Эр төвшин байж гэр төвшин, гэр төвшин байж төр төвшин байдаг /Багшийн хөгжил сэтгүүл №9/

Олон Улсын Улаанбаатарын Их сургуулийн Гэр бүл судлалын тэнхимийн эрхлэгч доктор, дэд профессор Б. Оюун-Эрдэнэ

“Багшийн хөгжил” сэтгүүлийнхээ дугаарын зочны хоймортоо Олон Улсын Улаанбаатарын Их сургуулийн Гэр бүл судлалын тэнхимийн эрхлэгч доктор, дэд профессор Б.Оюун-Эрдэнэ багшийг урин уншигч тантай уулзуулж байна. Б.Оюун-Эрдэнэ багш Гэр бүл судлалын мэргэжилтэн бэлтгэх, иргэдэд гэр бүлийн боловсрол олгох, судалгаа хийх чиглэлээр 10 гаруй жил ажиллаж байгаа туршлагатай. Тиймээс бидний энэ ярилцлага маш үнэтэй зөвлөгөө мэдээлэл болж, уншигч та өөрийн амьдрал ажилдаа заавал тусгана гэдэгт бид итгэлтэй байна.

Ярилцлагаа гэр бүлийн үнэ цэнэ юу вэ? гэсэн асуултаар эхлэе.

Монголчууд гэр бүл төр улс хоёрыг адилтгаж үздэг байсан.

Эр төвшин байж гэр төвшин, гэр төвшин байж төр төвшин байна гэдэг.

Төрийн ёс гэрийн ёсноос эхэлнэ хэмээдэг. Тиймээс гэр бүлийн ёс бол төртэй дүйцэх хэмжээний хүндэтгэл, заншил юм. Өөрөөр хэлбэл өрхийн тэргүүний болон хүүхэд, эхнэрийн байр суурь, үүрэг тэдний өдөр тутмын амьдралын бүхий л харилцаа тодорхой хэм хэмжээ, хүндэтгэл ёс заншилд суурилдаг байсан.

Хүндэтгэх, хайрлах, хүнлэг харилцааг эрхэмлэх нь монгол гэр бүлийн үнэт зүйл байсан бөгөөд энэ нь монгол гэр бүл тогтвортой, эрүүл оршин тогтнох гол үндэс суурь нь болдог. Үр хүүхдээ зөв хүн болгож хүмүүжүүлэхсэн, амьд байгаа цагтаа хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэхсэн хэмээн аав, ээжүүд үүрэг хариуцлагаа ухамсарладаг байв. Хүүхдүүд нь эцэг, эхийнхээ чихийг амьдад нь халууцуулахгүй юмсан гэж хичээдэг.

Өвөг дээдэс минь, үр хойч минь гэсэн гурван үеийн хэлхээнд удам угсаа гэр бүлийн нэр төрийг машид эрхэмлэдэг, сэвтээх ямар нэг бусармаг зүйл хийхгүйг хичээж ирсэн.

Ер нь аливаа улс үндэстний тусгаар тогтнол, оюун санааны гол дархлаа нь уламжлал, соёл, ёс заншилдаа байдаг. Энэ өнцөгөөс харвал  Монгол гэр бүлийн ёс уламжлал алдагдана гэдэг нь монгол гэр бүлийн дархлаа устаж байна л гэсэн үг.

Энэ үнэт зүйл яагаад алдагдаад байна вэ?

Үүнд олон хүчин зүйл нөлөөлж байна. Нэгдүгээрт. Монголчууд бид нүүдлийн соёл иргэншилтэй үндэстэн. Бидний ихэнх соёл, үнэт зүйл маань энэ ахуй соёлтой холбоотой. Гэтэл суурин амьдралд шилжсэнээр бидний харилцаа хандлагын үнэт зүйлийг бий болгож байсан эдгээр зүйлүүд чимээгүй алга болж байна. Маш энгийн жишээ хэлье. Монгол гэрт амьдардаг гэрийн эзний малгай ямагт гэрийн хойморт байдаг.

Аавынхаа малгайг дээш нь тавиарай гэдэг зөвлөмжөөр хүүхэд өсч эндээс аавын хүндлэл эхэлж байдаг.

Орчин үед орон сууцанд амьдардаг бол ихэнх тохиолдолд үүдэнд хувцсаны өлгүүр дээр тавих жишээтэй. Монгол гэр бол сурган хүмүүжүүлэх, зөв дадал суулгах маш өндөр ач холбогдолтой сууц юм шүү дээ.

Хоёрдугаарт. Дэлхий даярчлагдаж эхэлсэн. Монголчуудын хувьд гадаад ертөнц нээлттэй болсон. Хүссэн ч хүсээгүй ч амьдралын хэв маяг орчин үеийн болж байна. Залуусын нэгнээсээ хүсч хүлээдэг зүйл өөр болж байгаагаас гадна гэр бүлд хандах хандлага өөрчлөгдөж байна. Болохгүй бол салчихна, яасан ч яах вэ? гэсэн сэтгэхүйтэй болж, гэр бүлийн харилцаанд хариуцлагагүй хандаж байна. Үүнээс шалтгаалж салалтын тоо өсч байна.

Гуравдугаарт. Монголчуудын  үр хүүхдэдээ боловсрол олгох, сургаж хүмүүжүүлэх, амьдралд бэлтгэх үйл явцад гэрийн сургалт, гэр бүлийн сурган хүмүүжүүлэх ёс чухал байр суурьтай байсан. Гэвч өнөө цагт гэрийн сургалт бус танхимын сургалтаар боловсрол эзэмшүүлэх үйл явцад илүү их анхаарч цаг зарцуулдаг болсон. Ээж аавууд завгүй болсон учраас хүүхдээ сургуульд даатгаж найддаг болсон. Гэтэл манай боловсролын тогтолцооны агуулгад гэр бүлийн боловсрол олгох, хувь хүнийг амьдралд бэлтгэх хэрэглээний боловсрол дутмаг байгаа нь орчин үеийн гэр бүлийн амьдралын сөрөг асуудлууд үүсэх нэг шалтгаан болж байна. Өөрөөр хэлбэл гэр бүлийн амьдралд бэлтгэгдээгүйгээс үнэ цэнэ алдагдаад байна.

Өнөө үед аав ээжийн үүрэг хариуцлага ямар байна вэ?

Гэр бүлийн гишүүдийн үүрэг, хариуцлагыг Монгол Улсын “Гэр бүлийн тухай” хуулийн 10 дугаар зүйлийн 3-т “Гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх, угийн бичиг хөтлөх үүргийг адил хүлээнэ” хэмээн эхнэр, нөхрийн эрх, үүргийг заасан байдаг. Үүнээс гадна тус хуульд эцэг, эх болон хүүхдийн эрх, үүрэг, төрөл, төрөгсдийн эрх, үүрэг гээд гэр бүлийн харилцаанд үүсэх олон эрх, үүргийн зохицуулалтыг тусгасан. Мөн “Хүүхдийн эрхийн тухай”, “Хүүхэд хамгааллын тухай”  хуулиудад ээж, аавын үүргийг хуульчилсан байгаа.

“Гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх, угийн бичиг хөтлөх үүргийг адил хүлээнэ”

Гэвч сүүлийн үеийн судалгаанууд болон гэмт хэргийн тоо баримт, кейс мэдээллээс харахад аав ээжийн үүрэг хариуцлага сул байгаа. Нэн тэргүүнд гэр бүлийн амьдралаа тогтвортой авч явах шаардлагатай байна. Үүнд хувь хүний суурь хүмүүжил, боловсрол, хандлага, тэвчээртэй, тууштай байдал нэн чухал. Гэр бүл салалт гэдэг энэ хариуцлагагүй байдлын ард хүүхэд сэтгэл зүй, оюун бодол, амжилттай сайн сурах, хөгжих боломж, ирээдүйн амьдралаараа хохирч байна. Аав ээжүүдийн хоорондын харилцааны таагүй байдлын золиос хүүхдүүд болсоор байна.

Ээж, аав болсон л бол хүүхдийн эрх ашиг, хүсэл сонирхолоор таны эрх ашиг хязгаарлагдна гэдгийг ямагт санах ёстой. Дараагийн түвшинд хүүхдийн хувьд ээж, ааваасаа хүсэн хүлээж байдаг хэрэгцээнүүдийг хангах шаардлагатай. Хүүхэд тань таниас юу хүсч байна вэ? Энэ бол таны гүйцэтгэх ёстой үүрэг. Хамт тоглохыг, тэврүүлэхийг, бэлэг авахыг, магтуулахыг хүсч байна уу? Юу хүсч байна вэ? Үүнийг та асуудаг уу, эсвэл мэдэрч чаддаг уу? гэдгийг анхаарах хэрэгтэй.

Аав, ээжүүд хүүхдийн төлөө өдөр бүр үүнийг л хийх хэрэгтэй гэсэн зүйлийг та хэлээч.

Аав ээжүүдийн хамгийн том алдаа бол завгүй. Тэгэхээр энэ алдааг бүү гарга. Хүүхдийнхээ төлөө зав гаргах хэрэгтэй. Тэгэхлээр 6 зүйлийг зайлшгүй хийгээсэй гэж хүсч байна.

  1. Хүүхдээ сонс, ойлго. Таны хүүхэд юу хэлж ярьж байна. Бас юу хэлэхийг хүсч байна вэ?
  2. Хүүхдээ мэдэр. Таны хүүхэд юунд гомдож, юунд баярлаж байна. Аливаа бэрхшээлийг хэрхэн шийдвэрлэж байна гэх мэтээр.
  3. Хүүхэдтэйгээ ярилц. Хэдий чинээ ярилцана төдий чинээ хүүхдээ ойлгох болно.
  4. Хүүхдээ хайрла, үнэ цэнэтэй нэгэн гэдгийг өдөр бүр мэдрүүлж байна. Ирээдүйдээ итгэлтэй, өөрийгөө үнэлдэг, бусдыг хайрладаг нэгэн болж өснө.
  5. Хүүхдэдээ үр бүтээмжтэй цагийг зориул. Хамтдаа тоглох, ном унших, бүтээл хийх, хоол хийх гэх мэтээр.
  6. Хүүхдэдээ тусла, дэмж, тэднийг магт, сайшаа. Ингэснээр урам зориг авч, өөртөө итгэлтэй болно. Хүүхдийнхээ хийж буй зүйлийг сонирхдог аав, ээж байх хэрэгтэй.

Теле хичээлийн үед аав, ээжүүд юуг анхаарах хэрэгтэй вэ?

Гэртээ байдаг болон хувиараа хөдөлмөр эрхэлдэг ээж, аавуудын хувьд магадгүй хүүхэдтэйгээ хамт байгаа байх. Ажил хийдэг аав ээжүүд ч ажлын цаг харьцангуй гайгүй байгаа. Энэ бол маш том боломж. Та хүүхдэдээ хандаж хийхийг, хэлэхийг хүссэн бүх зүйлээ энэ цаг хугацаанд амжуулаарай. Үүний тулд дараах хэдэн зүйлийг хэлэхийг хүсч байна. Үүнд:

Нэгдүгээрт. Хүүхдийнхээ хичээлийг хийхэд туслаж дэмжихийн зэрэгцээ үүгээрээ аав, ээж нь хэзээд  чамд туслахад бэлэн гэдгээ ойлгуулах хэрэгтэй.

Хоёрдугаарт. Хүүхдийн анхаарал төвлөрч хичээл хийх орчин нөхцлийг аль болох бүрдүүлж өгөх хэрэгтэй. Хичээл хийж буй одоогийн бодит чадварыг үнэлж урамшуулж байх хэрэгтэй.

Гуравдугаарт. Аав ээжүүд хоорондын харилцаа, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай. Хамтын сайхан цагуудыг үр бүтээлтэй өнгөрөөгөөрэй. Тухайлбал:

Аав ээжүүд өөрсдийгөө “Би ийм хүүхэд байгаагүй”, “Бид эцэг эхийнхээ үгнээс огт гарч байгаагүй”, “Томчуудын  үг бол хууль байсан” гэх мэтээр ярьдаг нь тэдний хүүхэд насны амьдрал өнөө үеийнхнээс тэс өөр байсантай нэг талаараа  холбоотой. Тэр үеийн хүүхдүүд эцэг эх болон бусад томчуудын хамт мал аж ахуй эрхлэх гэх мэт өдөр тутмын бүхий л үйлдлийг хамтдаа хийж хоорондоо харилцан ярилцах боломж ихтэй байсан. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ хэрэгцээ шаардлага, хүсэл мөрөөдөл, зан чанарыг нь сайн мэддэг байсан төдийгүй хүүхдүүд ч эцэг эхээ сайн мэддэг байжээ.

Харин өнөөгийн нийгэм эдийн засгийн өөрчлөлтөөс хамааран асар их өөрчлөлтүүд богинохон хугацаанд гарсан. Эцэг эхчүүд хүүхдийг дөнгөж 1-2 нас гарантайгаас нь л ясли, цэцэрлэгт өгч байна. Ажлын ачаалал ихтэйгээс хамааран гэртээ бараг байдаггүй эцэг эхчүүд нэмэгдсээр л байна. Харин гэртээ хамт байх хэсэгхэн хугацаандаа эцэг эхчүүд сошиалаар аялах, гэртээ ажлаа хийх, зурагт үзэх, утсаар ярих зэрэгт хамаг цагаа зориулдаг. Нэг гэрт амьдардаг хэдий ч үнэн хэрэгтээ нэг нэгнээ сайн мэддэггүй бөгөөд бодол санаагаа чөлөөтэй хуваалцаж чаддаггүй хүмүүс их байна.

Эхнэр нөхөр 2 бие биенээ хүндэтгэх, гэр бүлээрээ хамт хооллох, өдөр бүр унтахаас нь өмнө хүүхдэдээ ном уншиж өгөх, өглөөний хоол хамтдаа идэх гэх мэт цагийг хүмүүс чухал биш аар саар зүйл мэт боддог. Гэтэл хүүхдийн зан чанар, зуршил, хүн чанар, бие хүн, авьяас чадвар бүрэлдэн бий болоход хамгийн их нөлөө үзүүлдэг зүйл бол эдгээр зүйлс байдаг.

Дөрөвдүгээрт. Хүүхдэдээ зав гаргаарай. Хүүхэд, гэр бүлээ зөвхөн санхүүгийн асуудалгүй байлгах нь аав ээжүүдийн үүрэг хариуцлага гэж ойлгодог болсон байна. Хөдөлмөр эрхэлдэг болон гэртээ хүүхдээ хардаг  аав ээжүүдийн аль аль нь  хүүхдэдээ хэрхэн цаг гаргах талаар төдийлөн сайн мэддэггүй. Хүүхэдтэйгээ хамт байхыг л цаг гаргаж байна гэж ойлгодог нь буруу юм. Өөрөөр хэлбэл дийлэнх эцэг эхчүүд хүүхэдтэйгээ “Хамт байх цаг”-аа тэдэнд цаг зав гаргаж байна гэж эндүүрэн боддог.

Эцэг эхчүүд ажлын ачаалал, эхнэр нөхөр хоорондын маргалдаан, ямар нэгэн зүйлд сэтгэл ханамжгүй байдлаасаа болж хүүхдүүддээ таагүй уур амьсгал бүрдүүлдэг. Өөрийнхөө сэтгэлийн таагүй байдлаа хүүхдэдээ гаргаж дарамталдаг эцэг эхчүүдийн хүүхэд аймхай, зөрүүд болж хэрэгт төвөгт орооцолддог байна.

  • Мөн эцэг эхчүүд хүүхэдтэйгээ цаг гаргалгүй идэвхгүй төвөгшөөсөн байдлаар харилцаж, эцэстээ энэ нь хүүхдээ тоохгүй болтлоо даамжирдаг. Хүүхдийнхээ хүссэн бүхнийг хүлээн зөвшөөрч, үгээр нь байчхаад эцэст нь тэсэхээ больсноор “Хүний үгэнд ордоггүй” гэж загнаж, бүр аргаа бараад гар хүрч эхэлдэг.
  • Хүүхдүүддээ цаг гаргадаггүй, анхаарал халамж тавьдаггүйгээс болж хүүхдүүд гадуур тэнэх, PC тоглоомд донтох зэргээр буруу замд ордог хэдий ч эцэг эхчүүд энэ асуудал дээр хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх газар байхгүйтэй холбодог. Гэвч энэ илүү өөрсдөдтэй нь холбоотой байдаг.

Та одоо ямар асуудал дээр голлон анхаарч ажиллаж байна вэ?

Багш, судлаач нар мөн эцэг, эхчүүд иргэдэд зориулан эрхлэн гаргадаг “Гэр бүлийн боловсрол” сэтгүүл дээрээ илүү ажиллахаар төлөвлөж байна. Сэтгүүл маань улиралд 1 дугаар гардаг. Монгол шуудан компаниар захиалан уншихын зэрэгцээ номын дэлгүүрүүдээр худалдаалагддаг байгаа. Тиймээс энэ сэтгүүлээр дамжуулан илүү их мэдээлэл авах боломжтой. Учир нь нэг удаагийн ярилцлагаар бүх зүйлийг дэлгэрэнгүй ярих боломжгүй юм.

Энэ ярилцлагаас эцэг эхчүүд маань олон зүйлийг ойлгож авсан гэдэгт илтгэлтэй байна. Таны цаашдын ажил хөдөлмөрт өндөрт амжилт хүсье. Монголын бүх гэр бүл сайхан харилцаатай, хүүхэд бүхэн аз жаргалтай амьдрах болтугай гэсэн ерөөлөөр ярилцлагаа өндөрлөе.

Төстэй мэдээ