Биоинженерийн боловсролыг эрүүл мэндийн тогтолцоо, эмнэлгийн салбарын хөгжлийг дэмжих чухал хэрэгсэл гэж үздэг. Хөгжиж буй орнуудад биоинженерийн боловсрол нь эрүүл мэндийн тогтолцооны хүрээнд өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг дэмжих арга хэмжээний үндэс суурь нь болдог байна. 1970-аад оны үед биоинженерийн боловсролын хөтөлбөрүүд нь зөвхөн инженерийн боловсролтой бүлэг хүмүүсийн дунд үр дүнтэй хэрэгжиж байсан бөгөөд 1980-аад онд анагаах, биологийн мэдээлэлд суурилсан интервенцийн шинэ үеийг бий болгох үйл явцыг эрчимжүүлсэн. Биоинженерийн салбарын шинэ үеийнхэн дэлхийн өнцөг булан бүр дэх эрүүл мэндийн тогтолцооны асуудлуудтай тулгарч, зөвхөн одоо байгаа технологийг дэмжих төдийгүй шинэ төхөөрөмж, үйлчилгээг хөгжүүлэх шаардлагатай байна. Дэлхий даяар өсөн нэмэгдэж буй архаг өвчин, өвчлөлийг шийдвэрлэхэд чиглэсэн шинэлэг шийдлүүд нь эмнэлзүйн талаас гадна тасралтгүй хяналт, дэмжлэг, тусламж үйлчилгээ үзүүлэх шаардлагыг хангах ёстой. Сүүлийн жилүүдэд эмнэлгийн технологийг хөгжүүлэх, эмнэлгийн тоног төхөөрөмжийг анагаах ухаан, эрүүл мэндийн үйлчилгээнд нэвтрүүлэх явц, эмнэлгийн үйлчилгээ, оношлогоо, эмчилгээ, нөхөн сэргээх, урт хугацааны тусламж үйлчилгээ үзүүлэх арга хэлбэр эрс өөрчлөгдөв. Эмнэлгийн технологи нь хүмүүсийн эрүүл мэнд, сайн сайхан байдалд хүрэх зайлшгүй бөгөөд хүн амын эрэлт хэрэгцээ нэмэгдсэний улмаас (ялангуяа өндөр настнууд) эдийн засгийн үүсгүүрийн нэг болжээ.
Анагаах ухаан, эрүүл мэндийн салбарт шинэ технологи, тоног төхөөрөмжийг судлах, боловсруулах, үйлдвэрлэх нь биоинженерүүдийн мэдлэг, ур чадвар дээр суурилдаг. Биоинженерүүд анагаах ухаан, эрүүл мэндийн салбарт шинэ технологи, арга зүйг судлах, боловсруулах үүрэгтэй боловч эрүүл мэндийн тогтолцоог бий болгох, шинэ технологийг хэрэгжүүлэх, ашиглах, засварлахтай холбоотой холбогдох шийдвэрийг гаргахад оролцоно.
Өнөөдөр дэлхийн өндөр хөгжилтэй болон хөгжиж байгаа орнуудад биоинженерийн боловсролын асуудлыг өргөн хүрээнд судалж, иргэдээ эрүүл энх, сайн сайхан амьдрах ухаанд суралцуулж байна. Энэ нь тухайн улс үндэстний инновацийн хөгжлийн тулгуур хүчин зүйл болж байгаа нь туршлагаас харагдаж байна. Ийм учраас биоинженерийн боловсрол бол улс орны хөгжлийн гол хүчин зүйл мөн.
Хүн төрөлхтөн шинжлэх ухааны мэдлэг, шинэ техник, дэвшилтэт технологид тулгуурласан инновацийн нийгэм бүтээн босгоход гол анхаарлаа хандуулах цаг нэгэнт иржээ. Аль ч улс орны хөгжил дэвшил болон дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадамжийг тухайн орны шинжлэх ухаан, технологи, инновацийн хөгжлөөр тодорхойлох болсон. Хувь хүний болон аливаа улс орны оюуны боловсрол, нийгмийн хэрэгцээ хурдтай өөрчлөгдөж, мэдлэгийг шуурхай ашиглах чадвартай, баялаг бүтээгч, бүтээлч сэтгэлгээтэй иргэдийг төлөвшүүлэх нь нэн чухал асуудал болоод байна. Биоинженерийн боловсролын нэг хэсэг нь эрүүл амьдралын хэв маягийн талаар боловсрол олгох замаар эрүүл зан үйлийг төлөвшүүлэх асуудал бөгөөд мэдлэг олгох, эрүүл амьдралыг дэмжих чадавхийг хөгжүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлдэг байна. Эрүүл мэндийг дэмжих гэдэг нь нийгэм, хүрээлэн буй орчин, эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээ, оношлогоо, эмчилгээ зэрэг эрүүл мэндийн хамааралтай асуудлуудыг нэгтгэсэн ойлголт юм. Иргэн бүрт эрүүл амьдрах ухааны арга эзэмшүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, техник технологийг таньж мэдэх шаардлага шат шатандаа хэрэгцээтэй байна.
Боловсролын салбарт инженерчлэл нь үзэл баримтлал ба тооцоо хийх чадварыг хөгжүүлэхэд чиглэдэг. Биоинженерийн боловсрол нь инженерийн шинжлэх ухаан болон био анагаахын шинжлэх ухааны нэгдэлтэй холбоотой хуримтлагдсан мэдлэг, туршлага, үнэт зүйлийг нэгтгэсэн нийгмийн үйл явц юм. Био инженерийн боловсрол 1950-аад оны сүүл үеэс эхлэн хөгжиж байна (Harris нар., 2002; Harris, 2003; Linsenmeier нар, 2002). Биоинженерийн боловсрол дэлхийн хэмжээнд их, дээд сургуулийн 6.73% -д санал болгосон 704 хөтөлбөрт хамрагдаж хурдацтай өсөлтийг хангаж байна (AbuFaraj, 2010). Биоинженерийн ажлын байрууд инженерийн хөдөлмөрийн зах зээл дээр 2008-2018 оны хооронд 72% -ийн өсөлттэй байна.
Биоинженерийн чиглэлээр албан ёсоор нэвтрүүлж эхэлсэн анхны сургалт нь 1959 онд АНУ-ын Филадельфиа мужийн Дрексель их сургуульд хэрэгжсэн түүхтэй. Удалгүй АНУ-ын Жонс Хопкинс их сургууль, Пенсильванийн их сургуулиудад магистр, докторын түвшинд хэрэгжсэн (Pilkington нар., 1989). Био инженер нь эмч, сувилагч, эмчилгээний ажилтан, техникч зэрэг бусад эрүүл мэндийн мэргэжилтнүүдтэй хамтарч ажилладаг. Тэднээс багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, програм хангамж, техник технологийн олон эх үүсвэрээс мэдлэг цуглуулах, судалгаа хийх чадварыг биоинженерийн салбар шаарддаг.
Биоинженерийн мэргэжил нь “Хүн-техник”, “Хүн-тэмдэгт” гэсэн хоёр төрөлд хамаарна. “Хүн-техник” төрлийн мэргэжил нь бодит хүрээний мэдлэгээс гадна мэргэжилтэнд дараах шаардлагыг тавьдаг. Үүнд: техникийн боловсрол, бүтээлч сэтгэлгээ, дүрслэл, анхаарлаа төвлөрүүлэх, сэтгэх чадвар, ажиглах чадвар, нүдний хараа, сонсгол сайн, чичэрхийлэл, доргилтын мэдрэмжтэй байна. “Хүн-тэмдэгт” төрлийн мэргэжил нь мэдээллийг боловсруулахтай нягт холбоотой. Иймд мэргэжилтэн нь гүйцэтгэлийн ой сайтай, эрхэлж буй ажилдаа анхаарлаа удаан төвлөрүүлэх чадвартай, юмыг хүлээн авч ойлгохдоо чадварлаг, тэвчээртэй, тэсвэртэй, эрэмбэ дараалалтай сэтгэлгээтэй байх шаардлагатай. Иймээс биоинженер хүн бол аливаа техникийг засдаг, тохируулдаг, ашигладаг, хийж бүтээдэг чадвартай, мөн техникийн боловсрол зайлшгүй эзэмшсэн байх ёстой. Техникийн чадвар гэдэгт тоног төхөөрөмж, машин аппарат, багаж хэрэгслийг зохион бүтээх, тохируулга хийх чадварыг ойлгоно. Инженерийн болон бусад ямар нэг мэргэжилд өөрийгөө тохирч байгаа эсэхийг мэдэхийн тулд мэргэжлийн тэнцэл, шилэлтийн тухай судлах шаардлагатай.
Эрүүл мэндийн үндэсний хүрээлэн (NIH)-гийн мэдээлснээр "Биоинженер нь физик, хими, математикийн шинжлэх ухаан, инженерийн зарчмуудыг биологи, анагаах ухаан, зан байдал, эрүүл мэндийг судлах зорилгоор нэгтгэдэг" гэжээ. Британника нэвтэрхий толь бичигт “Биоинженерийн мэдлэгийг анагаах ухаан, биологийн салбарт ашиглах” гэж тодорхойлсон. Дээрх тодорхойлолтууд нь биоинженерийн гол сэдэв болох био анагаахын инженерчлэлд чиглэсэн боловч биологийн инженерийн өргөн утга нь амьдралын шинжлэх ухааны бүрэн хүрээ, түүний дотор хөдөө аж ахуй, хүрээлэн буй орчин, экологийн тогтолцоог ашиглахад чиглэгддэг.
Харвардын их сургууль биоинженерийн төлөвлөгөөг боловсруулснаар молекул биологийн түүхэнд сүүлийн хэдэн жилийн хугацаанд олон тооны үндсэн механизмууд нээгдэж, амьдралын нууцыг задалжээ. Тухайлбал, био анагаах ухааны инженерчлэл нь шинэ дүрслэл, протезийн төхөөрөмж, диализ, эмийн хүргэлтийн систем зэрэг хувьсгалт дэвшил гаргаж, өдөр тутмын амьдралын төвөгтэй, бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэхэд бэлэн байна. Орчин үеийн шинжлэх ухааны платформ дахь биоинженерийн практик үнэ цэнэ нь мэргэжлийн профессоруудыг инженерийн мэргэжлүүдийн нэгдсэн сургалтын хөтөлбөр боловсруулахад уриалахад хүргэсэн. Тэд инженерийн чиглэлээр суралцдаг уламжлалт гурван үндсэн шинжлэх ухааныг, тухайлбал, физик, хими, математикийг биологитой хослуулахыг санал болгосон ба мэргэжлээс үл хамааран биологийн шинжлэх ухаанд хамрагдах ёстой гэж онцолжээ.
Анагаах ухаан, эрүүл мэндийн салбар улам боловсронгуй хөгжихийн хэрээр хүний эрүүл мэндийг оношлох, өвчнөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах зорилгоор шинжлэх ухааны процедурыг шинэлэг байдлаар гүйцэтгэн, дүн шинжилгээ хийх чадвартай биоинженерийн эрдэмтдийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж байна.
Биоинженерийн боловсрол нь өргөн хүрээтэй ойлголт бөгөөд агуулга, арга хэлбэр нь улс орон бүрт өөр өөр байна. Олон улсын туршлагаас судлахад судалгаа, туршилтанд суурилсан, био инженерчлэлтэй холбоотой дижитал хэлбэр, вэб, онлайн, алсын зайн гэх мэт аргуудыг өргөн хэрэглэж, амжилтанд хүрсэн байна.
Олон улсад биоинженерийн боловсролын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэн явуулдаг байгууллага, холбоо, нийгэмлэгүүд олон байна. Үүнд:
• АНУ-ын нийгмийн эрүүл мэндийн холбоо нь 1872 оноос нийгмийн эрүүл мэндийн талаар үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд эрүүл мэндийг дэмжих чиглэлээр биоинженерийн мэргэжилтний бэлтгэл сургууль болон практикт голлож анхаарч ирсэн.
• Кенийн эрүүл мэндийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэд биоинженерийн чиглэлээр суралцдаг оюутнуудыг судалгааны ажилд урьж ажиллуулан, сургууль төгсөх үед уг оюутнууд нэг сэдэвт бүтээлтэй болсон байдаг давуу талтай.
• Шведийн эрүүл мэндийн боловсролын нийгэмлэг эрүүл мэндийн боловсрол олгоход стандарт, зарчим, мэргэжлийн ёс зүйг мөрдөхөд анхаарч, биоинженерийн боловсролыг дэмжин ажилладаг.
• Австралийн биоинженерийн холбоо нь эрүүл мэндийн боловсролын үндэсний хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж байгаа бөгөөд биоинженерийн боловсролын хэрэгцээ шаардлагатай байгаа байгууллага, компани, ямар нөөц бололцоо байна, мөн ямар эрсдэл байгаа зэргийг тодорхойлдог.
Биоинженерийн боловсрол нь инженерийн болон анагаахын шинжлэх ухааныг хослуулсан боловсролын салбар ба био объектуудын урт хугацааны суурь судалгаанаас авахуулаад өргөн хүрээний үйл ажиллагааг хамардаг. 1950-иад оны сүүлээр биологи, анагаах ухаанд инженерийн мэдлэг, шинжлэх ухааны харилцан хамаарал бүхий эрдэм шинжилгээ, судалгааны ажлууд албан ёсоор эхэлсэн. Био инженерийн тусламжтай анагаах ухааны асуудлыг шийдвэрлэхийн тулд тэргүүлэх чиглэлийн техникийн их сургуулиудыг эмч нартай хамтран ажиллуулж эхэлжээ. Тухайлбал, Анагаахын физикийн хүрээлэн (1921, АНУ), Макс Планкийн биофизикийн хүрээлэн (1934, Герман) ба Радио инженерийн дээд сургууль (1948, АНУ) гэх мэт техникийн чиглэлээр тэргүүлэгч их дээд сургууль, факультетууд биоинженерийн тэнхмийг нээсэн. Тус тэнхмүүдийг АНУ-ын Пурдьюгийн их сургуулийн физиологийн профессор Л.Хеддес, Вандербилт их сургуулийн анагаах ухааны профессор Т.Харрис эмч нар удирддаг байсан. Энэ ажлыг биоинженерийн дэлхийн судлаачид, багш, инженер, эмч нарыг нэгтгэсэн үндэсний болон олон улсын мэргэжлийн холбоодууд зохион байгуулав. Ийнхүү Европ, АНУ-д уламжлалт инженерийн хөтөлбөрүүдийн нэг хэсэг болох био инженерийн бие даасан сургалтын хөтөлбөрүүдийг бий болгох хүчирхэг хөдөлгөөнийг байгуулан анагаах ухаан, биологийн чиглэлээр бүрэн нэгтгэжээ. Энэ нь АНУ болон Европт био инженерчлэлийг хөгжүүлэхэд хүргэсэн бөгөөд үүнтэй холбоотой биоинженер мэргэжил нь "Эмнэлгийн мэдээлэл зүй", "Анагаах ухааны инженерчлэл", "Клиник инженерчлэл" гэх мэт салбараар мэргэшсэн.
Эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, материал, тэдгээрийн үйлдвэрлэл, эмнэлгийн техник технологийг хөгжүүлэх нь хөгжингүй орнуудын эдийн засгийн бодлогын үндсэн чиглэлүүдийн нэг юм. Биоинженерийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр инженер, биологи, анагаах ухаан, эмнэлгийн хэрэгсэл, эмнэлгийн электроник, био материал зэрэг салбарт зохих хэмжээний мэдлэг, чадвар эзэмшсэн өндөр боловсролтой мэргэжилтнүүдийг татах боломж бүрдэнэ.
Биоинженер мэргэжлийг эзэмшсэн инженерүүд ихэвчлэн механик, цахилгаан, эсвэл химийн инженерүүд байна. Тэд анагаах ухааны судлаач, эмч нартайгаа зэрэгцэн хамтран ажиллаж, эсвэл анагаахын сургуульд өөрсдөө суралцаж, эмч/инженер болжээ. Өнөөдөр хэд хэдэн сургуулиуд эдгээр бүх чиглэлийг нэгтгэсэн биоанагаахын тусгай инженерийн зэрэг олгохыг санал болгож байна. Биоинженерүүд ихэвчлэн судалгааны чиглэлээр ажилладаг бөгөөд сонирхдог салбараасаа хамаараад бионик, генийн инженерчлэл, эд эсийн инженерчлэл (хиймэл эрхтэн) эсвэл эмийн инженерийн чиглэлээр мэргэшсэн байж болно.
ШУТИС – МХТС
МЯНГАД ТУНГАЛАГ
tungalag@must.edu.mn