
Хүнийг хүндэтгэх, хайрлах энэрэх, ёс суртахуунтай байх, үнэнч зан чанар, хичээл зүтгэл, зөв санаа бодлыг хүүхэд тухайн цаг үед, нас насандаа өөртөө суулгаж авч чадахгүй бол хожим хэчнээн сайхан мэргэжилтэй боллоо ч бусадтай боловсон харьцаж чадахгүй.
"Хүүхдийн зүрх сэтгэлийг надад өг, түүгээр би бүхнийг хийнэ" гэж эрдэмтэн Рестоллез хэлсэн байдаг. Багш хүн нэг ёсны алт мөнгө, үнэт эрдэнийн уран дархан билээ. Харин сурагч бол засаагүй очир эрдэнэ юм. Очир эрдэнэ шиг үнэ цэнэтэй бидний хүүхдүүд эхлээд гэр бүлийн, дараа нь уран дархан багш хүний гараар орж хэв маягаа олдог. Уран дархан хэр зэрэг чадварлаг байна, үр бүтээл нь төдийчинээ сайхан болно.
Хувь хүний гаргаж байгаа сөрөг асуудлуудын хамгийн чухал шалтгаан нь дутуу боловсролтой хүн гэж үздэг. Хүүхдийнхээ гэдсийг цатгадаг шигээ дотоод сэтгэл, оюун санааг нь бас цатгах хэрэгтэй. Хүүхэд хүссэнээр чинь биш хүмүүжүүлснээр чинь хүн болдог. Хүүхдээ их мэдлэгтэй, хүмүүжилгүй өсгөснөөс нимгэн мэдлэгтэй зөв хүмүүжилтэй өсгөх нь чухал. Тиймээс, эхлээд сайн хүмүүжил, дараа нь сайн сургах арга барил сонгох хэрэгтэй. Гэхдээ сайн хүмүүжүүлж сургахад эцэг эх, багш нар анхаарах хэрэгтэй. Жишээ нь:
Ахлах ангийн хүүхдүүдээс: "Сэтгэлийг чинь шархлуулж, эвгүй сэтгэл төрж одоо болтол сэтгэлд чинь бодогддог тийм зүйл байдаг уу?" гэж асуухад олон хүүхэд гар өргөдөг. Нэг хүүхдээс юу болсныг нь асуухад, ангийн багш нь загнаж, янз бүрээр зэмлэж, доромжилж байсныг мартдаггүй тухай ярьсан. Багшийнх нь: "-Чи ямар тэнэг мунхаг охин бэ? Чиний хийсэн энэ алдааг жаахан хүүхэд ч хийхгүй, ямар ч чадваргүй, хамгийн гол нь тэнэг гэдгээ мэддэггүй"
гэж хэлсэн үг үргэлж сэтгэлийг нь өвтгөж тархинд минь бичигдсэн гэж ярьсан. Нөгөө нэг хүүхдээс асуухад, ээжийнх нь: "-Цэрэнгийн хүүхдийн хажууд чиний байж байгааг. Сурлага байхгүй, хүмүүжилгүй, биеэ авч явж чаддаггүй. Цаашид чи яаж амьдарна даа" гэж үглэдэг үг хүүгийн толгойноос гардаггүй. Өөрийгөө "Би тийм л юм чинь гэж боддог гэж ярьсан. Тэгэхээр, эцэг эх, багш нар цаас шиг цагаан сэтгэлтэй хүүхдүүдийнхээ сэтгэл зүрхэнд хэлэх үг, харилцах харилцаандаа анхаарах цаг болж хүмүүжлийн сургах арга барилаа өөрчлөх цаг болсон.
Иймд, эцэг эх багш бид "НАЙМАН ЗӨВ"-г баримтлах ёстой.
1. Зөв бодох
2. Зөв сэтгэх
3. Зөв ярих
4. Ззөв харьцах
5. Зөв сурах
6. Зөв үзэл
7. Зөв сэтгэлгээ
8. Зөв үйл ажиллагаа
Эдгээрийг эрхэмлэн хүнийг жинхэнэ хүн болгож, хүн байлгах, сайн үйл бүтээх боломжийг нь зөв суулгаж өгөх хэрэгтэй.
Хүний нийгэм багш шавь гэсэн 2 хэсэгт хуваагддаг. Бид боловсрол хүмүүжил хоёр хоорондоо салшгүй холбоотой гэж ярьдаг. Мөн багшлахуй, суралцахуй ухааныг боловсрол хүмүүжил гэж ойлгодог. /Сүүлийн үед төлөвшил хүмүүжил гэж яриад бгаа/
Манай ард түмэн эрт үеэсээ ном, багш, шавь гурвыг "ГУРВАН ЭРДЭНЭ" хэмээн дээдэлдэг. Тийм учир, "Багшгүй мэргэнийг номчид бүү тооц" гэж сургаж байсан. Тэгэхээр багшийн үнэлэмж нь шавьтайгаа харьцах эв, шавьдаа өвлүүлэх эрдэм хоёрт байсан.
Мөн монголчууд эрдэм боловсролд суралцахыг гэр бүлд суурилсан арга ухаан, ур чадвар, соёл болгон төлөвшүүлж ирсэн. Боловсрол, хүний хөгжил гэдгийг амьдралын явцад төлөвшүүлж:
* Ажиглаж мэдсэнээ арга ухаанаар
* Өв түүхээ үлгэр домгоор
* Ахуйгаараа үр хүүхдээ хөгжүүлж байсан гэрийн сургууль монгол боловсролын хөрс үндэс нь байсан. Гэтэл өнөөдөр
-Таньж ухаарсныг зүйр цэцэн үгээр
-Тайлж мэдсэнийг ертөнцийн гурав
-Хүсэл тэмүүллийг ерөөл магтаал
-Сэтгэлгээний шинжийг хадгалсан оньсого, таавар
зэрэг монголчуудын өв соёл алдагдаж байна. Орчин цагийн боловсролын шинэчлэл чадварлаг багш, сайн эцэг эхээс хамаарах бөгөөд сургууль,багш эцэг эхийн хамтын холбоо нэн чухал юм.