тэдэнд аав ээжийн хайр халамж хэрэгтэй. Хэрэгтэй үед нь тусалж бай. Харин буруу хэрэг хийхэд нь зөөлөн байвал буруу эрх болдог. Бас уйлж орилох, чарлах, буруу зүйлд өөрийнхөө дураар байх гэж оролддог хүүхдийг зоргоор нь байлгаж дураар хь тавивал эцэг эхээсээ өөр бусад орчинд өөр хүмүүстэй харилцахад хэцүү, сөрөг нөлөө үзүүлэх талтай.

?Хүүхдээ орхиж явах, юм хийлгэхдээ санаа зовж элдэв амттан, тоглоом, үнэт зүйл гэх мэт юм өгч саатуулах нь буруу. Та нарыг тэр өгсөн зүйл чинь хэзээ ч орлож чадахгүй. Харин чөлөөт цаг заваараа байнга хамт байж тоглож, зугаалж, хайр халамж, анхаарлаа харамгүй өгч байх нь хамгийн их тустай.

 
Төстэй мэдээ