“ХҮҮХДИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖСЭН БАГШЛАХ АРГА ЗҮЙ-СУРАЛЦАГЧ ТӨВТЭЙ ХИЧЭЭЛ, ҮЙЛ АЖИЛЛАГАА” СЭДЭВТ ОНОЛ ПРАКТИКИЙН VIII БАГА ХУРАЛД ИЛТГЭЛЭЭ ХЭЛЭЛЦҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА.
Монголын хичээлийн судалгааны нийгэмлэг, боловсролын сургалт арга зүйн байгууллагатай хамтран 2013 оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулж ирсэн энэхүү бага хурлыг энэ жил Боловсролын ерөнхий газар, Монголын хичээлийн судалгааны нийгэмлэг хамтран 2023 оны 05 дугаар сарын 19,20-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулна.
VIII бага хурлын зорилго нь Боловсролын талаар төрөөс баримталж буй бодлого, Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал (2030 он), Чадварлаг багш арга хэмжээний хөтөлбөр, БШУ-ны сайдын 2020 оны А/190 дүгээр тушаалаар батлагдсан “ЕБС-ийн суралцагчдын сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах цогц төлөвлөгөө”, 2022-2023 оны хичээлийн жилийн зорилтын хэрэгжилтийг дэмжих хүрээнд бүх шатны боловсролын байгууллагын багш нар ажлын байрандаа хамтдаа тасралтгүй хөгжих, хүүхдийн хөгжлийг дэмжих, сурлагын хоцрогдлыг бууруулах багшлах арга зүйг боловсронгуй болгон хөгжүүлэх гол арга зам болох хичээлийн судалгааг үр дүнтэй зохион байгуулах, бий болсон сайн арга зүй, туршлагыг түгээн дэлгэрүүлэх, харилцан туршлага солилцох нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэж байна.
Илтгэлийн хураангуй болон дэлгэрэнгүйг 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 18 цаг хүртэл цахимаар, файл хавсарган илгээх байдлаар ирүүлнэ.
Цахим бүртгэлийн холбоос: shorturl.at/krPS9
Илтгэлийг хэлэлцэх: Илтгэлийг дараах хоёр үе шаттай хэлэлцэнэ.
• 1-р үе шат: Мэргэжлийн комисс (экспертийн баг) тодорхой шалгуурын дагуу ирүүлсэн илтгэлүүдийг уншиж, онол практикийн бага хуралд хэлэлцэх илтгэлийг сонгоно.
• 2-р үе шат: Онол практикийн бага хуралд сонгогдсон илтгэлийг хэлэлцүүлнэ.
Шалгаруулалт, урамшуулал:
Онол, практикийн бага хуралд нэгдүгээр шатанд илтгэл нь шалгаран хэлэлцэгдсэн бүх илтгэгчид батламж олгох бөгөөд илтгэлийн хураангуйд оруулан хэвлүүлнэ.
Илтгэлийн дэлгэрэнгүйг цахим хэлбэрээр хичээлийн судалгааны нийгэмлэг болон боловсролын ерөнхий газрын веб сайтаар түгээнэ.
Хичээлийн судалгаагаар дамжуулан хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах арга зүйн шинэлэг туршлага бий болгосон, багшийн арга зүй, суралцагчийн хөгжлийг дэмжихэд үр нөлөө бүхий гурван илтгэлийг шалгаруулан илтгэгчийг “Япон улсад хичээлийн судалгааны туршлага судлах сургалт”-д оролцох эрхээр урамшуулна.
Бага хурлын удирдамжийг дараах холбоосоор үзнэ үү. shorturl.at/epBT5
Төстэй мэдээ