“Суралцагч” ажилтны мэдлэг, чадвар хандлаг, төлөвшил буюу конпетенц ямар байх вэ?

Уламжлалт үзлээр багш нарыг сургуулийн ажилтан гэдэг байсан бол 21 дүгээр зуунд суралцагчдыг сургуулийн ажилтан гэж үздэг болжээ. Асуултад хариулахын тулд компетенцийн талаарх зарим судалгааг авч үзье. Манайд компетенцийн цогц чадамж, чадамж гэж хоёр өөр орчуулга хэрэглэгдэж байгаа боловч аль аль нь утга агуулгыг бүрэн илэрхийлж чадахгүй байгаа билээ. Харвардын их сургуулийн сэтгэл судлаач, профессор Д.МакКлеланд 1953 онд анх компетенц гэдэг нэр томьёог гаргаж ирсэн боловч 1973 онд нийтлүүлсэн судалгааны ажилдаа дараах таван үзэл баримтлалыг нийтэд дэлгэн тавьснаар мэргэжлийн бүлэг болон олон нийтийн санаа бодолд гүнзгий нөлөө үзүүлсэн гэж үздэг. Үүнд: • Ерөнхий боловсролын сургуульд авч байсан дүнгээр мэргэжлийн амжилтыг урьдчилан таамаглаж болохгүй. • Оюуны болон авьяас чадварыг сорьсон шалгалтуудаар мэргэжлийн амжилт эсвэл бусад амьдралын чухал үр дүн, үзүүлэлтийг урьдчилан таамаглаж чадахгүй. • Шалгалт болон академик гүйцэтгэлээр зөвхөн ажлын гүйцэтгэлийг урьдчилан таамаглаж болно. • Ийм төрлийн шалгалтууд нь цөөнх бүлэгт шударга биш байдаг. • Компетенц нь уламжлалт шалгалтуудыг бодвол хүний зайлшгүй чухал зан төлөвийг урьдчилан таамаглах боломжийг түлхүү олгодог. МакКлеланд 1973, 1998 онд хийсэн ажлаараа боловсролын салбар дахь компетенцийн загварын хэрэглээнд гол анхаарлаа хандуулж компетенцийг мөсөн уулын загвар (Зураг 1.1) -аар тодорхойлсон. Үүнд мөсөн уулын гүехэн ил хэсэгт хүний мэдлэг, чадварыг, мөсөн уулын ихэнх хэсэг буюу гүн, гүнзгий хэсгээр өөрийн үзэл санаа (self-concept), зан араншин (traits), урам зориг (motives) зэрэг хүний араншинг төлөөлүүлсэн (McClelland, 1973). Компетенцийн онолын загвар нь тодорхой контекст дэх гүйцэтгэл үзүүлэхүйц зан төлөвөөр тодорхойлогдох хүчин төгөлдөр, ажиглагдахуйц, хэмжигдэхүйц мэдлэг, чадвар, хандлагыг багтаана. Хурдацтай өөрчлөгдөж буй өнөөгийн түүхэн нөхцөлд мэдлэг, чадварын хадгалагдах хугацаа (shelf life) улам бүр богино болж, урт хугацаанд тууштай байж чадах мөсөн уулын усны гадаргаас дооших хэсэгт дүрслэн харуулсан компетенц нь ажлын байрандаа хувь хүний гүйцэтгэлд илүү бодитой нөлөө үзүүлж байна. Компетенц нь олон нөхцөл байдалд бүхэлд нь хамарсан, удаан хугацааны туршид дааж тэсэж чадах зан авир, сэтгэлгээний арга замыг харуулдаг хүмүүсийн үндсэн шинж чанар юм. Компетенцэд хамгийн багадаа дараах таван нэр томьёог авч үздэг (Vazivani, 2010). Үүнд: 1. Мэдлэг –Хүний олж авсан мэдээлэл ба суралцахуй 2. Чадвар – Тодорхой даалгавар гүйцэтгэх хүний чадамж 3. Өөрийн үзэл санаа ба үнэт зүйл – хүний хандлага, үнэт зүйл, өөрийн төсөөлөл (self-image). Жишээлбэл өөртөө итгэлтэй байдал, өгсөн нөхцөл байдалд хувь хүний амжилттай байж чадах итгэл найдвар (belief) 4. Зан чанар (Traits) – нөхцөл байдал эсвэл мэдээлэлд бие махбодын болон нийцсэн хариу үйлдэл үзүүлэх. 5. Сэтгэл хөдлөл, хүсэл, физиологийн хэрэгцээ. Урам зориг болон зан араншин, удирдлагын тусламжгүйгээр хүмүүсийг ажил хийхэд сэдэлжүүлж, өдөөж өгөхийг ойлгох тал ч бий. Компетцийн олон янзын тодорхойлолт байдгаас заримыг нь танилцуулъя: • Маш бүтээмжтэй, дээд зэргийн сайн гүйцэтгэлтэй хийх хүний хувийн зан араншин эсвэл дадал (МкКлеланд, 1973) • Ажлыг бүтээмжтэй, дээд зэргийн гүйцэтгэлтэй хийж чадах хүний онцлог чанар (Клемп, 1980), Бояцис, 1982, 2007) • Тухайн салбартаа бүтээмж сайтай гүйцэтгэл үзүүлж чадах чадвар, чадамжийн цогц, түүнчлэн нэг салбараас нөгөө рүү чадвар, чадамжийг дамжуулах чадавхтай хамааралтай (Хогг, 1989) • Ажил, амьдралын туршлага, сургалт, семинараар олж авсан тухайн зүйлийг хийх чадвар, чадамж (Спенсер нар, 1993) • Аливаа зүйлд амжилттай гүйцэтгэлтэй байх дангаараа болон хосолж хэрэглэдэг мэдлэг, чадвар, сэтгэлгээ зэрэг онцлог чанар (Дубос, 1998) • Өгсөн контекст, нөхцөл байдалд үүргийн гүйцэтгэл бүтээмж өндөртэй байх мэдлэг ойлголт, чадвар, чанар, үнэт зүйл, итгэл найдвар, хандлагын цогц (Вүүдл, Винстанли, 1998) • Хувь хүний чадамж нь мэдлэг, чадвар, ойлголцол, эв дүй, хандлага, туршлага, сэдэл зэргийн харилцан нөлөөлөл бүхий тор шиг олон талст байдлыг агуулдаг (Клиеме, 2006). Манай орны хувьд 2001 оноос эхлэн компетенцийн судалгаа явуулж үндэсний боловсролын стандарт, сургалтын хөтөлбөрт тусган хэрэгжүүлж ирсэн туршлагатай боловч хэрэгжилтийн биелэлт, тууштай байдал алдагдсан байдаг.

Компетенцийг үндэсний сургалтын стандарт, хөтөлбөрт тусган хэрэгжүүлж буй байдал

Манай оронд насан туршийн боловсролын үзэл санааны дагуу 1999 онд “21 дүгээр зууны дээд боловсрол”, 2001 онд “Чанартай боловсрол[1]хөгжлийн баталгаа” сэдэвт үндэсний бага хурлыг зохион байгуулж, шинэ зууны боловсролын шинэчлэлийн үзэл санааг өргөн хүрээтэй хэлэлцсэн юм. Үүний үр дүнд суралцагчийн ЮНЕСКО[1]ийн суралцахуйн 4 тулгуур баганын зарчим буюу компетенцэд суурилсан бага, суурь, дунд боловсролын стандартыг боловсруулж, 2004 оноос хэрэгжүүлсэн билээ. 2009 он хүртэл хэрэгжихээр улсын Стандарт хэмжил зүйн газраар батлагдсан уг стандартыг одоо хүртэл хүчингүй болгоогүй байна. Боловсролын тулгуур баганын үндсэн санаа (ЮНЕСКО, 2000)-г дараах байдлаар томьёолсон:

К1: Аж төрөхөд шаардлагатай мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх буюу “мэдэхийн төлөө сурах” чадвар орно. К2: Ажлын байр, хөдөлмөрийн амжилттай холбоотой хэрэглээний ур чадвараа хөгжүүлэх буюу“ бүтээхийн төлөө сурах” чадвар. К3: Хувь хүн бие бялдар, оюун ухаан, сэтгэл нийгэмшихүйн хөгжилд хувь нэмэр оруулах, өөрийгөө хөгжүүлэх буюу “оршин байхын төлөө сурах” чадвар. К4: Бусдад анхаарал тавих, хувь хүмүүстэй харилцах, нийгмийн үнэт зүйлээ бэхжүүлэх зэргээр хамтдаа нийгэмших харилцааны ур чадвар хөгжүүлэх буюу “хамтдаа нийгэмшин амьдрахын төлөө сурах” чадвар багтана. 2008-2014 онд хүрэх үр дүнд суурилсан үндэсний сургалтын хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлсэн байдаг. Хөтөлбөрийн зорилтыг ерөнхий хүрэх үр дүн, тодорхой хүрэх үр гэж ялган тодорхойлсон бөгөөд компетенцийн асуудлыг тодруулан авч үзээгүй юм. Харин 2016 онд боловсруулан одоо мөрдөж буй БДБ-ын сургалтын цөм хөтөлбөрүүдийн зорилт нь комтетенцэд суурилсан бөгөөд Д.МакКлеландын онол ёсоор мэдлэг, чадвар, хандлагыг багтаасан байдаг онцлогтой. БДБ-ын химийн сургалтын (заавал судлах) цөм хөтөлбөр дэх зорилт буюу компетенцийг жишээлэн харууллаа. Харин сургуулийн өмнөх болон бага боловсролын цөм хөтөлбөрийн зорилт нь суралцагчийн эзэмших ерөнхий олон тусгай чадвараар тодорхойлдогдсон бол суурь боловсролын цөм хөтөлбөрийн зорилт нь шинжлэх ухаанч арга барилыг төлөвшүүлэхэд чиглэгдсэн онцлогтой. Энэ бол манай ерөнхий боловсролын өнөөгийн төлөв байдал юм. Зураг 2.3. Компетенцийн ХЧМ (хундаган) загвар (ASK model, (2012, Simone Newsham) 1. Сурагч дараах мэдлэг, ойлголтыг эзэмшинэ. • Химийн шинжлэх ухааны суурь мэдлэг, ойлголт; • Химийн мэдлэг, арга ухааныг нийгэм, эдийн засаг, технологи, ёс зүй, соёл уламжлалтай холбон хэрэглэх боломж; • Химийн болон байгалийн шинжлэх ухааны аргын ашигтай болон хязгаарлагдмал тал; • Хувь хүн, нийгэм, хүрээлэн буй орчинд химийн шинжлэх ухааны үзүүлэх ашиг тус болон сөрөг үр дагавар. 2. Сурагч дараах чадвар эзэмшинэ. • Химийн хэлээр харилцах; • Химийн шинжлэх ухааны аргыг хэрэглэх; • Сорил туршилтын арга, техникийн дагуу зөв, үр дүнтэй, аюулгүй ажиллах; • Химийн туршилт болон тооцоонд физик хэмжигдэхүүн болон нэгжийг сонгон хэрэглэх; • Химид математикийн хэл, аргыг хэрэглэх. 3. Сурагчид дараах хандлага төлөвшинө. • Өдөр тутмын амьдрал болон бусад шинжлэх ухааны асуудалд химийн мэдлэгийн үүднээс хандах; • Асуудалд хүрээлэн буй орчны аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн үзэл санааны үүднээс хандах; • Асуудал шийдвэрлэхэд нягт нямбай, нарийн чанд, бодитой, санаачлагатай, бүтээлч хандах. Боловсролын салбарт дахь глобалчлал, ТХБ-4 зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд боловсролын хувиран өөрчлөгдөх үйл явцтай үндэсний боловсролыг хэрхэн уялдуулж хөгжүүлэх, 2030 оноос хүүхэд, залуучууддаа ямар боловсрол (мэдлэг, чадвар, хандлага, төлөвшил) олгох вэ? гэсэн асуудал бидний өмнө тавигдаж байна.

Төстэй мэдээ