
Хүн төрсөн гараг эрхэстэй хамаатай байдгийг бид мэднэ. Тэгвэл хурдацтай хөгжиж байгаа энэ эрин үед хүн болгон төрсөн үеэсээ хамааран 3 бүлэгт хуваагддаг.
1. Индиго хүүхэд: 1960-1990 оныхон. Бусдаас өөрөөр сэтгэдэг, зөрүүд, сүсэг бишрэлтэй, тогтсон хэв маягт дургүй, аливаа зүйлийг хийхэд бэлэн, зохион бүтээх авьяастай.
2. Кристал хүүхэд: 1990-2000 оныхон. Хүчирхэг, үнэнч, бүтээлч чадвар нь илүү хөгжсөн, ер бусын хүч, далдын нууцыг тайлахыг хүсдэг, мэдрэмтгий, хурц, ер бусын нууцлаг зүйлд их татагддаг, зөн совинтой, бусдын санаа бодлыг ойлгож мэдрэх чадвартай, бусдын сэтгэлийн гүнд нэвтрэх чадвартай, харьцахад амар, төгс, бүхнийг эрэлхийлдэг, сэтгэлийн хүч сайтай, бүтээх, хөгжүүлэх, сайжруулах, шинийг хийхийг хүсдэг.
3. Солонгон хүүхэд: 21-р зуунд төрсөн. Энэ үеийнхэн эерэг сэтгэхүйтэй, хөгжилтэй, байгаль, ан амьтанд хайртай, эрх чөлөөг эрхэмлэдэг, техник технологи сайн ашигладаг. Солонгон хүүхдүүд бол шинэ үеийнхэн. Ийм хүүхдүүд мэдээллийн ертөнцөд төрсөн учраас орчин үеийн технологи хэрэглэгчид, аз жаргалтай, цоглог, хөгжилтэй, зөрүүд өөрийнх нь санаанд тохирохгүй зүйлийг тоохгүй, өмнөх үеийнхний бүтээсэн бүхнийг хялбар өөрчилж чадна, эрх чөлөөг илүүд үзнэ, аялах дуртай, байгальтай зохицон амьдрах чадвартай.
Өнөөдөр эдгээр 3 төрлийн хүмүүс бүгд хамтдаа оршин, өөрийн хүчин чадлыг таньж амьдарч байна..
Солонгон хүүхэд зан байдал нь өвөрмөц, бидний хүмүүжүүлж ирсэн уламжлалт аргаар харилцахад хүндрэлтэй, хүсэж буй зүйлээс нь өөр зүйл хийлгэхэд хэцүү, боловсролын уламжлалт хэвшмэл байдлаас олон зүйлийг эсэргүүцдэг, хүний мөн чанарыг хурцаар мэдэрч чаддаг, тэднийг хуурах амаргүй, ирээдүйгээ төсөөлж харах чадвар нь илүү хөгжсөн.
Одоогийн хүүхдүүдийн баруун тархи нь илүү сэргэг учир урлагийн мэдрэмж илүү, дүрслэх сэтгэлгээ нь хөгжсөн, хүний бодол санаан дахь зурган дүрсийг мэдэрч унших чадвартай.Тэдний оюун дүгнэлт хийх чадвар нь хурдтай бөгөөд зөн билгийн мэдрэмж нь өндөр хөгжсөн тул заалгаж байгаа сэдэв нь амьдралын зорилго, амьдрах орчинтой нь зохицолтой бол сонирхон судална. Зохицолгүй гэдгийг мэдэрвэл огт сонирхохгүй.Тэгэхээр одоо цагийн хурдтай хөгжлийн өнөө цаг үед өсөж бойжиж байгаа:
1. Хүүхэд бүрийн давуу талыг олж сургах
2. Сурах арга, хэлбэрийн онцлогт нь тохируулан ажиллах
3. Амьдрах чадвартай хүүхэд бэлтгэх хэрэгтэй цаг үе ирсэн.
Хүүхдийн бие даан хөгжих, ажиллах орчин бүрдүүлэх, нийт хүүхэд гэсэн ойлголтоос хүүхэд нэг бүрийн хөгжил гэсэн багш зааж сургаж хүүхэд дагадаг уламжлалт аргаас зайлсхийж хүүхэд өөрөө хийх хүсэл сонирхлоо хөгжүүлэх, өөртөө итгэх итгэлд суралцах, хүсэл эрмэлзэлтэй болж хөгжих нь чухал болоод байна.
Сурагч болгон мэдээлэл олж авах, түүнийгээ мэдлэг болгох, амьдрал дээр гарсан хойноо бүтээлч сэтгэлгээтэй байх, хувь хүнийх нь хувьд хөгжүүлэх, бие, сэтгэл, оюун ухааныг тэнцвэртэй хөгжүүлэх хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, дан ганц академик мэдлэг эзэмшиж байгаагаар нь биш зүрх сэтгэлийн боловсрол, хүн байх ухааныг хамтад нь олгохыг сургууль, багш, эцэг эх, боловсролын бодлого тодорхойлдог төрийн байгууллага анхаарах нь чухал байна.Хүүхдийг бага наснаас нь найз нөхөд, анги, хамт олон дунд биеэ зөв авч явах, багаар ажиллах, нийгэмших чиглэлээр төлөвшүүлэх, нийгмийн харилцааны анхдагч нь хүний харилцаа хандлага гэдгийг сайн ойлгуулах хэрэгтэй. Нөгөө талаар, өөрт нь байдаг бүх зүйлд хүндэтгэлтэй хандаж сургах, сонирхолтой зүйлийг нь хийлгэж, хүнээс илүү байлгах сэтгэгдэл төрүүлэхгүй байх, өргөмжлөл, медаль, дарга, шилдэг байдлыг их тодруулахгүйгээр бие биетэй нь хэт өрсөлдүүлэхгүй байх хэрэгтэй. Хүүхэд заавал мундаг байх албагүй. Хүүхдийг шахахгүй том хүн шиг ярилцаж нээлттэй байж, аясаар нь энгийн амьдралд ойрхон зүйлээр 3 наснаас нь дуртай зүйлд нь чиглүүлдэг, худлаа хэлэхгүй, үнэнч, зөв шударга байх зарчмыг эцэг эхчүүд өөрсдөөрөө үлгэрлэн дуурайлгах, мөн хүүхдэдээ цаг гаргаж хамтдаа хооллож, ярилцаж, аялал зугаалганд авч явах, усанд сэлэх, сонирхлынх нь дагуу хамт байж, хүнтэй мэндлэх, харилцах, сайн үйлс хийх, амьтан ургамал хайрлах, ном унших, гарцаар гарахыг зааж өгөх, мөнгөтэй харьцахад сургах зэрэг амьдралын хэв маягийг энгийн хэлбэрээр дадал хэвшил болгох хэрэгтэй.
Дүгнээд хэлэхэд, дээр дурдсанчлан үе үеэрээ нийгмийн тогтолцоо, боловсролын системийн түүхэн өөрчлөлтүүдийн дунд амьдарч байгаа бид өмнөх зууны хүмүүжлийн арга, тухайн цаг үеийн аргаасаа салах цаг болсон.
Шинэ цагийн, шинэ зууны хүүхэдтэй харилцаж хүмүүжүүлэхдээ сайн ажиглаж, ярилцаж, сонсож тэднийг хүндэтгэж харилцвал илүү үр дүнтэй байх болно.