Аймаг, нийслэл, дүүргийн судлагдахуун хариуцсан мэргэжилтнүүдийн хөгжлийг ажлын байранд нь дэмжих модуль сургалт амжилттай зохион байгуулагдлаа
Аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар, нийслэлийн Боловсролын газар, дүүргийн Боловсролын хэлтсийн удирдах ажилтан, мэргэжилтний хөгжлийг ажлын байранд нь дэмжих зорилгоор Боловсролын ерөнхий газар, Монгол дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн Сантай хамтран “Боловсролын менежмент, технологи, манлайлал” И-сургалтыг 2022-2023 оны хичээлийн жилд зохион байгууллаа. Сургалтад аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар, нийслэлийн Боловсролын газар, дүүргийн Боловсролын хэлтсийн 550 удирдах ажилтан мэргэжилтэн хамрагдаж мэргэжлээ дээшлүүллээ.
Суралцагчид чиглүүлэгч багшийн удирдлага, гарын авлагын
тусламжтайгаар бие даан суралцах, үйлдэн суралцах, хамтран суралцах аргуудаар суралцаж боловсролын байгууллагын орчин үеийн удирдах ажилтан, мэргэжилтний эзэмшсэн байх мэдлэг, ур чадвар, хандлагыг агуулсан 4 чиглэлийн 20 сэдвийг судалсан.
Энэхүү зорилтот сургалт нь модульд суурилсан 3 түвшинтэй бөгөөд суралцагч нэг түвшний сургалтыг амжилттай дуусгаж дараагийн түвшингийн сургалтад хамрагдахаар зохицуулснаараа онцлог болсон.
Боловсролын бүх шатны удирдах ажилтан, ялангуяа салбарын бодлогыг хэрэгжүүлэгч удирдах ажилтан, мэргэжилтэн тогтвортой, бүтээмжтэй ажиллах, хариуцсан сургууль, цэцэрлэгтээ менежментийн дэмжлэг зохицуулалтыг хэрэгжүүлэх, мэргэжил арга зүйг хөгжүүлэх хэрэгцээ шаардлага нэмэгдэж байгаа тул энэхүү ажлын байрны и-сургалтыг зохион байгуулсан нь үр дүнтэй ажил боллоо.
Төстэй мэдээ