
21-р зуунд амьдралын чанарт өөрчлөлт гарч байна. Тэгэхээр бид өөрсдөөсөө:
"-Технологийн боломжийг ашиглах ур чадвартай байна уу, үгүй юу?" гэж асууя.
Өнөөдрийн ур чадвар маргаашийн ажлын байранд тохирохгүй цаг үе ирж байна.
- 2020 онд 1-р ангид орох хүүхэд 2040 онд ямар мэргэжил эзэмшсэн, ямар ажлын байранд ажиллах вэ?
- Бид үүнд ямар бэлтгэлтэй байна вэ?
Ажлын байр хиймэл оюун ухаанд шилжиж байна. Жишээ нь, үйлдвэр үйлчилгээний газар, аж үйлдвэрүүд, хөдөө аж ахуйн салбар, мөн нийгмийн харилцааны ихэнх салбар ЦАХИМ боллоо. Цаашлаад, одоо байгаа 7 сая орчим ажлын байр үгүй болж, 26 сая ажлын байр шинээр бий болж, 850 сая хүн зайлшгүй шинэ ур чадварт суралцах шаардлагатай байна гэсэн судалгаа байна./Олон улсын хөдөлмөрийн байгууллагын тайланд/
☝Иймд, ирээдүйн ажил эрхлэлт, хүнд шаардлагатай ур чадварыг хүүхдэдээ бий болгох шаардлага бидний өмнө тулгараад байна.
Хиймэл оюун ухаан багшийг орлоно гэхээр роботууд хичээл заана гэж ойлгодог. Гэтэл, робот бол хиймэл оюун ухааны зөвхөн нэг төрөл бөгөөд хиймэл оюун ухааны бусад олон хэлбэр өргөн хэрэглэгддэг. Хиймэл оюун ухаанаар сурагчдын сургалтын үзүүлэлтийг их хэмжээний тоон өгөгдлийг ялгаж, ангилан хадгалж, дүгнэн шинжилж байна. Ингэснээр суралцагчийн
- суралцахуйн зуршил, зан төлөвийг таньж ойлгохгүй байгаа хэсгийг автоматаар илрүүлж,
- богино хугацаанд алдааг нь олж засаж мэдлэгийн түвшинд нь тохирох даалгаврыг суралцахуйн зан төлөвт тохируулж өгөх
- даалгаврыг хөнгөнөөс хүнд рүү нь чиглүүлэх
зэргээр технологийн шийдлүүд нь суралцахуйг илүү хувь хүний онцлог, хэрэгцээнд тулгуурласан шинэ түвшинд хүргэдэг. Гэтэл, хиймэл оюун ухааныг багш хүний суралцагчтайгаа харьцдаг хүн хоорондын харилцааг үгүй хийх аюулыг авчрах эрсдэлтэй гэж зарим талаар хардаг. Хиймэл оюун ухаан нь уламжлалт сургалтын системд аюул авчрах биш харин сургалтын системд суурь өөрчлөлтийг авчирч байгаа гэж хэлж болно. Хиймэл оюун ухаан нь багшийг орлохоос илүүтэй багшид сайн туслагч байхаар хөгжиж байна.
Тэгвэл:
- цээжилснээ эргэн санах, ойлгох, хэрэглэх
- энгийн мэдээллийг тогтоох, бодох, унших, олон дахин давтах үйлдлийг эзэмшүүлэхэд
ХИЙМЭЛ ОЮУН УХААН багшийг орлож, суралцагчийг илүү сайн тогтоох, хэрэглэж сурахад нь тусалдаг байна.
Хиймэл оюун ухаан нь суралцагчийг
- шинэ мэдлэг мэдээллийг ойлгосон эсэхийг богино хугацаанд шалгах,
- ойлгохгүй орхисон зүйлийг олж таних,
- зөв хариултыг автоматаар тайлбарлаж,
- ижил олон дасгалыг өгч суралцагчийг дадлагажуулах
зэрэг багшийн олон дахин хийдэг, цаг их ордог нэг хэвийн ажлыг өмнөөс нь хийж ажлыг нь хөнгөвчлөх боломжтой болсон. Өөрөөр хэлбэл, багш, суралцагчдыг илүү дээд түвшний ур чадвараа хөгжүүлэхэд нь цаг, ур ухаанаа зарж, доод түвшний ур чадварыг эзэмшүүлэхэд хиймэл оюун ухааныг зарах боломжтой болж ирж байна.
Бид өмнө нь уншиж, сонсож, цээжилж сурдаг байсан бол одоо өөрөө бодитоор үзэж, мэдэрч сурдаг үе рүү шилжиж байна. Хиймэл оюун ухааны тусламжтай хичээлийг бодит орчинд очсон мэт виртуал, аугмент орчинд хүргэж, сурагчдыг бодит туршилт хийлгэн танин мэдэхүйн илүү өндөр түвшинд чадвар эзэмших боломжийг нээж өгч байна. Өөрөөр хэлбэл, хиймэл оюун ухаан багшийг орлох бус харин улам бүр хүчтэй болгож, ажлыг нь хөнгөлж өгөх юм.
Тэгвэл, өнөөдөр суралцагч суралцах үйл ажиллагаагаа өөрөө удирдан чиглүүлдэг сургалтын арга хэлбэрийг төлөвшүүлэх хэрэгтэй байна. Ялангуяа, стандартчилагдсан байдлыг багасгаж, суралцагчын хэрэгцээнд суурилсан сургалтын арга зүй, хандлагыг өөрчлөх хэрэгтэй болж ирж байна.
Суралцах нөхцөл боломж сайжрахын хэрээр дэлхий нийт авьяасыг нэгдүгээрт тавьж авьяасын төлөө өрсөлдөж байна. Авьяас, ур чадвар бол хүний хөгжлийн гол үндэс гэж үзэж байна.Тэгвэл, 21-р зууны хүнд тавигдах шаардлага бол:
- Ур чадвар, бүтээлч сэтгэлгээ
- Асуудлыг цогцоор нь шийдэж чадах чадвар
- Дүн шинжилгээ хийх чадвар
- Хувиран дасан зохицох чадвар
- Техник технологи ашиглах ур чадвар
☝ Хамгийн чухал нь хүмүүстэй харилцах харилцаа хандлага, Soft skills (зөөлөн ур чадвар)
зэрэг юм.
Тэгэхээр багш, эцэг эх бид боловсролын салбарын өөрчлөлт, дэлхийн боловсролын чиг хандлагатай хамт өөрчлөгдөх хэрэгтэй болоод байна.