Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө гэж юу вэ?

Хүүхдийн хөгжлийн онцлог, боловсролын хэрэгцээ, бодит байдлыг тухай бүрд нь үнэлж, түүнд үндэслэгдсэн урт ба богино хугацааны зорилт, сургалтын агуулга, багшийн дэмжлэг, арга зүйг төлөвлөн хэрэгжүүлж, үр дүнг тооцох үйл ажиллагааг нэгтгэн боловсруулсан баримт бичиг юм. Боловсрол Соёл, Шинжлэх Ухаан, Спортын сайдын А/155 тушаалаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан “Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө”-ний үлгэрчилсэн загвар 2018 оны 03 сарын 29-ний өдөр батлагдсан. Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө /цаашид “ГСТ” гэх/, нь хүүхэд бүрийн хөгжлийн онцлог, хэрэгцээнд нийцсэн арга зүй, дэмжлэг үзүүлэх хэрэглэгдэхүүн бөгөөд тухайн хүүхдэд чанартай боловсрол олгох нөхцөл боломж бүрдүүлэх арга зам юм. Зарим хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн танин мэдэхүй, хөдөлгөөний хөгжил үе тэнгийн хүүхдүүдтэй харьцуулахад харьцангуй удаан байх тохиолдол байдаг учраас тэдэнтэй нэг ижил агуулгаар суралцах, анги, хамт олноороо хийх үйл ажиллагаанд оролцоход бэрхшээл учирдаг. Энэхүү шалтгааны улмаас ГСТ боловсруулж, хүүхэд бүрийн хөгжлийн онцлог, хэрэгцээнд нийцсэн арга зүй, дэмжлэг үзүүлж, тухайн хүүхдийг хөгжүүлэх боломжтой. Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөг боловсруулах үйл ажиллагаанд анги удирдсан багш, суралцагч, эцэг, эх, асран хамгаалагч, нийгмийн ажилтан, сургуулийн удирдлага, эмч зэрэг бусад холбогдох хүмүүс оролцож, хамтран боловсруулах шаардлагатай.

Ганцаарчилсан сургалтын хөтөлбөрийн үлгэрчилсэн загварын бүтэц:

  • Сурагчийн бодит байдлын судалгаа
  • Урт хугацааны зорилт, дэмжлэгийн орчин
  • Богино хугацааны зорилт, багш, мэргэжилтний дэмжлэг, арга зүй, үнэлгээ
  • Дүгнэлт, зөвлөмж Суралцагчийн хөгжлийн ялгаатай байдлыг хүндэтгэн, тэгш хамруулан сургах чанартай боловсролын үйлчилгээ үзүүлэн хөгжлийн боломжит хэмжээнд хүргэх арга зүйн хэрэглэгдэхүүн юм.
Төстэй мэдээ