Туршлагын нэр: “Магтаал урамшууллаар дэмжин сургах”
Ховд аймгийн Жаргалант сумын ЕБ-ын 3-р сургууль
Багшийн товч мэдээлэл: Газар зүйн багш Б.Нямцоож
Хүүхдийн бэрхшээл болон анги нийтэд үүсгэдэг асуудлууд:
Сурагч А нь 7-р ангид сурдаг, 15 настай, аутизмын хүрээний эмгэгтэй.
5-р ангиас дунд ангид /6-р анги/ орж ирэхдээ нэлээд хөдөлгөөнтэй тогтворгүй, сууж огт сураагүй, хэт хөдөлгөөнтэй, бусад хүүхдүүдээ хичээл хийхэд саад учруулдаг, шаардлага тавьсан багш, найз нөхдөдөө дургүйцлээ илэрхийлж, эвгүй харилцдаг, уурлаад гараад явчихдаг, сургуулийн коридороор чөлөөтэй хэсэг хугацаанд явж байгаад орж ирдэг байсан.
Хэд, хэдэн удаа ангийн багшийн хувьд ганцаарчлан уулзаж дуртай зүйлс, аав ээжийн халамж анхаарал, ахуй нөхцөл зэрэг гэр бүлийн судалгааг нэлээд удаан нухацтай хийсний үндсэн дээр аав, ээж нь хэлний бэрхшээлтэй учраас хүүхдүүдтэйгээ ярилцах амьд харилцаа байдаггүйг ойлгож мэдээд ангийн багшийн хувьд маш халуун дотно харилцаа үүсгэж, маш их магтаж сайшааж, жаахан зүйл байсан ч маш их урмаар тэтгэдэг болсон.
Дэмжих арга 1: Анги, хамт олонд нь танилцуулж, урамшуулах
Ангийн хурал хийж ангийн сурагчдадаа сурагч А-г дэмжин туслах тухай, мөн сурагч А нь багштайгаа гэрээ байгуулж, өөртөө маш том зорилго тавьсан тухай танилцуулаад, манай ангид хичээл ордог бусад багш нартаа сурагч А-г магтаж сайшаах, урамшуулах маягаар нэг сарын хугацаатай ажиллаж байгаа тухай танилцуулсан.
Ажиглагдсан үр дүн: Анги угаах үед нь ажиглаж магтсан, дураараа гарах үед аргадаад хичээлдээ ороод суугаарай, маш сайн байгаа шүү гээд олон олон удаа магтаж, огт загнахгүйгээр хэлээд л яваад байсан.
2 долоо хоногийн дараагаар дураараа гарч гүйх нь бага багаар цөөрсөөр байсан. АУБ миний хувьд сайн талуудыг нь магтаад толгойг нь илээд л манай А маш сайн байгаа, цаашид улам сайн болно гэж магтаал урамшууллаа хэлээд л зөөлөн аргаар дураараа босоод бусдад саад учруулах байдлыг аажим аажмаар зассаар, хэт хөдөлгөөнтөх нь бага зэрэг буурч суудаг болсон.
ГСТ хийхдээ сурагч А-ын онцлог нөхцөл байдлыг харгалзан хүсэл сонирхлын дагуу Англи хэл, зурагзүйн хичээлд илүү сонирхолтойг олж тогтоогоод дээрх 2 багштай нь хамтран боловсруулж, чөлөөт цагаараа дуртай зүйл болох зураг зуруулж хөгжүүлж байна.
Дэмжих арга 2: Дүрслэх урлагийн хичээлээр дамжуулан хөгжүүлэх
А-ын зурсан зураг боломжийн боловч ихэвчлэн өнгө ялгаж буддаггүй буюу гүйцээж зурдаггүй байсан. Дүрслэх урлагийн хичээл дээр сурагчид онол бичих нэг дэвтэр, дадлага буюу зураг зурах нэг дэвтэртэй оролцох ёстой.
А-д зургийн нэг дэвтэртэй онолын дэвтэр байдаггүй байсан. Багш өөрийн зүгээс зургийн дэвтэр, өнгийн будаг авч өгч, чи зураг сайн зурдаг болохоор багш нь өгч байгаа юм, илүү их олон зураг зураарай хоёулаа үзэсгэлэн гаргана гэж ярилцсан байгаа.
Ажиглагдсан үр дүн: Хичээл дээр болон гэртээ зураг зурдаг болсон. Багшийн үүрэг даалгаврыг би хийх ёстой гэсэн ойлголттой болсон. Харилцан ярилцдаг болсон.
Хүүхдэд гарсан тодорхой эерэг өөрчлөлт:
Шаардлагаа магтаал урамшуулалтай хослуулан хэрэглэснээр хичээл дээр тогтвортой сууж сурсан, ангийн найзуудтайгаа зөв зүйтэй харилцдаг болсон. Уурлах, уцаарлах, стресстэх, бухимдах байдал нь арилж байна. 2 жилийн хугацаанд сурагч А сайхан эерэг хандлагатай, инээмсэглэсэн, сэргэлэн цовоо, анги хамт олонтойгоо зөв төлөвшиж, маш гоё зурдаг, англи хэлэндээ их сайн сурагч болж байна.
Төстэй мэдээ