
Жирэмсний болон амаржсаны амралт
Ажил олгогчийн зүгээс жирэмсэн болон амаржсан эхэд эмнэлгийн хуудсыг нь үндэслэн 120 /жирэмсний 60, амаржсаны 60/ хоногийн амралтыг заавал тооцож олгоно. Өөрөөр хэлбэл, ажилтанд амаржих хугацаанаас 60 хоногийн өмнө жирэмсний амралтыг нь олгох юм. Харин ихэр хүүхэд төрүүлсэн эхэд жирэмсний болон амаржсаны амралтыг 140 хоногоор тооцож олгодог.
Дээрхээс гадна дараахь тохиолдлуудад ажилтанд жирэмсний болон амаржсаны амралт олгоно. Үүнд:
- Хүүхдээ 196, түүнээс дээш хоног тээгээд дутуу төрүүлсэн эхэд
- Эмнэлгийн заалтаар үр хөндүүлсэн, жирэмслэлтийг эмнэлгийн аргаар тасалсан эхэд
- 196 хоног тээгээгүй боловч амьдрах чадвартай хүүхэд төрүүлсэн эхэд
Харин дараахь тохиолдлуудад ажилтанд ажил олгогч чөлөө олгоно. Үүнд:
- хүүхдээ 196 хоног хүртэл тээгээгүй дутуу төрүүлсэн болон үр хөндүүлсэн, жирэмслэлтийг эмнэлгийн аргаар тасалсан бол эмнэлгийн магадалгаагаар ажилтанд чөлөө олгоно.
- нярай хүүхэд үрчлэн авсан эцэг, эхийн аль нэг нь хүсэлт гаргасан бол ажил олгогч түүнд хүүхдийг нь 60 хоногтой болтол нь дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжтэй чөлөө олгоно.
Жирэмсний болон амаржсаны амралттай байгаа ажилтны ажлын байрыг ажил олгогч хэвээр хадгалах үүрэгтэй байдаг.
Жирэмсний болон амаржсаны тэтгэмж
Хэрэв ажилтан жирэмсний амралтаа авахаасаа өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь тасралтгүй тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн бол тэрээр жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг нийгмийн даатгалын байгууллагаас авах эрхтэй юм. Үүнээс гадна хүүхдээ 196-гаас доошгүй хоног тээгээд дутуу төрүүлсэн буюу үр хөндүүлсэн, жирэмслэлтийг эмнэлгийн аргаар тасалсан, мөн 196 хоног тээгээгүй боловч амьдрах чадвартай хүүхэд төрүүлсэн бол жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй байдаг.
Тэтгэмж авах эрх үүссэн эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас нь 100 хувиар тооцож 4 сарын хугацаанд ногдох ажлын өдрөөр тооцож олгодог. Харин ихэр хүүхэд төрүүлсэн эхэд 4 сар 20 хоногийн хугацаанд жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгоно. Ажилтан хэрэв хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд дахин хүүхэд төрүүлсэн бол түүнд өмнө авч байсан мөнгөн дүнгээр жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгох юм.
Дээрх тэтгэмжээс гадна жирэмсэн эх ажил хийдэг эсэхээс үл хамааран жирэмсний 5 сартайгаасаа эхлэн хүүхэд төрүүлэх хүртэлх хугацаанд сар бүр 40,000 төгрөгийн тэтгэмж авах эрхтэй байна.
Эцгийн чөлөө
Шинэ Хөдөлмөрийн тухай хуулиар эрэгтэй ажилтанд шинээр төрсөн хүүхдээ асрахад нь зориулан ажлын 10-аас доошгүй өдрийн чөлөөг ажил олгогч олгож, тухайн хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор олгохоор зохицуулсан. Ажил олгогчийн зүгээс тухайн чөлөөг ажлын 10 өдөр байх уу түүнээс дээш байх уу гэдгийг хөдөлмөрийн дотоод журмаараа зохицуулах боломжтой юм.
Хүүхэд асрах чөлөө
Гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, эцэг өөрөө хүсэлт гаргасан бол ажил олгогч түүнд хүүхэд асрах чөлөө олгож, ажилтныг ажилдаа эргэн орох хүртэл түүний ажлын байрыг хэвээр хадгална. Ажилтны хүүхэд асрах чөлөө нь дууссан, эсвэл чөлөө нь дуусаагүй боловч ажилтан ажилдаа эргэн орохоор хүсэлт гаргасан бол ажил олгогч түүнийг ажлын байранд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй. Хэрэв түүний орон тоо нь хасагдсан, эсвэл ажилтны тоог цөөрүүлсэн бол адил чанарын өөр ажлын байранд ажиллуулна. Хөдөлмөрийн хуулийн энэ зохицуулалт хүүхэд үрчлэн авсан ажилтанд нэгэн адил хамаардаг.
Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг хамгаалсан зохицуулалтууд
I. Жирэмсэн эмэгтэй, 3 хүртэлх насны хүүхэдтэй эх эсвэл ганц бие эцгийг дараах тохиолдлоос бусад шалтгаанаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахыг хориглодог. Үүнд:
- ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан
- ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон
- ажилтан ажилд орох үедээ боловсрол, мэргэжил, мэргэшлийн түвшнийг нотлох баримт бичгээ хуурамчаар бүрдүүлсэн нь тогтоогдсон
- аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан
II. Жирэмсэн эмэгтэй, 3 хүртэлх насны хүүхэдтэй ажилтан өөрөө зөвшөөрөөгүй бол дараах тохиолдолд ажил олгогчийн санаачилгаар ажиллуулахыг хориглоно. Үүнд:
- Шөнийн цагаар ажиллуулах
- Илүү цагаар ажиллуулах
- Нийтээр амрах баярын өдөр ажиллуулах
- Долоо хоног бүрийн амралтын өдөр ажиллуулах
- Албан томилолтоор ажиллуулах
Мөн ажилтан 16 нас хүртэлх насны байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй бол түүнийг өөрөө зөвшөөрснөөс бусад тохиолдолд нийтээр амрах баярын болон долоо хоног бүрийн амралтын өдөр ажиллуулахыг хориглодог.
III. Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсэх, мөн ажилтан ажил үүргээ гүйцэтгэх явцад ажил олгогч нь ажилтныг жирэмсэн эсэхийг тодруулах, жирэмсэн болон амаржсан байдлаар нь шууд, эсхүл шууд бусаар ялгаварлан гадуурхах, эрхийг нь хязгаарлахыг хориглоно.
Жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй ажилтны ажлын цагийн зохицуулалт
- Амрах, хооллох завсарлагаас гадна хүүхдээ хөхүүлэх, асрахад зориулан 6 сар хүртэлх насны хүүхэдтэй буюу 1 хүртэлх насны ихэр хүүхэдтэй эхэд хоёр цагийн, 6 сараас 1 хүртэлх насны, түүнчлэн 1 нас хүрсэн боловч эмнэлгийн дүгнэлтээр зайлшгүй асаргаа шаардагдах хүүхэдтэй эхэд нэг цагийн завсарлага нэмж олгоно. Ажилтны хүсэлтээр хүүхэд хөхүүлэх, асрах завсарлагыг ажлын цагийг богиносгох хэлбэрээр олгож болдог. Хүүхэд хөхүүлэх, асрах нэмэлт завсарлагыг ажилласан цагт тооцдог. Үүнээс гадна ажил олгогч ажилтныг хүүхдээ хөхүүлэх өрөөгөөр хангах арга хэмжээг өөрийн боломжоор авна.
- Ажил олгогчийн зүгээс жирэмсэн, хөхүүл хүүхэдтэй эмэгтэй ажилтны эмнэлгийн магадалгааг нь үндэслэн түүний ажлын цагийг богиносгоно.
- Жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй ажилтан ажил үүргээ гэрээсээ, эсхүл зайнаас гүйцэтгэхээр ажил олгогчтой харилцан тохиролцож болно.
Ашигласан эх сурвалж:
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, 1994 он
Хөдөлмөрийн тухай хууль, 2021 он
Эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хууль, 2017 он
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны “Журам батлах тухай” 340 дүгээр тогтоол