“Хүнээ дээдэлсэн- хүний төлөө” үйлчилгээ
“Багшлахуйн арга зүйг түгээн дэлгэрүүлэх тогтолцоог бэхжүүлэх” төсөл Монгол улсад маань 3 жилийн хугацаанд хэрэгжээд үр дүнгээ тооцон төслийн тогтвортой байдалд нэлээд анхааран ажиллаж байна.
Тийм ч учраас Үндэсний хэмжээнд дахин байгуулагдсан Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн арга зүйчдийг чадавхижуулахад анхааран хамтран ажиллаж төслийн үр дүнгээ “эзэнтэй” үлдээж төслийн үйл ажиллагааг тогтвортой үргэлжлүүлэх гэж сэтгэл зүтгэл гаргаж байгаад хамт олныхоо өмнөөс болон монголын хүүхэд бүрийг хөгжүүлэх үйлсэд зүтгэж байгаа багш нарын хамт олны өмнөөс талархал илэрхийлмээр байна.
Би энэхүү сэтгэгдлээ гурван зүйлд төвлөрч бичиж та бүхэнтэй саналаа хуваалцах үүднээс маш товчхон байдлаар илэрхийлэхийг оролдож байна. Хамтран ажиллагч тал буюу төслийн багийн бүхий л үйл ажиллагаа нь “хүнийг дээдэлсэн, хүний төлөө үйлчилгээ”-г жинхэнэ утгаар нь үзүүлж байгаа нь дараах үе шат бүрт анзаарагдаж цаанаа л надад “цагаахан атаархал” төрж бид удахгүй ийм болно доо гэсэн бодол төрж байснаа нуух юун... Үүнд:
Нэг: Сургалтын бэлтгэл үе:
Аливаа зүйл амжилттай байх нь түүний бэлтгэл, төлөвлөлтөөс шууд хамааралтай байдаг гэдэгтэй санал нийлэх байхаа...
Биднийг сургалтанд хамруулах үйл ажиллагааг төлөвлөсөн өдрөөс эхлэн тэрхүү үйл ажиллагаагаа руу маш ихээр анхааран ажиллаж байгаа нь надад маш их таалагдсан. Япон улсад очиж сургалтанд хамрагдах хүртэлх хугацаанд бидэнд зөвөлгөө өгч, сургалт семинар зохион байгуулж, холбогдох мэдээллээр болон материал хэрэглэгдэхүүнээр хангаж байгаа нь хүний төлөө үйлчилгээ үзүүлж байгаа нэгдэх илрэл ..., хэрэв асуух тодруулах зүйл байвал тухай бүр нь хариулт өгч, боломжгүй тохиолдолд дараагийн удаад судалж заавал хариу өгөх, эргэх холбоо тогтоож, мэдээлэл өгч байгаа зэргээс суралцах зүйл маш их байлаа. Эдгээр бэлтгэл сургалт-семинарын дараа бодуулсон, эрэгцүүлсэн, дүн шинжилгээ хийлгэх алхамуудыг тогтмол төлөвлөн хийлгэж байгаа нь цаанаа л “хүний төлөө” гэсэн үзэл санааны цаана “хариуцлага” гэдгийг мэдрүүлж байгаа нь үнэхээр чухлаас чухал байсан.
Хоёр Сургалтын явцын үе:
Сургалтын хугацаа сургалтын агуулгатайгаа маш их тохирсон байгаа нь сургалтын арван дөрвөн өдрийн үйл ажиллагаанаас харагдаж байлаа. Сургалтын агуулга, арга зүй бүр нь бидэнд үнэхээр хүүхэд нэг бүрийг хөгжих боломж олгох арга зүйд- багшийг сургах, хөгжүүлж дэмжихэд “ус, агаар” адил хэрэг болох зүйлийг сонсгож-сонсож, ярьж- яриулж, үзүүлж-үзэж , хийлгэж-дүгнүүлж байсан нь мөн л хүний төлөө, хүний хөгжлийн төлөө үйлчилгээ үзүүлж байгаагийн хоёрдах илрэл...
Гурав: Сургалтын төгсгөл үе
Сургалтын өдрийн төгсгөлд болон долоо хоног бүр дүгнэлт хийлгэн хүн бүрийн сонссон, мэдсэн, сурсан зүйлийг харилцан яриулж, нэгтгүүлж байгаа нь цагийн юмыг цагт нь хийж сурч байгаагийн зэрэгцээ хүн бүрт “хариуцлага “ гэдгийг дахин мэдрүүлж та ийнхүү сурснаар “өөрийнхөө төлөө хөгжиж” байгааг ойлгуулж энэ нь Японы багш нарын ”соёл” болтлоо хөгжиж, хүүхэд бүрийг чадварт сургаж чадаж байгаа нь үнэхээр бас нэг суралцах зүйл байлаа.
Мөн арван дөрвөн хоногийн дараах сургалтын үнэлгээний уулзалтаас бас л их зүйлийг анзаарч суулаа. Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн сул ба ололттой талыг эелдэгээр асууж маш нарийн зүйлийг тодруулж байгаа нь бидний хичээлдээ хэрэглэх гэж төлөвлөдөг “асуулт”-ын ач холбогдолыг бага ч гэсэн харж болохуйц байлаа ...
Нэг хоногийн өмнө сургалтын төгсгөлийн асуулга үнэлгээтэй танилцаад тодруулах шаардлагатай болон зарим нэг оролцогчийн хэлэх гэж тэмдэглэсэн санааг бусадтай хуваалцах боломж олгож байгаа нь, бас л хүний төлөө, хүнийг дээдэлсэн байдлын илрэл...
Энэ бүгдээс харахад япон хүн бүрийг ийм чадвартай болгон хөгжүүлж, хүмүүжүүлж чадаж байгаа боловсролын бодлого, сургалтын агуулга, арга зүй- технологи, үнэлгээний систем түүнчлэн бүх шатандаа нэг зорилготой, уялдаа холбоотой үйл ажиллагаагаа хамтран хэрэгжүүлж, хамтдаа амжилтанд хүрч байгаа сайн туршлагаас бид санаа аван, хэрэгжүүлж өөрийн гэсэн үндэсний онцлогтой зүйлийг гаргаж, бие биеэ дэмжсэн, өөртөө итгэлтэй, асуудлыг олон талаас нь харж шийдэж чаддаг, шударга, хүлээцтэй “маргаашийн мандах нар болж ирээдүйд аз жаргалтай амьдарч ажиллах хүүхдүүдийнхээ төлөө хамтдаа хөгжицгөөе.
О.Оюунтунгалаг БМДИ