
Гадаад хэл сурах дараагийн нэг чухал алхам бол үг тогтоох юм. Гадаад хэл сурч буй хүнд үг тогтооно гэдэг үнэхээр амаргүй даваа. Учир нь хэлний үгийн сан хэдэн арван мянгаас хэдэн зуун мянга хүртэл арвин үгтэй(Солонгос хэл 300-500 мянга, Англи хэл 600 мянган үгтэй гэж үздэг). Тэдгээр үгсийг тогтоож, зөв сонгон хэрэглэж сурна гэдэг хэцүү. Хэлний болон хүний ой тогтоолтын зүй тогтлыг харгалзан шинэ үг тогтоох зарчмыг “ойлго, холбо, давт, хэрэглэ” гэж тодорхойлж болно. Шинэ үг тогтоохыг хүнтэй танилцаж найз болохтой зүйрлэж болно. Хүнтэй сайн найз болохын тулд анх уулзахаасаа эхлэн анхаарал хандуулж, асууж сонирхон сайн танилцах хэрэгтэй. Ямар нэгэн байдлаар дахин холбогдож ойр ойрхон уулзсанаар дотно найзууд болох боломж бүрдэнэ.
Шинэ үгийг автоматаар цээжлэх гэж хичээхийн оронд эхлээд сайн “танилцах”-ыг хичээ. Энэ үг ямар гарал үүсэлтэй (солонгос хэлний хувьд уугал, ханзны, эсвэл ормол үгийн аль нь болох, англи хэлний хувьд уугал англи үг, грек, латин үндэстэй үгийн аль нь) болох, ямар аргаар хэрхэн бүтсэн, ямар үгтэй хамт хэрэглэгддэг, хэрхэн хувирдаг зэргийг анхааран судалж сайтар танилц. Мөн хэзээ, хэрхэн хэрэглэх, хаанаас дахин олж “уулзахаа” бод. Нэг удаа харсан үгээ заавал давтан харах хэрэгтэй. Насанд хүрсэн хүн хүлээж авсан мэдээллээ 8 цагийн дотор мартдаг тул үзсэн үгээ өдөртөө заавал сэргээн сана. Сурч буй хэлээ өдөр бүр хардаг (10 минут ч болтугай) зуршил бий болго. Шинээр сурсан үгээ ямар нэгэн байдлаар хэрэглэ. Сурах бичиг, ном, видео бичлэг, кино аль нь ч бай таны сурсан үг заавал тааралдана. Үг тогтоох хамгийн чухал арга бол тухайн үгийг мэддэг зүйлтэйгээ ямар нэгэн байдлаар холбох явдал юм. Хүн аливаа зүйлийг холбох зарчмаар л тогтоодог. Үгийг 1) хэрэглээгээр нь, 2) утгаар нь, 3) үгийн үндэс буюу бүтээврээр нь гэсэн 3 аргаар холбон тогтоож болно.
Хэрэглээгээр нь холбож тогтоох арга
Хэрэглээгээр нь холбох гэдэг нь тухайн үг өөр бусад үгтэй хэрхэн холбогддогийг мэдэж түгээмэл холбогддог үгтэй нь нийлүүлэн холбоо үг, өгүүлбэр байдлаар тогтоохыг хэлнэ. Үг ихэвчлэн холбоо үг, өгүүлбэр байдлаар хэрэглэгддэг. Жишээ нь “Цэцэг” гэдэг үгийг хэрхэн хэрэглэж болохыг сурч буй хэлээрээ бичиж тогтоо.
Утгаар нь холбох аргын нэг жишээ бол ойролцоо утгаар нь холбох юм. Жишээ нь солонгос хэлний уугал үг, ханзны үг, ормол үг (ихэвчлэн англи хэлний үг) харилцан ойролцоо утгатай үгийг үүсгэж аль алийг нь хэрэглэдэг.
Солонгос хэлний үгийн санд уугал үг, ханзны үг, ормол үгс өөр хоорондоо ойролцоо үг үүсгэхийн зэрэгцээ уугал үгс хоорондоо, ханзны үгс хоорондоо ойролцоо утга илэрхийлэн үгийн санг баяжуулдаг. Үүнээс хамгийн их ойролцоо үг буюу ойролцоо үгийн бүлэг үүсгэдэг нь ханзны үг юм. Ханзны үгийн ойролцоо үг үүсгэх зарчмыг доорх зургаар харуулав.
Эдгээр бүтээврүүдийн утгыг нь мэдчихвэл үгийн утгыг олоход хялбар болно. Англи хэлний үг бүтээхэд грек, латин гаралтай үндэс нэлээд чухал үүрэг гүйцэтгэнэ. “Барих” гэсэн утга бүхий латин гаралтай ‘struct’ гэсэн үндэс хэрхэн үг бүтээдгийг харцгаая. “Construction” гэдэг үг con(хамт)+- struct(барих)+ion буюу хамт барих гэсэн үйл үг дээр жинхэнэ нэр үүсгэх “ion” дагавар залгаж барилга, байгуулж, бүтээн байгуулалт гэсэн үг үүссэн байна. “Барих” гэсэн утга бүхий “struct” гэсэн үндэснээс доорх түгээмэл хэрэглэгдэх үг үүснэ.
• Destruction: (барьсан зүйлийг) нураах, сүйтгэх
• Instruction: заах (мэдлэг бүтээлгэх) • Obstruct: (барихад) саад болох
• Restructure: дахин барих
• Substructure: (байгууламжийн) суурь
• Structure: бүтэц, байгууламж
Англи хэлний үг ихэвчлэн угтвар, үндэс, дагавар (prefix, root, suffix) гэсэн бүтэцтэй байдаг.
Хэрхэн хэрэглээ болгох вэ?
Хэлээ хэвшүүлэх дасгал хийн сурч буй хэлнийхээ авиа, үгийг зөв дуудаж чаддаг, заавал мэдэж байх ёстой анхан шатны үгийн баялагтай, тэдгээр үгсийг холбон өгүүлбэр болгож чаддаг болсон бол таныг гадаад хэлтэй болох эсэхийг шийдэх сүүлчийн алхам бол хэрэглэж сурах явдал юм. Хэрэглэж байж, хэрэглэх дасгал хийж байж л хэлтэй болно. Өдөр бүр ямар нэгэн байдлаар тухайн хэлээ үзэж, хэрэглэ. Сурах бичиг ашигла, хичээл үз, дуу, лекц сонс, кино драм үз. Ямар ч завгүй байсан 10 минут ч болтугай заавал гаргадаг зуршилтай бол.