Гадаад хэлний чадамжаа дээшлүүлэх боломж, арга зам
Аргыг нь олбол амархан

Яагаад гадаад хэлний чадвараа дээшлүүлэх шаардлагатай вэ?

Дэлхий даяарчлагдахын хэрээр бидэнд олон соёлт орчинд зохицон амьдарч чаддаг дэлхийн иргэн байх шаардлага тулгарч байна. Соёл нь хэлтэй шууд хамааралтай тул дэлхийн иргэн байхын нэг чухал нөхцөл нь хос буюу олон хэлний чадвартай байх явдал юм. Нөгөө талаас мэдээллийн технологи хөгжиж, нээлттэй мэдээллийн сан нэмэгдсэн нь бидэнд сурч, мэдэх хязгааргүй боломж олгохын зэрэгцээ түүнийг ажил, амьдралдаа хэрэглэх шаардлага нэмэгдэж байна. Өнөөдөр зөвхөн монгол хэлээр нийгмийн болон академик хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай мэдээллийг шуурхай авах боломжгүй байна. Эдгээр шалтгааны улмаас өнөөгийн багш, боловсролын ажилтнуудад гадаад хэлний чадвараа дээшлүүлэх дараах хэрэгцээ шаардлага урган гарч байна.

  • Мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх, тасралтгүй хөгжиж, сургалтын үйл ажиллагаагаа чанаржуулах, мэргэжлийн болон академик түвшний чанартай мэдээлэл авахын тулд гадаад хэлээр уншиж ойлгодог байх шаардлагатай
  • Өнөөгийн суралцагчид гадаад хэлний өндөр чадвар эзэмшиж, гадаад хэлээр өргөн хүрээтэй мэдээлэл авдаг болсон тул тэдэнд заах, тэдэнтэй харилцан ойлголцохын тулд гадаад хэлний суурь мэдлэг зайлшгүй хэрэгтэй.
  • Гадаад хүмүүс, олон улсын байгууллагатай харилцах, хамтран ажиллахын тулд (гадаадад аялах, зочлох, сурах, мэргэжил дээшлүүлэх болон туршлага судлах, гадаад мэргэжилтнүүдтэй ойлголцох, хамтран ажиллах) гадаад хэлний чадвартай байх ёстой.
  • Хос болон олон хэлний хэрэгцээ шаардлага (хос хэлний сургалт, гадаадад амьдарч байгаад ирсэн хүүхэд, гадаад хүүхэд, гадаадад байгаа монгол сургуулиуд) улам бүр нэмэгдэж байна.
Төстэй мэдээ